Saturday, August 27, 2011

Өмд гутал туугаачдын нутгаар аялсан минь

Элсэн тасархай - Улаан цутгалан - Төвхөний хийд гэсэн маршрутаар 3 хоног аялчихаад ирлээ. Өвөрхангайнханыг өмд гутлын хулгайчид гэдэг болохоор зориуд амархан алдчихааргүй адармаатай үдээстэй гутал, хүн битгий хэл өөрөө ч тайлахад бэрх өмд өмсөж явсан гэж байгаа. Тавуулхнаа явсан юм байж тавин хүн ууж барахааргүй их уух юм авч явдаг юм. Харин хоол ундны тухайд, цагаан хоолтон нөхөдтэй явсан болохоор шашны мөргөлдөөн гэдэг шиг хоолны мөргөлдөөн гаргахгүйн тулд хоолоо тус тусдаа хийж идэж байлаа.

Эхний өдөр Элсэн тасархай оров оо. Элсэн тасархай ч "тасархай" л даа (аль ч утгаараа). Гадаадын голдуу жуулчид, бас морь тэмээ унуулж хэдэн бор юм олдог хэсэг хүүхдүүд байна. "Морь унах уу? Тэмээ унах уу? Наашаа суучих, ийшээ мордчих" гэж тал талаас уралдан шаагилдаад, хотын микроавтобусныхантай тийм адилхан орилолдож байгаа нь надад иргэншлийн бараан тал мэт санагдаж манагдаад, янзын л юм болж байв.
Морь унах боломж гараад байхад ашиглахгүй өнгөрөөх нь адууны дэлэн дээр дарцаглаж өссөн эр хүний хувьд байж болшгүй хэрэг тул би ч мордоод давхилаа. Нэлээн хатуу амтай морь таараад, урдхан талд баацганаж явсан хоёр гадаад авгай руу чиглээд намайгий чинь аваад давхичихдаг юм. Агсам моринд хөөгдөн ум хумгүй зугтах тэдний үнхэлцэг нь хагарах шахаж байгаа даа гэж бодохоос би инээдээ барьж ядан явлаа. Өөрийгөө яая гэж байж өрөөлийг тийн бодсон нь өрөвч сэтгэлийн минь л илрэл шүү дээ.
Морины эзэн дээр очоод би "Аль вэ, чиний нөгөө номхон морь энээ тэрээ гээд реклаамдаад байсан чинь?!" хэмээн асуутал сайхь мориор үйлчлэгч өөдөөс хээв нэг "харин жаахан хатуу амтай морь л доо" гэж авдаг юм. Тэгэнгүүт нь миний уур хүрээд "Менежерээ дууд" хэмээн чангаар... - Энэ хэсгийг битгий уншаарай.

