Хэрэг явдал хэдхэн хоногийн өмнө болсон юм. Тэр өглөө би урьдын л адил дүүтэйгээ цайлж суулаа. Дүү маань жинхэнэ дайсны цэрэг. Аа би юу? Мэдээж манай талын баатар, өөр хэн байхав дээ. Хэрэг гардаг өдөр манай талын баатар (тэр нь би) хал балгүйхэн шиг жимсний чанамалтай талх идэж байв. Дүү маань харин хэзээнийхээрээ үйл хөдлөл бүхнийг минь давтаж, янзыг минь үзэж байлаа. Намайг талхаа хазмагц тэр мөн талхаа хазна, намайг цайгаа уух бол мөн л тэр мэт үйлдэнэ. Дүү анх удаагаа ингэж байгаа бус, байнга ийм үйлдэл хийдэг "давтан хэрэгтэн" билээ. Түүний энэ үйлдлийн талаар зохих (цохих ч гэж болох юм) хүмүүст нь хэлдэг ч, удаа дараа өршөөлийн хуульд хамруулж, гэмт этгээдийн толгойг нь илсээр өдийг хүрсэн юм (Толгойг нь илээд ч зогсохгүй хацар дээр нь үнсэх, өхөөрдөх гэхчлэн санаанд багтамгүй арга хэмжээ авдаг гээч)
Тиймийн тул би гэмт этгээдтэй өөрийн гараар тэмцэхээр сэтгэл шулуудсан юм. Шулуудсан нь оножээ, урагш цэх шулуун алхалсаар хөргөгчинд тулж ирлээ. Хэрэв сэтгэл шулуудаагүй муруйдсан бол хадуураад угаалгын өрөө рүү орчих байсныг тэрхэн зуур ухамсарлав.
Тийн би өмнөө байх хөргөгчийг онгойлготол "өшөө авах төлөвлөгөө" минь шууд толгойд орж ирдэг юм. Хөргөгчнөөс гич гаргаж ирээд талхан дээр зузаан гэгч нь түрхэж, түүнийгээ томхон хазаад амтархан идэж буй дүр эсгэв. Ам минь шатахаас наахнуур юм болсон ч би тэвчээр зааж, дайсан этгээдийг урхинд орохыг хүлээн ажрахгүй царайлна. Дайсан-дүү маань ч сайхь үйлдлийг минь сармагчин адил дуурайж, зузаан гичтэй талхыг ховдоглон үмхлээ. Гоол! Онооны харьцаа 1:0! Пазл илт давуугаар тэргүүлж байна! Өө өршөөгөөрэй, тэрхүү гайхамшигт агшныг санах бүрийд өөрийн эрхгүй баясал бахдал төрдөг тул биеэ барьж дийлсэнгүй.
Гичтэй талхыг гэнэгүйхэн үмхсэн дүүгийн царай ч хувьсхийж, тэгээд ярвайж, улмаар дуу мэдэн бархирлаа. Дүүгийн дуунаар гэрийнхэн ч бүчээд ирэв. Тэд хэрэг явдлыг шууд ойлгожээ. Гэвч хэрэг явдлыг ойлгосон хэрнээ хэнээс үүдсэнийг нь ойлгоогүй бололтой, намайг л шүүмжлээд унадаг юм. Ийнхүү шүү(мжлэ)х ажиллагаа эхэллээ. Шүүх ажиллагаа анхнаасаа миний эсрэг чиглэсэн нь илэрхий тул би өөрөө өөрийгөө өмгөөлөхөөр шийдэв.
-Гэхдээ наад муу чинь өөрөө л эхэлж өдөөн хатгаад байсан ш дээ.
-Больж үз Пазл минь! Дөрөвхөн настай дүүтэйгээ шөргөөцөлдөж суухаасаа ичээч чи!
Үнэн л дээ. Дайсан этгээд дөрвөн настай юм байгаам. Маргашгүй үнэн, баримт нотолгоо ч шаардлагагүй. Учир нь дүүгийн насыг би өөрөө ч мэдэх юм чинь. Нотлох баримт нэхлээ ч, дүүгийн өндрийн хэмжээ, хэл ярианы хөгжил, арьсны нь булбарай зөөлөн чанар, хөтөвчинд бие засдаг шинж гээд олон зүйлээр дөрвөн настай нь нотлогдоно. Надад өмгөөлөгчдөө найдахаас өөр зам үлдсэнгүй (тэр нь би). Гайтай дөрвөн насыг бут цохих сэжүүр ол, өмгөөлөгч минь. Гайтай дөрвөн насыг...
Тэгтэл муу мулгуу өмгөлөөгч,
-Гэхдээ л хайр дурлалд нас хамаагүй гэдэг биз дээ?... гэж тэнэгтдэг юм даа.
11 сэтгэгдэлтэй:
tanai duute chen negddiin bilu? chi zagnuulj, shuumjluuljil bwal minii setegl hanana hehe
chi duugiinxee yu xiidgiig ni duuraigaad xutuvchind baagaach
Домгийн (ах захаа алдсан) шувууд: Нарийн яривал чи ч гэсэн манай дүү шүү дээ, дүү охин минь. Аа харин өргөн яривал, чи мөн л манай дүү шүү дээ, дүү охин минь :)
Шоовойд: Ишш Шоовой минь дээ... Гандангийн жорлон, шавартай даага, хөтөвчинд баах мэтийн юм л ярьж явах юм даа чи. Ариун цэвэрч байвал аштай юмсан даа уг нь.
baaxgui baival bur zavaan bishuu
Яасан ч ялагдана дөө. Тэгснээс том болохыг нь хүлээсэн нь дээр. Хүлээж байх хугацаандаа мартчихгүй л бол. хэхэ мартана даа яг.
Шоовойд: Хахаха, заваан заваан. Гэснээс чи "Анти параллель зам, Альтернатив нулимс" дээрээ бичихгүй юм уу?
Чинсээд: Харин ялагдаад, ял шийтгэл авсан ш дээ бүр. Дахиж хохирогч этгээдэд санаатай болон санамсаргүйгээр гэм хор учруулахгүй байх... Бие махбодын болоод сэтгэл санааны хохирлыг нь барагдуулах үүднээс чихэр, бохь зэрэг шаардагдах зүйлсийг авч өгөх, машин уралдуулах, шагай няслах, эвлүүлдэг тоглоомоор байшин барих, морьтой ковбой (морь нь би) болж тоглох зэрэг үйлд нь дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллах гэх мэт аягүй хүнд шийтгэл ээ.
2 sariin dotor banjig neegdexgui bol bichnee
Хэхэ. Яахнуудээ хөөрхийг. Ахым бээж тэгээл дүүгээ даапаалаал
Шоовойд: Аан. Банжиг "илаарших" эсэхээс шалтгаалах асуудал байх нь.
Улаан малгайтад: Харин тийм ээ, дэмий юм болсон байна билээ. Ах нь сургадаг, дүү нь сонсдог гэлцээд байхаар нь л "сургаад өгье, болгож тавья" гээд шоглоод байсан юм байхгүй юу.
чи ч яггүй эр шүү хахаха
Дэндэвт: Яг биз?
Сэтгэгдлээ бичих