Tuesday, July 13, 2010

ИнээдЭм, Ханиад(Т)ам.

Монголчууд Football гэдэг спорттой танилцаж эхэлмэгцээ нэрийг нь "хөл бөмбөг" гээд сайхан орчуулчихаад сууж байтал араас нь бас volleyball гэх спорт гараад ирмэгц нь "гар бөмбөг" гэж нэрлэчихээд маадгар байтал саяхнаас жинхэнэ "гар бөмбөг" болох "handball"-ын сураг дуулдаад ирэнгүүт юу гэж нэрлэхээ мэдэхгүй бантсандаа хөрш Иванууд шигээ "гандбол" гэж дуудах болсон юмдаг уу?
За худлаа худлаа. Бантаж барьсандаа биш, угаасаа манайхан чинь спортын төрлийн харь үгнүүдийг орчуулалгүй хэрэглэдэг болоод чамгүй удаж байнашдээ. Аэробик, банзүкэ, биллиард, дартс, маваши, марафон, нокаут энэ тэр гээд. Хэл шинжлэлчдээ үүнд буруутгаж болохгүй ээ, угаасаа техник технологи сүрхий хөгжиж байна. Хажуугаар нь дэлхий улам "хавтгайраад"(даяаршаад ч билүү?), нөгөө талд нь юу байгааг мэдэхгүй шахам байсан улс чинь амьдардаг гаригынхаа хаана нь юу болж байгааг хараад байх сайхан боломж бүрдсэн өнөө цагт манай хөгшин хэл шинжлэлчид мэдээллийн хурдыг гүйцэхгүй байх нь аргагүй юм аа. Тэгээд ч тэд маань "эрвээхэй гэж бичих нь зөв үү, эсвэл эрвээхий гэж бичвэл дээр үү?" болон "шавьж биш шавж гэж бичих нь зүйтэй" гэхчлэн Монгол хэлний айхтар тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцээд завгүй байсан юм чинь дээ.

Өө би уг нь энд ч хөл бөмбөг гараад, тэнд ч үндэсний бөх нэвтрүүлээд байхаар нь лаг биеийн тамир спорт ярьдаг баатар болж орж ирсэн юм аа. Тэгсэн чинь юу бичиж орхиж вэ? Гэхдээ надад өөрийгөө өмөөрч, ингэж муухай хадуурах болсоноо тайлбарлах тайлбар байна! (өчих өчил байна гэвэл илүү сүртэй болох байж уу?)

1-рт, арван жилд заадаг хэл шинжлэлийн зарим ойлголтуудыг ахиад их сургуульд давтаж заагаад байсан болохоор тэр нь толгойд бүр буглаад, хаана ч ямар ч зүйлийг хэл шинжлэлтэй хольж хутгаж боддог болчихсон юм. Эртүүд л гэхэд нэг нөхөр надаас "Покерийг ер нь спорт гэж үзэх нь зүйтэй юу, мөрийтэй тоглоомд тооцох нь зохилтой юу?" гэж асууж байхад би харин хариуд нь "Покер гэдэг бол харь гаралтай нэр үг..." гээд шал өөр юм яриад явчихсан байгаа юм даа.

2-рт, би ер нь мангуурчихаад байна. Намайг мангуурахад хүргэсэн 2 хүчин зүйл байгаа. Эхнийх нь энэ их халуун. Харин хоёрдугаарх нь болохоор энэ их халуун.
Гэхдээ эхнийх нь агаарын хэмийн халуун, хоёрдахь нь биеийн хэмийн халуун л даа хэхэ. Гайхаж байгааг нь.
Халуун зун ханиад хүрчихээд, халуурч элийрээд хөгөө чирж байна өө. Энэ ханиаднаас болж инээх ч, идэх ч, бүр бичих ч хүсэл төрөхгүй байсны улмаас би түрүү долоо хоногт бичлэг бичээгүй байхгүй юу. Тэрнээс биш та нарын бодсон шиг туж архидаад явсан юм бол байхгүй. Ханиад чинь бас хүнийг их мангартуулдаг юм байна. Жишээ нь би саяхан ханиадны эм авахаар эмийн санд орсон мөртлөө "Мангуурлыг намдаадаг эм байна уу?" гээд асуучихдаг юм даа. Тэгсэн эмийн санч эгч над руу гайхан ширтээд, тэрүүхэндээ жуумалзсанаа "Мангуурлыг анагааж мэдэх цорын ганц зүйл бол цаг хугацаа л юм даа" гэж мэгээд. Тэгсэн чинь би бүр лавшруулан "Тэгвэл эгч ээ, цаг хугацааг аль аптект зарж байгаа бол?" гэж маанагтдаг байгаа. Ойрд бүр яг ийм мангар болчихоод байна. Гэхдээ дээр дурьдсанчлан энэ бол олдмол мангуурал шүү. Тэрнээс биш би төрөлхийн ийм мангар байгаагүй юм. Хэдий багадаа "хүний толгой их биенээсээ хүнд жинтэй байдаг" гэсэн цуу үгэнд үнэмшиж байсан ч гэсэндээ.

