Шашны байгууллагатай холбоо бүхий ганц бие эрэгтэйчүүдийн дотуур байр, дайны үймээн дундуур Миякава шиг шашингүй үзэлтэй хүнийг оруулах болсонд ямар нэг учир шалтгаан бий буй за. Түүнчлэн, эндээс холгүйхэн орших их сургуулийн гүн ухааны салбарын хичээнгүй оюутан тэрбээр энэхүү дотуур байрны нэг өрөөнд, залгаа орших охидын сургууль руу харсан цонхтой тэр л өрөөнд хуваарилагдсан нь ч мөн л далдын ямар нэг шалтгаантай биз ээ.
Сайхь залуу бол төлөв төвшин, Нил Адмирал ч түүнийг гайхахаар хайхрамжгүй байдал нь дэндсэн нэгэн. Тиймдээ ч эмэгтэйчүүдийн сургуулийн арын хашаанд сурагч охид хоорондоо хэрэлдэж муудалцан байхад мань эр хийж буй ажлаа орхин, тэдэн рүү анхаарал хандуулахыг хүссэнгүй. Шатны хонгил дахь цонхноос мөрөөдөмтгий байрын охин өндөр ургасан буйлсны оройг ширтэн байсан нь ч залууд огтоос сонин биш байв. Гэвч намрын нэгэн налгар өдрийн цайны цагаар, эсрэг талын байшингийн дээвэр дээр болсон явдал залуугийн энэхүү ажиггүй хүйтэн байдлыг “гэсгээж” чадсан юм.
Цээжээр татам өндөртэй, ганц хоёр шякү* өргөн дээврийн хашлага дээр нэгэн хээнцэр охин авиран гарч, хоёр гараа элээ шувуу аятай дэлгэн тэнцвэрээ хадгалсаар алхаж эхлэв. 3 давхар барилга, ядахнаа доор нь байх сургуулийн хашаа ч тэр чигээрээ бетон аж. “Амиараа тоглосон охин юм даа”. Найзууд нь бололтой тав зургаан охин хашлаганд нүүрээ наан зогсоод өнөөх охиныг дэмжин орилолдоно. Үснийхээ цагаан туузыг намируулан солиотой алхам хийгч охин ашгүй нэг дээврийн хашлагыг туулж дууслаа. Найзууд нь түүнд алга ташин баяр хүргэнэ. Охины хашлага дээгүүр алхсан арав хорин секунд Миякавад бүтэн нэг цаг шиг санагдсан юм. Хачин зүйл харсандаа мань эр багагүй ядарч, идэж байсан эрдэнэшишийн талхаа бөөлжөөд гаргачих шахлаа. Охидын сургуулийн дуу хөгжмийн ангиас сурагчдын ээлжлэн дуулах нь сонстох бөгөөд, хөхөө донгодох аятай тэдний дуу манай залууд зүүгээр хатгах шиг таагүй мэдрэмж төрүүлнэ.
Урьд нь хэзээ ч тэгж байгаагүй боловч энэ өдөр тэрээр хичээлээ хийж огт чадсангүй.
Ямар гээч чөтгөрийн хорлол нь юм (чөтгөр шулам гээч нь оюутан залуустай эртнээс холбогдож ирсэн гэдэг билээ), дээвэр дээрх богино үзүүлбэр бүтэн гурван өдөр, адил цагт, адил байдлаар үргэлжлэх нь тэр. Гүн ухаанч болох гэж буй Миякава хаа очиж хараа сайтай тул охины зууван, сайхан царайг андалгүй хардаг байв. Эцсийн эцэст, гурав дахь өдөр нь охидын сургуулийн хичээл тарах үед залуу хаалганы нь ойролцоо холхин өнөөх “галзуу” охиныг хүлээж зогсов. “To each his own…” энэ тэр гэсэн үгтэй сайхан жазз дууг аялсаар цагаан туузтай охин найзуудын хамт гараад ирлээ.
-Би юу?
Охин, өөрийг нь дуудсан хүнээс үл тоомсорлосон байртай асуув. Инээж байсан үеийнхээсээ илүүтэйгээр, одоогийн тоомжиргүй царай нь аюултай үзүүлбэр хийх үеийн төрхтэйгөө адилхан харагдах аж.