Элсэн тасархайгаас цааш бид шууд Өвөрхангай аймгийн нэрийн хуудас Улаан цутгаланд очих ёстой байсан боловч тэс хөндлөн Архангайн нутаг дэвсгэр рүү ороод явчихдаг юм. Халгиж цалгисан их шатахуунаа дундлахын тулд албаар тэгсэн хэрэг шүү дээ. Дүүрэн шатахуунтай машин чинь цатгалдаад явж чаддаггүй юм. Тэрнээс биш замаа алдаж, төөрч будилсандаа тэр биш ээ, тэгж бодуузай та нар, ёстой тийм юм байхгүй шүү.
Зорьсон газраа сая нэг очоод зэргэлдээхэн нь байх амралтын газарт буудалладаг юм. Сайхан байсаан, орой нь амралтын газрын эзэгтэй орж ирээд "Гадаадынхан амарч байна. Тэдэнд саад бололгүй унтвал унт, үгүй бол гар зайл" гэж хөөснийг эс тооцвол. Бид дуу шуу болж, дуулж хуурдацгаасан бол яая гэхсэн, гэтэл ердөө гэр дотроо лааны гэрэл тойроод хууч хөөрч суусан юм шүү дээ. Ер нь ч манайхан нутаг нэгтнүүддээ биш, харийнханд л халуун дотно, элгэмсүү ханддаг болоод удаж байна даа.
Дараа өдөр нь өнөөх алдарт Улаан цутгаландаа очдог юм. Нэрнээс нь болоод би ч нэг их улаанаар цутгалдсан, малын бой мойрхуу л газар үзэх юм санаад явсан хэрэг. Гэтэл очоод хартал өнөөх чинь хүрхрээ байсан байдаг байгаа! Ямар юмных нь улаан байхав дээ. Харин цутгахын хувьд цутгаж байсаан. Тэр өндрөөс шуугин буух ус.. сүртэй гэж жигтэйхэн. Хүрхрээн доогуур завиар явуулдаг үйлчилгээтэй. Доогуур нь завьтай туучаад гарч ирсэн нэг нөхөр "амьд гэдгээ сая л мэдэрлээ" ч гэж байх шиг. 30-аад жилийн турш үхсэн амьдаа өөрөө ч мэдэлгүй үлгэн салган явснаа, их усны дор гэнэтхэн л сэрж мэдэрч байдаг... Тэр халамцуу эр лав... Будда байсан байх.

Гуравдахь өдөртөө бид Төвхөний хийд орсон. Асга хадан дундах тэр хийдэд өндөр гэгээн ямбалан сууж... биш ээ, нямбалан сууж бясалгал юугаа үйлддэг байсан гэдэг. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд хийдээсээ илүү хойхно нь байх "эхийн умай" гэдэг хад илүү үзүүштэй байсан. Тэнд байсан улсууд ч сүм хийд, бурхан шашин гэхээсээ илүү умайг сонирхож байгаа нь илт. Умай хад гэдэг нь угтаа байц хадан дундах бөгс эргэх зайгүй нүх л дээ. Анх "умайлах ёс"-ыг бодож олсон нөхөр тийшээ заавал толгойгоороо ороод, буцаад толгойгоороо гарч ирэх дүрэм зохиогоотхож. Давчуухан хонгил тул зарим хүн дотор нь эргэж чадахгүй нэлээн юм болж байв. Нэг эмгэн умай дотор гацсанд эмч байрын нэг залуу хийсвэр хийж гаргах санал дэвшүүлж байх юм.
Умайнаас холгүй "хүслийн мод" бий. За даа, нэрнээсээ л ойлгомжтой байгаа биз? Хүмүүс мөчрөөс нь бариад хүслээ шивнэхээр биелүүлж өгдөг буянтай мод юм гэсэн. Зугаалж зугаацах л  гэж явсан миний бие элдэв сүсэг бишрэлгүй нэгэн тул хүслээ шивнээчгүй. Хүмүүс бол өчнөөн олон минутын турш хүслээ айлтгаад л байх юм билээ. Тэгж тэгчихээд доош бууж явахдаа татах тамхигүйгээ гэнэт санаж, шаналж энэтэр. Хүсэл биелүүлдэг модноос бөөн бөөн аз жаргал, цул цул ашиг орлого гуйгаад, тамхи тариа мэтийн ойр зуурын юмыг хүсэлгүй өнгөрөөчихсөн хэрэг шүү дээ.   

19 сэтгэгдэлтэй:

Гилийн хатан said...

ta ene zun eh ornooroo toiron ayalal hiigeed ih saikhan bnaa? ataarchihlaa

daraa yag ene marshruutaar chin yavnaa

Mori unaj chadahgui manid tiim mori ugvul bi ergeed hereldej chadahgui chadrah ni bna shd, turshlagaasaa huvaaltssand bayarlalaa

А said...

ГХ: яг ямар туршлаганаас хуваалцчав? эргэж хэрэлддэг үү? :P



гоёымааа би явж үзэхиймс

Гилийн хатан said...

