Үе тэнгийн маань мангар нусгайнууд (байзаарай... үе тэнгийнх, тэгсэн хэрнээ мангар нусгайнууд гэхээр жаахан логикийн алдаатай болчих юм байна. Шинээр засч бичье)
Үе тэнгийн маань тэнэг нусгайнууд (хавьгүй дээрдлээ) өөрсдийгөө цэцэгнээс, байцаанаас төрсөн гэдэгт үнэмшиж явдагт миний урам хугардаг байлаа. Томчуудад тархиа угаалгуулсан тэнгэргүй хогнуудаас ялгаатай нь би хүн хаанаас төрдөг "нууц"-ыг бүр багаасаа мэддэг байсан юм. Тийм ээ, хүн сармагчингаас төрдөг юм! Ингэж бодох эх суурийг минь тавьсан хүн бол мэдээж Дарвин байлаа. Хувьслын онолыг боловсруулсан энэ Англи эрхэмийг би хэзээнээс хүндэтгэн үзсээр ирсэн билээ. Харин түүний хамаатан нь ч юм уу, ямартай ч ихээ ойролцоо нэртэй Д.Арвин гэдэг эмэгтэй надад огтхон ч таалагддаггүйг нуух юун. Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ гэгчээр, хүний нэр баастсан олиггүй хамаатан байх аа тэр.
За тэр ч яамай, харин Даарвин маарвин, хувьслын онол энээ тэрээ гээд нарийн ширийн юм яриад байгаа маань намайг та бүхэнд шаггүй боловсролтой нэгэн шиг харагдуулж байгаа байх л даа. Арга ч үгүй юм, багаасаа номтой нөхөрлөсний минь л ач шүү дээ. Гэхдээ зах зээлийн үймээний үед бол унших ном олдохгүй, байрны ахын шуун дээрх шивээс, өрхийн эмнэлгийн ханан дахь жирэмсэний хордлогын үед авах арга хэмжээний тухай үзүүлэн гээд бичиг үсэгтэй юм юу л байна, тэр бүгдийг уншиж явлаа.
Аа нээрэн та нар мэдэх болов уу даа, номыг их шимтэж унших чинь дэмий шүү дээ. Нүд их бүлтгэр болдог юм байхчивлээ. Нэг хэсэг би чинь биллиардны бөмбөг шиг л том нүдтэй амьтан явлаа шүү дээ. Тэгэхэд ээжийн ажил их орой тардаг байлаа. Ээжийгээ ирэхийг хүлээж өдөржин нүдээ ширгэтэл саравчлан хардаг байсны ачаар л нүд маань овоо ширгэж дундраад хэвийн хэмжээтэй болж билээ.
Шүлгийн ном нэг хэсэг уншаад шүлэгч болохоор шийдсэн үе надад бий. Үгүй ээ тэгээд энэ яруу найрагчид чинь хаашаа ч улс байдаг юм. Нэг их сайхан онгод ороод л часхийсэн шүлэг бичээдэхтэл тэрийг минь надаас аль эрт биччихсэн л байх юм. Эртүүд яав? Хавар болж шинэхэн ногооны униар ханхлаад, шиврээ бороо ганц нэг дусагнаад, сэтгэл гэгэлзэж догдлоод байхаар нь би ингэж шүлэглэхгүй юу:
Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэр... гэж. Гэтэл яг энийг Нацагдорж гэдэг нөхөр аль өнгөрсөн зуунд бас бичсэн болж таардаг юм. Би бусдаас будаа иднэ гэж юу байхав. Хоёр хүн яг ижилхэн сэтгэнэ ч гэж юу байхав. Тэгэхээр мань Нацагаа л надаас хулуудсан болж таараад байна. Тэгэнгүүт нь шал дургүй хүрээд би шүлэгч найрагч болох бодлоо бүрмөсөн хаясан. Харин оронд нь эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж явъя л гэж бодоод байна. Хүмүүс намайг "Энэ Пазл ч ажил албандаа яг тохирсон залуу шүү" гэлцэн шагшицгааж байвал сайхан аа даа. Би мэдэж байна, ажил албандаа тохирсон хүн гэнгүүт та нарын толгойд хүүхэлдэйн театрыг даргалдаг хүүхэлдэй шиг хүүхэн л төсөөлөгдөөд явчихаж байгаа. Гэхдээ би энд ажилдаа гадаад төрх энэ тэрээр биш мэдлэг чадвараараа тэнцэх тухай л яриад байна шүү дээ.
За эцэст нь хэлэхэд "Танин мэдэхүй гайхахаас эхэлдэг" гэж Аристотель нэгтээ өгүүлжээ. Мэдэхгүй зүйлтэй туж тулгарч, мэлэрч гайхаж явдагийн хувьд би танин мэдэх үйлийн эхний болзлыг торох юмгүй хангаад байгаа юм. Даанч Аристотель муу башир хог танин мэдэхүй цааш хэрхэн өрнөдөг талаар хэлээгүйн харгайгаар би эхний үе дээрээ таг гацчихаад байна л даа, үнэнийг хэлэхэд.