Өө нээрэн сайхан наадсан уу таминь ээ? Мартсанаас мал мэнд үү гэгч л боллоо доо, хэзээ хойно хэхэ. Энэ жилийн наадмаар төв цэнгэлдэхэд хүүхнүүдийн хөл хорио тогтоосон юм гэв үү? Хүүхнүүдээс болж л бохироод байгаа юм гэнэ, унасан бөхөд шалтаг мундахгүй ээ гэж... энээ тэрээ гээд эхэндээ би ч бас их л шүүмжлэнгүй хандаж байлаа. Гэхдээ бодоод байхнээ бас ч гэж магадгүй юм аа. Бөхчүүд чинь бүсгүй хүн бүү хэл бүдүүхэн өвсөнд ч бүдэрчихдэг эмзэг улс юм гэх чинь билээ.
Наадмаар ёстой зурагт шагайсангүй. "Баярын мишээл" энээ тэрээ гэсэн нэртэй хэрнээ муухан мушийлгаж ч дөнгөхөөргүй ядруухан хошин шог, тэгээд тэрнийх нь хамаг цагийг эзэлсэн зохиолын дуучдын дуу хуур л гарах байх гэж бодоод тэр. Уг нь сайхан инээх ч сайхан байдаг юм шүү. Наадам ч гэсэн сайхан. Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам илүү сайхан байсан гэхдээ :)

13 сэтгэгдэлтэй:

www.gegeen.com said...

goyo blog baishd. naadmiin medee TV-r sn uzeechee. footbal uzcheed naadmaa uzkuu bn gej nomond hazgai shw.

keep on blogging.

А said...

Та сайхан наадав уу? Би бас ТВ үзэж амжаагүйл явна.

PUZL said...

Гэгээн.ком-д: Мэдлээ, гүйцэтгэе :)

Юкид: Сайхан наадлаа. Атаман Юки аятай тухтай наадав уу?

WRa!†H said...

puzlаа унтаж амар
сайхан л наадлаа ш дэ дотад аал хон ддоол гоё наадам боллоо

busgui said...

za saihan naadsan uu? (yos bolgoj asuuya daa, haluurch erliireed oligtoi yum bolooogui l shinjtei :-))

PUZL said...

Эрлэгийн элчид: Хаха, согтуу байна уу даа лүд чинь? Ойлгогдохгүй юм бичээд байхчвээ.

Бүсгүйд: Хахаха, сайхан наадсаан сайхан наадсан. Одоо харин нээх сайхан айраг уучихвал л болох гээд байна. Улаанбаатарт зарагдаж буй айраг гэж үнэ, амт 2 нь газар тэнгэр шиг зөрүүтэй юм байх юм.

WRa!†H said...

Чиний бичсэнээс ч ойлгоод байх юм алга даа хөө

PUZL said...

Эрлэгийн элчид: Хахаха, бодын шийр дөрөв байдгийг бодож бодож ойлгодог хүн миний бичлэгийг ойлгохгүй байх нь аргагүй ч юм уу даа.

Бүсгүй said...

ta 2 yamar aimaar heruulchiin.

PUZL said...

Бүсгүйд: Хэрэлдээгүйшд.
Ер нь та яахаараа хэрэлдээгүй хүнийг гүтгэж бариад... гээд хэрэлдээд явчихгүй юу жинхнээсээ :)

WRa!†H said...

xa xa

anjigai said...

Бас л таалагдаж байна.

PUZL said...

Эрлэгийн элчид: Хэ хэ.

Анжигайд: За яамай :)

Сэтгэгдлээ бичих