-Авхай минь, дээвэр дээрх аюултай үйдлээ маргаашнаас зогсооно уу. Тэр байдлыг чинь хармагц би бүтэн өдөржин хичээлээ хийж чадахааргүй болтлоо хямарчих юм. Бүхэл бүтэн гурван өдрийг ийм байдалтай өнгөрөөлөө.
Хоёр найз нь инээдээ барьж ядсандаа уйлах нь уу гэлтэй хачин царайлж зогсоно. Охин Миякава өөд харж,
-Тийм яршигтай санагддаг юм бол харахгүй байвал болох биш үү? гэлээ.
-Үдийн холныхоо цагаар, цаг агаар ийм сайхан байхад цонх хөшгөө хаачихаад би яах болж байна аа?
-Тийм дээ.
Охин, тагтаа шувуу шиг хүзүүгээ нугдайлган хэсэг эргэцүүлсэнээ,
-За тэгье ээ.
-Болихоор шийдэв үү? Баярлалаа, баяртай. Та бүхэн ёс алдсаныг минь өршөөгөөрэй.
Ийнхүү залуугийн амар тайван амьдрал эргэн ирлээ.
Гэтэл гурав хоногийн дараа хичээлээ тараад оройн нарны гэрэлд хуучин зураг шиг харагдах гудамжиндаа харьж иртэл, хувийн орон сууцны хорооллын нарийн гудамжнаас галт тэрэгний зогсоол тийш алхах хоёр хүн нүдэнд нь туслаа. Нэг нь, ар талаас нь харсан ч үнэхээрийн цэх шулуун алхаатай залуу эр байв. Иймэрхүү алхаатай хүн ухаан мэдлэгийн хувьд гавихгүй гэдгийг Миякава мэдэж байлаа. Нөгөөгийнх нь мөрөн дээр нүдэнд дасал болсон, бүрэнхийн дундах хос эрвээхэй шиг цагаан тууз намиран байх аж.
Түүнийг хараад Миякавагийн зүрх, дарс цутгалах чимээ шиг цүл пүл цохилон байв. Гүн ухаанчид маань гэнэтхэн нэг зүйл мэдрэгдэв. Дээвэр дээрх осолтой үзүүлбэрийг харахад төрдөг шиг тийм мэдрэмж.
Мөнөөх хоёрыг нууцаар дагатал, буудал дээр зогссон галт тэргэнд эрэгтэй нь сууснаар огт төсөөлөөгүй зүйл болж хос хоёр хөндий байдалтайгаар салцгаав. Миякавагийн сэтгэл жаал тайвширлаа. Гэвч санаа амарсаны балгаар охинтой ярилцах боломжоо алдчих бөгөөд, алхаагаа түргэсгэн гэрээдээ харьж буй охины биеийн тамирын гутлын мөрийг ч бас алдчихгүйн тулд араас нь мөшгих ажлаа үргэлжлүүлэв. Охин нарийн гудамж тийш эргэж, хоёр гурван байшин өнгөрөөд эртний Европ загвартай байшин руу ороод явчихав. Миякава оршин суугчдын нэр бүхий самбарыг хоёр гурван хором хэртэй хянуур гэгч ажиглаж аваад гэртээ харилаа.
“Ямархан учраас та надад шаналал авчирч, хичээлээ ч хийж чадахааргүй болгочихов оо? Та надтай ямар гээчийн хонзонтой болохоо хэлээч. Үдшийн гудамжаар өөрийг чинь нэг залуутай дотночлон алхаж явахыг хараад би, дээврийн хашлага дээгүүр алхахыг чинь харсан шигээ дэнслэн шаналсан. Энэ явдалд таны буруу байхгүй учраас яриад байх шаардлагагүй хэдий ч, оюун санааны амьдралд маань хохирол учруулсан нь үнэн л юм чинь би ингэж гомдоллох эрхтэй гэж сэтгэнэм. Би өөрийн бишрэн хайрладаг гүн ухаанч Геркэгорын нэгэн адил энэ хоёр шаналлын аль нэгийг сонгомоор байна. Гэвч өөрийн чинь амь эрссэн үзүүлбэрийн талаар ч, эрэгтэй хүнтэй үерхдэг тухайд чинь ч миний бие шийдвэр гаргаж хүчрэхгүй учраас энэхүү сонголтыг танд үлдээе, зоригт бяцхан тагтаа минь. Миякава.”
