-Цаадахын чинь авгай нь байхгүй байгаасай. Ёстой "хатуу самар" шиг хүүхэн дээ. Аа цаадах чинь өөрөө бол гайгүй ээ. "Зөөлөн боорцог" байгаа юм. Ингэхэд энэ хоёрын дундаас ямар хүүхэд гарах бол?
-Юу ямар гэж? Самартай боорцог л гарахгүй юу... энэ тэр гээд хэхэ.
За шинэ бичлэг нэмэлгүй хичнээн ч удав? Нэг юм сараачдаг юм билүү дээ. Юм гэснээс, энэ "юм" гэдэг чинь их янзын үг юм. Ухаандаа шат гэдэг үг шатыг, зам гэдэг үг замыг, халзан харин халзанг, оймс гэдэг үг бол оймсыг л хөдөлбөргүй зааж байхад энэ "юм" тийм биш юм аа. Дангаараа мангар бүрхэг, юуг заан нэрлэж буй нь тодорхойгүй, ондоо үгтэй хоршиж, өгүүлбэр дунд орж байж сая нэг юм утга нь илэрхий болдог туучий юм. Ганцаараа байхдаа амь нь хаа байгаа юм гэмээр үлбэгэр хэрнээ олуулаа нийлж дарвихаараа хавийн амьтныг хоргоож, хэрүүл өдөөд байдаг ойворгон жаал шиг л юм уу даа ер нь.Тэгээд би юу гэж бодож байна вэ гэхээр, Монгол хэл сурч буй гадаад нөхөд энэ үгэн дээр их мунгинадаг байх аа гэж. Учир нь "юм" маань өөрөө юм юманд хэрэглэгдэх юм байна шүү дээ. Тухайлбал:
1. Яадаг юм. Юмтай хүн юмаараа гайхуулж байна!
2. Лам нар юмыг яаж мэдхэв гээд юмтай төржээ.
3. Ганц юм гуялах уу хөгшөөн?
4. Энэ хамар хашааны Балдан жаахан юмтай байх аа, яавч эрүүл ухаантай хүн биш дэг.
5. Юмханаар юм хийчихдэг бай л даа... гэх мэт.
Ингээд ганцхан үг элдэв бусын утга илэрхийлээд явчихаар эх хэлийг минь шамдан суралцагч харь элгийн шонтгор, онигор, майга, сайрга эсэн бусын залуус эндүүрч будилаад "Лам нар юмыг яаж мэдхэв гээд юутай төрсөн хэрэг вэ? Бэл бэнчинтэй юу?" ч гэх юм уу, юмтай хүн юмаараа гайхуулахыг сонсоод "тэр юм гээч нь эр хүн бүрт заяасан атал, хүнээс илүү юмтай юм шиг юундаа сайрхдаг байна аа" энэ тэр гэж гайхшаа бардаг байх гэж таамаглаад байгаа юм, би.
Гэхдээ зарим улсын хэлэнд сайхь "юм" гэдэг үг их үүрэг оролцоотой байдгийг харахаар Монгол хэлнийхээ баян ярууг эрхгүй мэдэрдэг юм. Жишээ нь, унаа хөсгийг унах юм, байшин барилгыг босоо юм, хувцас хунарыг өмсдөг юм, идэх юмаа хүртэл идэх юм гэхчлэнгээр нэрлэдэг улс байна, цаана чинь.
Аяа, сонсголонт эх хэл минь үгүйсэн бол хөвгүүн би хүсэл сэтгэлээ хэрхэн илтгэж хүчрэх билээ.
9 сэтгэгдэлтэй:
Унших гэсэн үнэхээр нүд өвдлөө. Хар фон дээр цагаанаар бичихэд нүд их ядраадын байна. Уншмаар л байлаа.
Улаан Малгайтад: Өвтгөсөнд уучил.
Ямар ядаргаатай балай юм бичээ бээ. Юм Юм л гэхийн мах чини
идэх юмаа хүртэл идэх юм гэдэг гэнээ хахахаха,
Жоомоод: Чи бас ядарчихсан уу? Сульдаатай хог ш дээ.
Юкид: Хаха, үнэн гэм ээ.
энэ нэг юм юу биччихсийн хахаха
Бүсгүйд: "Юм" биччихээд сууж байхад даа :)
ter neg yum yum bichjee gej ene bichlegees harahad yum yum l bodogduuljiina.geheer bi bas yumtai yu tee gsn
Анчи-д: Хахаха. Биеийн бүтэц, эд эрхтэнийхээ талаар надаас асуудаг нь ч юучив дээ :)
Сэтгэгдлээ бичих