Yuki-tiimoo

Puzl-umduu tailah hereg garval hurdan tailj chadahgui ih hetsuu baisan uu? Gedes chin uvdsun uyed gej bgaam shuu, hehe

Гилийн хатан said...

Yuki- 2-laa neg niileed yaviya, bi bas yavj uzhiimsan

PUZL said...

Гилийн хатанд: "daraa yag ene marshruutaar chin yavnaa" - За тэгээд хайран маршрутыг минь авахын эцэсгүй балиартуулаад хаячихваа! Гамтайхан эдлээрэй.

Юкид: "гоёымааа би явж үзэхиймс" - Яагаад болохгүй гэж? Ердөө нисдэг хивс байхад л хангалттай шүү дээ. Аладдины үлгэр дээр гардаг шиг нисдэг хивс. Гэхдээ яг оригналь нь байвал зүгээр. ("made in japan" гэсэн бичиг мичигтэй)

Гилийн хатанд: За больж үзээ, хүний мууд дуртай дуртай гэхэд арай ч ийм байж болохгүй ээ бас.

Дахиад гилийн хатанд: Охид бүсгүйчүүдийг ганц хоёроор нь хөдөө рүү хямд, найдвартай зуучилж өгнө.
(гэсэн чинь хүний наймаанд явуулах гэж байгааг минь яг сэжиглээд мэдчих вий дээ)

А said...

нисдэг хивс авна

PUZL said...

Юкид: Ишш Юки минь дээ, ухаан санаа чинь зүгээр үү? Хивс нисдэг гэж хэнээсээ дуулаа вэ? :)

MayRowan said...

Манай нутгийг бузарлаж байгаад иржээ энэ хүү :(

PUZL said...

МэйРован-д: Танай нутаг чинь надтай надгүй бузар булай газар байхчивлээ. Умай хад, боов хад гээд баахан "садар" хад чулуутай :)

MRowan said...

Нүх сүвгүй төрсөн хүн юм байж л дээ энэ Puzl :P

PUZL said...

МРованд: Яг өөрийн чинь яриад байгаа "нүх сүв" надад байхгүй ээ. Би чинь эрэгтэй хүн шүү дээ. Харин хад асгыг хүртэл үржлийн эрхтэнтэй болгож хараад байдаг танай нутгийнханд л хэргийн гол учир байгаамшдээ :)

MRowan said...

Яадын цус авангард соёл өндөртэй л улс байгааз :P

PUZL said...

МРованд: Хахаха. Тэгвэл "Өвөрхангайнхан өмд гутлын хулгайч" гэдэг үгний талаар? Өөрөө бол дэл сул гадуур дотуур өмдийг хамж л орхино биз?

MRowan said...

Яахав дээ. Манай нутгийнхан чинь сайн эр, сайхан бөхчүүдийн өмд, гутлыг бол туучихна шүү. Яагаад гэвэл тэдэн шиг сайн, сайхан хүү төрүүлэхийг бэлэгдэж байгаа юм. Бэлэгдлийн соёл өндөртэй хүмүүс ;)

PUZL said...

МРованд: Манай Сансарт ч гэсэн мэдрэл нь хэвийнгүй гарууд мэр сэр байдаг л юм :)

MRowan said...

Сансар сангийн аж ахуй юу? Эсвэл гариг хоорондоос бууж ирсэн хүн үү? ккк

PUZL said...

Өө тэрийг яг нарийвчилж хэлэхгүй ээ. Аягүй бол байршлыг минь мэдэж авчихаад, бүх өмд гутлыг маань дэлсчихвэл яана. Хахир өвөл ирж байхад хамаг хувцсаа алдчихвал өнгөрнө шүү дээ :)

MRowan said...

Хн дэлсий гэвэл амандаа үмхээд хэвтсэн ч дэлсий штэ хө

PUZL said...

МРованд: Суйлахдаа сурамгай МРоваан гэжж.

Сэтгэгдлээ бичих