Monday, August 2, 2010

Цаг төрийн үймээн.

Энэ гадаад үгнүүдийг ер ялгахгүй юм аа.
"Вигора" гэдэг хоол амтлагч аваад ир гэхээр нь дэлгүүр явсан. Гэтэл яав? Худалдагчаас нь "Виагра авъя аа" гээд нэхээд байсан байгаам даа. Хэл сурахгүй бол хол явахгүй нь дээ, Пазл минь чи.

Ер нь энэ хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх гэж их хөглөж байна аа, ойрын үед. Гэрийнхэн зуслан гараад, хотын байшингаа би ганцаараа харж байгаа юм. Тиймээс гэр орны хамаг ажлыг ганцаараа нугалах шаардлага гарав. Хүнсний бүтээгдэхүүн цуглуулах ажлыг хүртэл шүү! Сүүлийн хэдэн жил хүнсний дэлгүүрийн архи пивоны тасгаар л үйлчлүүлж ирсэн над шиг хүнд хоол хошны юм цуглуулах гэдэг үнэхээр бэрх ажил байлаа. Ямар сайндаа л доорхийн адил яриа үе үе гарч байх вэ дээ.

Худалдагч:
-610 төгрөг.
-Айн? Ганц талх авахад 610 төгрөг болоод байхдаа яадаг юм?! Саяхан л намайг авахад 230 төгрөг байсан даг.
-Юу гэж 230 байх юм бэ. Ер нь та саяхан гэж хэзээний юм яриад байна?
-Саяхаан нэг... (дуугаа намсган)... арван гурав дөрвөн жилийн өмнө л...

Иймийн учир би эртний сайхан цаг үеийг эрхгүй санагалздаг болоод байна.  (Ай хөөрхий, дээхэн үед ямар сайхан байгаа вэ... гэхчлэн)
Гэснээс байна аа, эрт эдүгээгийн явдлыг эргэцүүлэн тунгааж эрүүний сахлаа имрэн суухуй түүхэн цаг үеийн талаарх 2 дүгнэлт толгойд орж ирдэг байна шүү. Би ер нь их төвөгтэй, бодлогоширч суухаараа л заавал нэг шинэ зүйл олж нээгээд байдаг юм. Заримдаа өөрөөсөө эмээдэг л юм, элдэв юм бодож байж хэрэгтэй хэрэггүй цөмийн зэвсэг, атомын бөмбөг бодож олоод хүн төрөлхтөнийг айлгаж сандаргах вий гэж.
За тэр яамай. Гол юмандаа, түүхэн цаг үеийн талаарх 2 дүгнэлтэндээ оръё.

Түүхэн цаг үеийн талаарх 2 дүгнэлт.
1. Түүх давтагддаг. 
Ардын хувьсгалын өмнө, Монгол улс халх дөрөв, шавь таван аймаг (4+1) гэсэн засаг захиргааны зохион байгуулалттай байсан цаг. Шавь гэдэг нь тусгайлсан нутаг дэвсгэргүй боловч аймгийн хэмжээнд яригддаг, лам хуврага, мөн богд хутагтын шавь, хамжлага ардын нэршил байж. Богдын шавь нар цэргийн албанд татагддаггүй гэх зэрэг онцгой эрх эдэлдэг байснаас бусад аймаг хошууны энгийн ард иргэд "Хошуунд хар болж төрсөнөөс шавьд нохой болж төрсөн нь дээр" гэж ярилцдаг байжээ. 
Гэтэл тэр цаг хэдүйн улирсан атал энд эгэл ард Пазл "мал болж төрсөн бол дээр байж уу" гэсэн шүү юм бодож сууна. Түүх давтагдлаа! Мань хүн тэгж бодохоос ч өөр замгүй юм. Төрд нь хурдан морьтой сүжирдэг, ямаанд мөнгө өгдөг, малд онцгой хайртай, өөрсдөө ч мал байж мэдэхээр хүмүүс гарч суусан хойно өөр яалтай билээ. Саяхан хүртэл төрийн түшээд нь малын хулгайд сэтгэл түгшиж, 5 хошуу малд тусгай ялтас суурилуулах юм яриад явсан. Мал хулгайд алдагдмагц ялтсаар нь хиймэл дагуулаас хайж илрүүлнэ.  Хиймэл дагуул! Төрсөн хот дотроо төөрчих гээд байдаг Пазл хүүд тэр хиймэл дагуулын дэвшилтэт төхөөрөмжийг хэрэглэх хүсэл төрөвч, эвэртэн туурайтнаас дутуу заяатайдаа гутарч "Тайвшир даа, хиймэл юм бол тэр дагуул нь ямар л олиг байв гэж" хэмээн сэтгэлээ хуурч суусан юм.

