Thursday, April 29, 2010

Чамд намайг сэргээх юу ч алга.

Чимээгүй бай! Чи надад бухимдал л авчирна. Чиний гаргасан авиа бүхэн чихний минь зовлон болно.

Thursday, April 22, 2010

Гарчиг өгөөд ч төвөг үү дээ?

"Бүргэдийг л зөвхөн бүргэд гэж байя" гэдэг шиг бага насыг "бага нас" л гэж нэрлэсэн нь их оносон хэрэг шүү. За тэгээд ийм мэдээжийн юман дээр "бага насыг бага нас гэх болсон учрыг тайлбарлаад өгөөч" гээд шалаад байв аа, та нар! Тайлбарлах нь бүү хэл тоож авч хэлэлцэхгүй гэж мэдээрэй... за яахав тайлбарлаж өгөхөөс дөө.

Saturday, April 17, 2010

Дэ(э)лтэй Монголын дэмий-эрэл...

... буюу эвт шаазгай буга барина, бүр туг ч барина, тугал ч хариулна буюу харааны шилээ зүүгээгүйн улмаас "Хараа"-ны шилэнд бүдэрч, золтой л золгүй явдлын золиос болчихсонгүй буюу камер, микрофон агссан охид хөвгүүд ирээд "Ах аа, бид нар МУИС-н сэтгүүлзүйн ангийн оюутнууд байна аа. Танаас ярилцлага авч болох уу? Зурагт мурагтаар гаргахгүй дээ, тэг л дээ" гэхээр нь "Үгүй үгүй, зурагтаар гаргахгүй ч гэсэн сэтгүүл дээр тавьчихвал яах юм? Та нар чинь сэтгүүлзүйн ангийнхан гээ биз дээ?" гэх буюу долоо хоногийн эхний өдрийг "Даваа" гэдэг атлаа дараачийн өдрүүдийг нь яагаад гүвээ, овоо, толгод, довцог гэхчлэнгээр нэрлээгүйг чи багадаа гайхдаг байсан уу? буюу "Шүтэж сүслэх бурхангүй хүн бол тэнэг" гэж хэлсэн хүн өөрөө тэнэг буюу урьд нь хүүхэмсэг байсан хүн одоо хүүхэн шиг болчихож буюу "Ам бол ертөнцийг ярих цонх мөн", мөн "Цуур цуур, бас дахин цуур" буюу "Эмэгтэй хүн бол сандлын хадаас". Найзууд ч бас сандлын хадаас. Харин эмэгтэй найзууд хадаас биш гэхчлэн ямар ч логикгүй ядмагхан бичлэг бичсэн минь энэ буюу.

Sunday, April 11, 2010

Миний нутгийн Дөрвөн цаг (Д.Нацагдоржийн хоёр шүлгийн гарчгийг хооронд нь наагаад хаясан )

Өвөл өвгөн.
Цагаан сахал, хүйтэн харцат царай төрхнөөсөө ичсэндээ
Цан хүүргээр цонхыг минь битүүлж, зөнөг өвөл золиг оргино.

Sunday, April 4, 2010

Хөлд орж дээ, миний блог.

Жаварт жар хоног сойсон, намраас хойш ная хоног дарсан аюулын сайхан айргаар ам ходоодоо авилгадаж суухуй блог бичиж эхэлсэнээс хойш бүтэн жил улирч буй санагдаад, бодлоо бататгаж хартал яг тийм байж таарав аа. Ой хүрсэн блогоо цоо шинээр хувцаслах гэтэл хуучин муу баривч нь хачин дотно санагдаад, хээнцэрлэж гангалах явдлыг хэсэгтээ азнахаар шийдэв ээ... гэж ирээд толгой тархи холбож бичих чинь яасан төвөгтэй эд вэ? Зүгээр өөрийнхөөрөө бичих минь.