"Автомат гэдэг чинь томатны нэг төрөл өө" гээд л цуураад явдаг жаал байв шүү дээ, би багадаа. Ер нь бага насанд ямар нэг найзтай байвал зүгээр байдаг. Хойч үеийнхэнд хэрэг болж юу магад вэ гэсэндээ энэ талаар мэддэг зүйлсээ хуваалцахаар шийдлээ. Үүнийг бичигч бээр багадаа эрэгтэй байсан (эдүгээ ч мөн адил), мөн одоогийнхоос огт өөр цаг үе, нийгэмд амьдарч байсан учраас өнөөгийн хүүхдүүдэд ойлгогдохгүй зүйл мэр сэр байхыг үгүйсгэхгүй.
Найзгүй ганцаараа л яваад байдаг хүүхэд үеийнхэндээ тэнэг, мэдрэл муутай харагдах ба шоглоомын бай болж чулуугаар шидүүлэх ч энүүхэнд. Тиймээс давын өмнө л найзтай болж авах хэрэгтэй. Найзтай болчих юм бол ядаж үеийнхэн чинь чулуу нүүлгэлээ ч чамайг онох нийт чулууны 50% нь найз дээр чинь бууна шүү дээ. Нарт ертөнцөд найзын хэрэг их ээ. Гэлээ гэхдээ найзалж байгаа нь энэ гээд захын нэг гартай анд барилдаж болохгүй. Цаад нөхөр чинь наанадаж ханиад шуухитнаатай, цаанадаж хумсаа мэрдэг байвал яана!!!
Анд нөхрөө сонгоно гэдэг бол их хариуцлагатай ажил, найз болох хүн чинь их олон шаардлагыг хангасан байх учиртай. Хамгийн чухал нь ирээдүйн найз чинь эмэгтэй биш байх ёстой. Эмэгтэй хүүхэдтэй найзалвал чи тэгээд л дуусч байгаа нь тэр. Хүүхдүүд чамайг охинтой найзалдаг энэ тэр гэж шоолно, жинхэнэ насны шараа болно шүү дээ. (Чухам ийм л хатуу хувь заяаны эрхээр би багын жаахан Дэнсмаатайгаа тухтай ч тоглож чадалгүй алдсан даа).
За тэрчлэн, найз болох хүн чинь чулуугаар дориун байлдчихдаг, олон сонин содон тоглоомтой байвал болох нь тэр. Манай байранд дээрх болзлуудыг хангасан нэг жаал байдаг байлаа. Даанч сэтгэц мэдрэл нь хэвийн бус байсан байхаа хөөрхий. "Дэлхий бөөрөнхий хэлбэртэй", "саран дээр туулай байдаггүй" гээд л үнэмшихийн эцэсгүй дэмий балай юм яриад явдаг байж билээ.
Найзууд нэгнээ мунхгийн харанхуйгаас гэтэлгэх гэрэлт бамбар болох нь бий. Аа тэрчлэн буруу зүйл зааж өгч балаг тарих тохиолдол ч бий. Манай ангийн Цөлмөн (танигдуулахгүйн үүднээс нэрийг нь өөрчлөв) намайг уруу татаж гэрт байсан хамаг номыг маань заруулсан юмдаг. Тэр цагаас хойш би хэсэгтээ л юм бүрийг зарж мөнгө босгох гэдэг хачин арилжааны ухаантай болчихоод байсан юм. Шил, цаас тушаах, ангийнхаа охидын үсний хавчаар, үзэг балыг булааж аваад өөрсдөд нь буцааж зарах гэхчлэн. Ямар сайндаа л Төмөрхуяг гэдэг хүүхдийн нэрийг хаягдал төмөрт тушаах талаар шүлэнгэтэн бодож байхав дээ. Гэхдээ цагаа олж өөрийгөө татаж авсан л даа. Үгүйсэн бол мань Төмөрхуяг өнөөдөр гарын үсгээ юу гэж зурахаа ч мэдэхгүй, нэрийн хуудас гэж нэг цулгай цаас л барьчихсан манаргаж явах байсан биз.
8 сэтгэгдэлтэй:
haha balain baazal :P
Бамбүс-д: За тэгээд л хүнийг балай гэж балайрдаг юм шүү :)
minii seegii haachchihavaa, beegii shananguut bi userch orj ireed l seegiiddeg dee
gargaj ug
Гилийн хатанд: Би аваагүй ш дээ.
Хийгээгүй хэргийнхээ төлөө хий сэрдэгдэж, хилсээр гүтгэгдсэн хиргүй ариун сэтгэлтэн билээ, би.
"Чухам ийм л хатуу хувь заяаны эрхээр ... " хахаха, "Тунгалаг Тамир" мамир шиг л ...
Гавьжид: Сайн уу Гавьж ээ. Шашны номоо шамдан үзсээр сууна уу?
:D Сайн, сайн уу. Шашин номын чандад хүрнэ гэж байх биш дээ, үзсээр л сууна. Ажил төрөл аядуу үедээ дамжаагаар маань бууж мордож байгаарай.
Гавьжид: Жа тэгьяа.
Сэтгэгдлээ бичих