Бясалгаж байгаад гарч ирлээ, би. Тийм ээ, дэлхийд энх амгаланг хэрхэн тогтоох вэ, улсаа яаж хөгжүүлж Азийн арслан бар болгох вэ, улс амьтны толгойд яажшуухан оюуны үр суулгах вэ... энэтэр гээд их чухаг сэдвээр бясалгаж, толгойгоо гашилгаж байлаа, өнгөрсөн хугацаанд. Бясалгаж бясалгаж эцэст нь, "Энэ бүхэнд миний толгой хүрэхгүй юм байна" гэсэн дүгнэлтэнд хүрлээ.
Би заримдаа миний толгой чүдэнзний толгой, орны толгой энэтэр лугаа тооцоолж томъёолоход зориулагдаагүй толгой юм биш байгаа гэж санаа зовдог л юм. Гэхдээ л сайхан халимаг тавьчихаад, салхинаас өөрийг тохолгүй яваад л байна хөөрхий. Тэр африк мафрик, халуун орны улс чинь тархи толгойгоо тавиур болгож л ашиглах юм байна шүү дээ. Бариад л алхчих ачааг заавал тэргүүн дээрээ овоолчихоод, хоёр гараа сул санжигануулж явдаг, бүр нэг залхуу гартай, ажилгүй толгойтой, заяа нь пад харласан хар барамнууд шүү энэ африкчууд нээрэн. Бурхан гэж даажинтай хог, тэдэнд ан амьтан, алмааз эрдэнэс, онгон байгаль, жилийн 4 улиралд даарч хөрөлгүй халуун дулаан байх онцгой эрх өгсөн хэрнээ хамгийн чухал зүйл болох цэвэр ус, цэцэн ухаан зэргийг заяагаагүй юмдаг уу.
За тэр бусдыг хэлэх ч яамай, мартсанаас аль хэдийн өвөл болчихож шүү. Өчигдөрхөн л би өвсний толгой өшигчингөө "Намар цаг ч хаяанд ирлээ дээ. Хадлан тариагаа бэлдэж, хашаа хороогоо янзалъя байз" гэж бодон шоорт, майктай алхалж явсан юм. Гэтэл одоо намар байтугай өвөл болчихож, харин би аанай л шоорт майктайгаа. Хүмүүс "энэ бээвийсэн амьтан ч баривчилгаанаас дөнгөж суллагдчихаад явж байгаа юм байна даа" гэсэн харцаар харж бариад, аягүй байна. Зуны сарыг зургаа гэж бодож явдаг, тоондоо муу толгой минь чи даанчиг дээ.
Өө нээрэн, бясалгаж байгаад гарч ирсэн чинь энэ улс орон нэг л биш болчихож. Мэдээ уншлаа, дан дээрэмджээ, хутгалжээ, шатжээ, хугарчээ, залилжээ, амиа алджээ гэсэн бараан мэдээ. Бүр байчихаад, "Бодлын хулгайч" өөрөө хулгайлагдаад интернэтэд тавигджээ ч гэх шиг. Хулгайчийг хулгайлах нь хэнд ч ашигтай байдаг юм, бүү мэд.
Сонирхуулахад, саяхан төрсөн өдөр болоод. Энэ төрсөн өдөр гэдэг чинь их сонин юм байдаг юм байна. Жилд яг нэг л удаа тохиодог гэнэ. Тэрнээс биш над шиг намар ч нэг тэмдэглээд, хавар ч бас тэмдэглээд, эсвэл бүр хоёр жил өнжөөд нэг тэмдэглэж барьдаг холион бантан шиг эд биш юм байна. Би мэдэхгүй хүн чинь, заримдаа шал өөр баярыг төрсөн өдрөө гэж андуураад, орлуулаад тэмдэглэчихсэн л байдаг юм. Уржнангийн цагаан сарыг би төрсөн өдрөө л гэж бодсон шүү дээ. Хөөрхөн охид ирж үнсүүлээд, хөөрхөн хөөрхөн эгч нар барьж авч үнсээд байхаар нь төрсөн өдөр ч янзын болж байна даа гээд л хөөрцөглөөд байсан юм. Даанч ирсэн хүмүүс надад бэлэг өгөхгүй, бүр надаас өөрөөс минь бэлэг нэхэх янзтай болоод байсан юм аа. Ер нь би тэмдэглэсэн төрсөн өдрүүдээ гайгүй сайн санадаг. Хамгийн эхнийхийг нь л эс тооцвол. Хамгийн эхний төрсөн өдрийн баяр нээрэн юу болсныг би огт санадаггүй юм. Бодвол түрүүлээд тасарчихсан байх. Өөрөө шальтай баярласан юм байхгүй, харин төрсөн өдөр маань болсонд ойр тойрныхон маань л их баярлалдсан гэдэг юм. Дам сонсохнээ, би эмнэлэг нуртал орилж агсамнаад, эсгийнд боолгуулж номхорсон ч гэдэг бил үү. Нээрэн эмнэлэгт хүргэгдсэн байсан гэсэн... Яахаараа эмнэлэгт... За за, нанчилдаантай найр л болоо биз.
6 сэтгэгдэлтэй:
Хоолой чинь хорсоод хонго чинь даараад эхлэвэл зун уже зугтжээ гэсэн үг, заавал тоо тоолж толгойгоо эргүүлэх хэрэг юун...
Би амар хялбар биш адармаатай замыг сонгох дуртай л даа.
saixan ineev sht zugaatai er shuu
Ene xorvoo ertuntsii chini iim eleg avmaar ineedemtei gedgiig chi jijigxen yuman deerees xurtel anzaarxiim
Puzliigaa neg magtchixlaa magtuulxaar xune dee chi
Хахаха. Уншаад уйлах шахлаа шүү дээ, Шоовой минь.
Адармаатай Паазл төрсөн өдрөө сайн тоолдгийн байна, тоолуур чинь хэд дээр явж байхын?
Мэдэхгүй ээ. Тоо цифртэй түнжин муутайг минь чи анзаарсан л байлгүй. Дор хаяж 3 толгойтой байсан бол тоо мэтхэнд торолгүй, сэлүүхэн сэтгэж байхгүй юу. Тэр үлгэрт гардаг арван таван толгойтой атгаалжин хар мангас бол IQ энэтэр нь аймаар амьтан байсан байхаа.
Сэтгэгдлээ бичих