Миякава чухам юунд найдаж энэ захиаг бичсэн юм бол, зохиогч надад ч мэдэх юм алга. Юутай ч тэрээр дөрөв таван өдөр хариугаа хүлээж, дахиад л хичээл сурлагандаа муудаж эхэлсэн юм.
Намар цагийн бас нэгэн сайхан өдөр айлчлан ирлээ. Мань эрийн идэх гэсэн эрдэнэшишийн талх хоолойгоор нь давсангүй. Уймарсанаасаа болж, онцын хэрэггүй байхад цахилгаан зуухан дээрээ данхтай ус тавьсан нь пор пор буцална. Тэнгэрт хөвөх үүлсийг цонхоороо ширтэж байтал дээврийн зүгээс чихэнд танил эмэгтэй хүний шингэн дуу цуурайтах нь тэр.
Хар хөх өнгийн банзалтай охин дээврийн хашлага дээр сурамгай нь аргагүй гараад ирэв.
Энэхэн агшинд Миякава яагаад ч юм мөнөөх охиныг асар ихээр үзэн ядаж байлаа. Охин хоёр гараа элээ шувуу жигүүрээ дэлгэх адил алдлаад, гоолиг биеэрээ агаар зүсэн алхаллаа. Цаг хугацаа зогссон мэт, арван секунд гучин минут шиг, хорин секунд нэг цаг шиг өнгөрнө. Аймшигтай урт санагдах хорин секундын турш Миякава маань мэгзэм унших мэт нэгэн зүйлийг сэтгэлдээ олон дахин давтсаар байлаа. Чухамдаа энэ уншлага нь ямар нэг маань тарни бус, “уначихаасай, унаад үхчихээсэй” гэсэн билэггүй үгс байсан ажээ. Энэ үйлдэл нь ч нөлөөлсөн үү, гүн ухаанч маань асар удаан хорин секундыг их л тайван давж гарав.
Цагаан тууз хашлаганы цаагуур далд орохтой зэрэг бусад охид нь алга ташиж, уухайлан орилолдоно.
Тэр шөнө Миякава (тамхи татдаггүй учир) буцалсан халуун усаа бага багаар оочлонгоо өдрийн тэмдэглэлээ хичээнгүйлэн хөтлөв.
“Сонголт хийж чаддаггүй тэр охиныг үнэхээр өрөвдөж байна. Үдшийн цагаар тэр өнөөх залуутайгаа хаа нэгтээ алхаж л явах биз. Маргаашнаас бас л өдрийн үзүүлбэрээ давтан хийх биз. Гэвч энэ бүгд надад хамаагүй . Би түүний үхлийг сонгосон. Учир нь түүний надад авчирсан бүхий л шаналал зовуурьт би дасал болчихож...”
Маргааш өглөө нь Миякаваг амиа хорлосон байхыг нь олсон юм. Өнгөрсөн шөнө бичсэн бололтой өдрийн тэмдэглэлээ унших аргагүй болтол балласан байх агаад, өөр нэг хуудсан дээр сүрхий томоор ингэж бичсэн байв.
“Түүний үхлийг сонгосон гэдэг маань сайтар бодоод үзвэл, би өөрийнхөө үхлийг сонгосон хэрэг байж. Баяртай, амьдрал минь!”
Хувьгүй тэр залуу
Хайр сэтгэл нь бүтээгүйн улмаас
Өөрийн амиа хорлож
Өөд болсон нь энэ байлаа.
шякү* - японы уртын нэгж, 1 шякү = 30,3 см
2 сэтгэгдэлтэй:
Hairtai zohiolchiin mini uguulleguudiig orchuulan tavisand gun talarhal ilerhiiliy:PP
Бременд: Орчуулгаа ч хат даа чааваас, хахаха. Оюутан байхдаа л нухаж байсан ухаантай юм, хүнд үзүүлэхэд ч зовмоор дамшиг даа.
Сэтгэгдлээ бичих