13 сэтгэгдэлтэй:
Yugaa gaixaad gatschaa vee
Гайхалтай зүйл их байх юм аа, Шоовой минь. Жишээ нь их сургууль төгссөн шинэ үеийн хоёр "сэхээтэн" хоорондоо ингэж ярьж байна:
- 21-р зуунд Монгол дахин хүчирхэгжих учиртай болохоор дээд тэнгэрээс онгодыг олноор нь буулгаж байгаа гэсэн. Сүүлийн үед бөө зайрангууд олшроод байгаа чинь цаанаа ийм учиртай юм байна лээ.
- Хоо, даанч тийм байх аа.
Шинжлэх ухаан, техникийн ололтуудыг шинэ дээр нь хэрэглэж хэвшээд байгаа хэрнээ бидний сэтгэлгээ шинэчлэгдэхгүй, өнөөх л олон зууны тэртээх шигээ балар харанхуй юм яриад байгаа нь үнэхээр гайхалтай. Энэ мэтчилэн гайхаж ангаймаар зүйл мундахгүй их байна аа, цаагуур чинь.
хоо, тэгвэл одоо гайхсаараан байгаад л дуусахнээ дээ? чамайг хэлээгүй шүү, өөрийгөө хэлж байна. Зүгээр сууж байсан чинь онгод энэ тэр ороод ирэх вий. Хоёр хүний нэг бөө болж байна гэснээс хойш хар төрөөд байгаа шүү. За за юу ч биччихв, өөрөө ойлгохгүй байна, гайхчлаа. Тэртэй тэргүй танин мэдэхгүй гайхахаас эхэлдэг гээ виз дээ. Үгүй ингэхэд Д. Арваан яасан гэнээ хө?
Шинжлэх ухааны ололтууд гээд байгаа юм чинь ерөөсөө олох юмаа олохгүй дэмий л юм олоод байхын Бөө нар үнэн бөөлөөд байнауу үгүй юу гэдгийг ч барин тавин ч болтугай баталчихгүй юм даа Puzl mini
Наад муу Аристо чинь багшийшаа (Платоныг) "доош хийсэн" өөдгүй золиг байгаа юм
багшийшаа гэнэ үү???
Бүсгүйд: "Д.Арваан" - хахаха. Мань хүн хатдын өргөөгөө бариад завгүй яваа байх аа. Ер нь манай төрийн түшээд их бүтээлч шүү. Энд ч орд өргөө бариад л, тэнд ч сүм суврага босгоод л. Бүр бурхан хүртэл бүтээгээд л. Ард олон биднийхээ л тусын тулд огт хэрэггүй зүйлсийг хүртэл хэрэг болгож хийдэг юм шүү дээ гэж бодохоор бүр хайр хүрээд байдаг юм.
Шоовойд: Хахаха, үг мушгиж байгааг нь. Монгол улс хүчирхэгжиж дэлхийг дахиж эзэгнэх талаар, бөө нар олширч байгаа нь өөрсдийнх нь бизнесийн сэдлээр биш, гагцхүү тэнгэрийн тааллаар болж буй үзэгдэл энэтэр гэсэн зүйлийн талаар ярьж байхад чинь.
Алтанхүүд: Хахаха, ховлож гэнэ. Гэхдээ хэдий багш ч гэлээ, буруу юм яриад шиг байвал нь дуугүй өнгөрөөх нь зөв үү дээ?
Алтанхүүд: Багшийшаа гэнэ ээ :)
Базарваань тэр нь яах эдийн? дандаа хүүхнүүд амьдрах байр юм уу?
Бүсгүйд: Үгүй юм аа. Хэнтийн хатдын алдрыг бадраах байшин байгаа юм. Энэ ажлынхаа хүрээнд Өүлэн эх, Дондогдулам тэргүүтэй хатдад зориулж үнэтэй дээл хунар оюулна. Даанч нөгөөдүүл нь нэгэнт өмсөхөөсөө өнгөрсөн тул оёсон дээлээ ордныхоо хананд өлгөх юм гэв үү дээ.
Tүүхийн дурсгал гэдэг юмны үнэ цэнэ нь яг тухайн цаг үед байсан, эдлэгдэж хэрэглэгдэж байсандаа гол юм. Зураг хөрөг, түүхийг нь судалж байгаад бүр устаж үгүй болсонг нь дахин сэргээх хэрэгтэй байх л даа. Манайд даанч ийм юм ихдээд байх шиг байхиймаа. Уртай ургүй, том жижиг хөшөө, хувцас хунар, үнэ цэнийн хувьд авч үзвэл эрээний бараа шиг л.
Бүсгүйд: Үзүүлэх юмгүй байж үзвэрийн газар нээх гээд байгааг нь л ойлгохгүй байгаа юм. Аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажил энэтэр гээд байгаа ч хоосон овоохой үзэх гэж хэн л мөнгө төлөх билээ дээ. Харин тэр "түмэн хишигтэн" хөшөөт цогцолбор гэж сайхан юм босох шинжтэй.
мангар нусгайнууд, тэнэг нусгайнууд 2 хэр их ялгаатай юмб дэ
Чинсээд: Аа тэгж ярихгүй шүү нөхөөр. Бэлэнчлэлгүйгээр өөрөө бодож ологтун.
/яая, яг үгэндээ ороогдох гэж байнашд/
Сэтгэгдлээ бичих