Monday, December 20, 2010

Ниргэхээс нь өмнө хашгирна.

"Эр хүнийг сорви чимдэг" гэлцээд байхаар нь хамаг нүүрээ урчаад хаячихаж билээ. Өөрийгөө гоёж чимж аваад охидыг татах гэсэндээ л тэр шүү дээ. Гэтэл охидод таалагдах нь бүү хэл, ойртож очихоор л "Туслаарай! Цагдаа! Энд нэг ялтан царайтай баагий дээрэмдэх гээд байна!" гэхчлэн орилолдоод байдаг юм даа. Энэ эмэгтэйчүүд бас тэгж байгаад юмны учир ойлгохгүй янзын хүмүүс шүү. Тэгсэн чинь нэг найз маань зөвлөж байна, "эмэгтэйчүүд чинь дасч дурладаг юм. Тэдэнд сэтгэл зүрхээ нээ, дотроо уудал" энэтэр гээд. Би ч "өө тэр юухан байхав" гээд л хутга мэс шүүртэл бөөн үймээн сандрал болоод, найз маань намайг зогсоож байхав. Гэдсээ хагачих дөхсөн ш дээ. Үг гэдэг чинь салаа утгатай байдаг гэдгийг хэлэхгүй яасан юм, та нар?!

...гэж бариад пан гөрж суулгүй хичнээн ч удав даа, энэ чинь? "Сар гаруй бичлэг бичээгүйдээ уншигч фэнүүдээсээ уучлал хүсье" энэтэр гэж том баагаад, "удаан бичээгүй болохоор гарын хуруу кийборд хоёр эвлэхгүй нь ээ" энэтэр гэж аальгүйтээд янз бүр болоод байхгүй юу. 
 
Ер нь юу юм байна, найзууд аа. Нас ахиад ирэхээр ярьж бичих гэхээсээ бодож тунгаах нь олшроод... бодлоо илэрхийлэхдээ аль болох товч өгүүлэх, болж өгвөл бүр үг гарздалгүйгээр үйлдэл юугаараа илтгэх гэдэг болчих юм. Хэлэх гэсэн санаагаа компьютерийнхээ ардаас дохио зангаагаар илэрхийлээд байсныг минь та нар нэг сайн ойлгоогүй юм аа даа? ...гэж мэгээд.

Сониноос, сонин дээр "Шинэ Монгол" гэдэг сургуулийн хүүхдүүд ирээдүйд Нобелийн шагнал авах Монгол хүнд зориулж хөшөө босгосон талаар бичсэн байна. Аваагүй байгаа шагналын төлөө ингэж хөөрцөглөж байхаар хичээлээ сайн хийхгүй дээ, Шинэ Монгол хүүхдүүд.

За ер нь ч тэгээд "хүүхэд бол томчуудын тусгал" гэдэг дээ. Манай "том" томчууд хүмүүсийг хийснийх нь төлөө бус, "хойшид хийх бүтээл"-ийнх нь төлөө шагнадаг хойно. Шагнуулсан улсууд нь тэгж байхчивлээ.
Батгүй эх сурвалжийн мэдээгээр, байгуулаагүй байгаа гавъяаных нь төлөө урьдчилан шагнадаг энэ арга туршлагыг ондоо салбарууд ч өөр өөрийн онцлогт тохируулан нэвтрүүлэхээр зэхэж байгаа гэнэ. Тухайлбал, манай улсын цагдан сэргийлэх албаныхан "гэмт хэрэгтнүүд"-ийг хийгээгүй байгаа гэмт хэргийнх нь төлөө баривчлахаар болж байгаа аж. Цагдаа нарын тооцоолж буйгаар бол гэмт этгээдүүдийг бусармаг үйлдлээ хийсний нь дараа биш, ид үйлдэл дээр нь ч биш, бүр өмнө нь, гэмт хэрэг хийх бодол толгойд нь орж ирээ ч үгүй байхад баривчлаад байвал гэмт хэргийн гаралт багасаад зогсохгүй бүр байхгүй болох учиртай гэнэ. Ганц асуудал нь, манай цагдаа нар ирээдүйд гэм хийх улсыг хэрхэн ялгаж танихаа мэдэхгүй байгаа юм байна.
Дээрх ажилтай холбогдуулан залуухан мөрдөстнүүд "ихэнх Монгол эрчүүд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг. Хэзээ нэгэн цагт мал болтлоо ууж л таарна. Тиймээс гудамжинд тааралдсан эрэгтэй болгоныг архидан согтуурахаас нь урьтаж албадан эрүүлжүүлээд байя" гэсэн санаачлага хүртэл гаргаад байгаа аж.

...гэж мэгээд, хэхэ.

9 сэтгэгдэлтэй:

Гилийн хатан said...

гарын хуруу кийборд хоёр эвлэхгүй нь ээ энэтэр гэж аальгүйтээд янз бүр болоод байхгүй юу.

neeree yaasan aaligui um be, hehe

PUZL said...

Гилийн хатанд: Хаха, тэхх. Аальгүй хүмүүсээс сурсан юм.

showtimer said...

Zugaatai er shuu
Doxij zangaad baidag

MayRowan said...

Нас ахиад ирэхээр ярьж бичих гэхээсээ бодож тунгаах нь олшроод... бодлоо илэрхийлэхдээ аль болох товч өгүүлэх, болж өгвөл бүр үг гарздалгүйгээр үйлдэл юугаараа илтгэх гэдэг болчих юм.

Энэ бол туйлаас үнэн бөлгөө хи хи хи :)

PUZL said...

Шоовойд: За наад үгээ хэлгүй хүмүүсийн хажууд хэлэв чи! Муухай шүү! Болохгүй шүү!

МэйРованд: Харин тийм, тээ? Даанч хүмүүс тэр бүр ойлгохгүй байна, миний дохионы хэлийг. Жишээ нь би саяхан гэнэт пиавдмаар санагдаад нэг найз руугаа утас цохидог юм. Утсаа авмагц нь уухыг уриалж гүрүүшиктэй пиавыг сэнжнээс нь бариад ууж буй дүр эсгэлээ. Эрүүл сэтгэхүйтэй хэнбэгуай ч тийм дүр зургийг хараад хамт пиавдъя гэж байгааг ойлгоноо доо? Даанч манай тэр найз мангуу нь дэндсэн амьтан болохоороо харилцуурын цаанаас "Байнуу? Бааййнууу? Хүүе Пазлаа яриачээ чи" гэсээр байгаад хамаг нэгж дуусгаад би уулцах ханьчгүй, утасдах нэгжчгүй болоод дууссан даа.

busgui said...

hey Baazal Merry Christmas!Saihan nasiig naslaad, olon saihan bichleg olon ug garzdan bichij, bid nartaigaa aaliguitaarai gej husie ee!!!

MayRowan said...

Хэхэ Тэгвэл PUZL надтай хачин сайн ойлголцох хүн байна штэ. Мань чинь өдөр тутам, алхам тутамдаа жинхэнэ ориг дохионы хэлээр ойлголцдог хүн дээ :)

Gavji said...

Өндөр түвшинд бичиж. Баярлалаа

PUZL said...

Бүсгүйд: Хахаха. Аальгүйтэхээс бусдыг нь хийх гэж хичээе ээ, эгч минь.

МэйРованд: Чи хө, замын цагдаа биш биз?

Гавжид: Үгүй ээ, чамд баярлалаа.

Сэтгэгдлээ бичих