2.Цагийн юм цагтаа сайхан.
Зарим цаг үеийн юм өөр цаг үед байх нь заримдаа шал дэмий, өөрийнхөө цаг үед л байвал зохино гэх гээд байна л даа. Жишээ нь 670 мянган долларын үнэтэй Феррари машин байя гэж саная. Сайхан унаа. Гэтэл салхи мэт хурдан тэр машин 13-р зуунд байвал яах вэ? Хэнд ч хэрэггүй будагтай төмөр, аргал хөлдүүс агуулах сав л болох биз.
Эсвэл 13-р зуунд ид ашиглагдаж байсан зэр зэвсгийг ардчилсан монгол улс 21-р зуунд армийн зэвсэглэлдээ ашиглавал яах вэ? Дайн болсон чинь дайсныхаа дуунаас хурдан онгоц руу нум сум харваж барьчихсан.
Бас социализмын үе байна. Айхтар харгис хэрцгий цаг үе байсан байх аа. Нугалаа, хэлмэгдүүлэлт, НАХЯам, хилс хэрэг гээд л... Хүүхэд шуухдад өгч буй даалгавар нь хүртэл "зуныхаа амралтаар зурамны арьс цуглуулж ир" ч гэх шиг. Нөгөө "Алуурчин бэлтгэх дамжаа" гэдэг шиг. Ямар азаар тэр үед одоогийн энэ бясалгал мясалгалын төвүүд байгаагүй юм. Тэгсэн бол бясалгалд явдаг цагаан хоолтон бацаан зурам алалгүй гүрийж байж пионерийн нэр төрийг хөөдсөн гэмтэн, нам засгийн өгсөн үүрэг даалгаврыг цалгардуулагч, том толгойт эсэргүүн гэгдээд балрахгүй юу. Нэг муу зурамнаас болж төрийн дайсан, улс төрийн хэрэгтэн болчихвол ямар сайн байх билээ.
Социализм аа гэж. Би ч гэсэн социалист дэглэмийн үед, бага балчир байхдаа үхэрт сүлбүүлээд үхэхээ дөхөж билээ. Гэхдээ энэ ч цаг үеэсээ биш, надаас өөрөөс минь л болсон хэрэг л дээ хахаха. Гэхдээ л хамаа байж уу, социализмын үед болсон нь үнэн л юм чинь социализм л үүнд буруутай!

10 сэтгэгдэлтэй:

Дэндэв said...

Цагтаа ах нь нэг төгрөгөөр талх авч л явлаа хахаха

showtimer said...

Avatar deer num sumaar baildaal baidiisht

Von voyage said...

Паазлын бичлэг уншаал сээгий бичиж ажлын цагаас хомсолж суугаа минь энэ ардчилалын л буруу юмуу даа.

Anonymous said...

Даалгавраа биелүүлэх гээд алж өгдөг байж билээ. Арсун

busgui said...

bichlegtei holbootoi komment bichih gesen chini tolgoi hurdeggui ee.

PUZL said...

Дэндэвт: Хаха, гайхах юм алга. Амбагай хааны үеийн хүнд тэр зэргийн юм бол байх.

Шоовойд: Хаха, нээрэн тийшд. Тэр их үнэн бодит үйл явдалтай кино байдаг шүү.

Чинсээд: Шүүхэд өг хувхайг.

Арсунд: Тэгвэл ч диваажинд очих талаар саналтгүй болжээ.

Бүсгүйд: Ганцхан толгойтой төрсөн маань надад ч бас чамлалттай санагддаг л юм.

Umi said...

Тэр олон зурамны арьсаар яах гэдэг байсын бол???
За яахав шуудай дүүрэн ерхөг согооврын үрийг ойлгоод байгаам. Зурамыг ойлгодоггүй ээ. Хэхэ

Анх удаагаа блогоор тань зочлоод гарлаа. Би өөрийг тань эмэгтэй гэж боджээсийшд. :P

PUZL said...

Улаан Малгайтад: Зурамны арьсыг дэлхийн зах зээл дээр гаргадаг байсан гэдэг шүү. Тэгэхээр гадны барамнууд л дээл хувцас хийдэг байсан шиг байгаа юм.
Харин намайг эмэгтэй гэж боддог чинь туйлын өрөөсгөл хэрэг байна. Би эрэгтэй хүн, бүр төрөлхийн л эрэгтэй байсан юм.

domgiin shuwuu said...

"Тайвшир даа, хиймэл юм бол тэр дагуул нь ямар л олиг байв гэж
haha chi neeree owoo muu gar shu...

PUZL said...

Домгийн (жигтэй зүйрлэл хэлдэг) шувууд: Ёох, "овоо муу гар" дээр тогтсон нь яамай даа. "Овоо муу хөл" гэж хэлүүлсэн бол мань үнэндээ барайх байсаан.
Гэснээс шинжлэх ухаан сайхан хөгжөөд байна л гээд байдаг, тэгсэн хэрнээ энэ хүмүүс чинь хиймэл дагуул л хийгээд байх бололтой юм аа. Үнэн бодит, ул суурьтай дагуул хийсэн гэж ер дуулдахгүй юм.

Сэтгэгдлээ бичих