Thursday, October 21, 2010

"Манай багш тоо заасан".

За ойрдоо энэ муу толгойд шинэ санаа орж ирэхээ байчихлаа. Хөгшчүүд "усанд орвол буян арилчихна" гэж гүрэлздэг шиг, толгойгоо угаасаар байтал дотор нь байсан миний сэтгэлгээ урсаад арилчихав уу?
Уг нь их эрдэмтэй байрын том толгой шиг байгаа юм, томчууд "том толгойт" гээд байдгийг бодоход. Дотор нь учиргүй их эрдэм ном чихэж чигжээд, тэр нь багтаж ядан бялхалзаж байгаагаар л төсөөлдөг байх л даа, томчууд л болсон хойно. Даанч миний муу данхар чинь хоосон, хөөсөн шахуу толгой юм шүү дээ. За тэгээд цааш нь хүн амьтанд яриад явуузай, нүдний булай болно шүү.
Намайг нээрэн бага байхын л хүмүүс хэгжүүн, том толгой гаргасан жаал гэдэг байж билээ. Эр бие өсөхийн хэрээр энэ толгой ч бас томроо байлгүй. Үгүй ээ тэгээд, "хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ", "цол дагаж бяр нэмнэ"... гэх мэт хэлцээс харахнээ нэг зүйл өсөн нэмэгдэхтэй уялдаж нөгөө зүйл арвиждаг болох нь илэрхий байгаа юм. Гэтэл толгой томорвол тоондоо сайжирна ч гэдэг юм уу, нэг тийм үр дүн ажиглагдахгүй юм аа, өөрт минь. Тоондоо тааруухан хүн шүү дээ. Жишээ нь, дэлгүүрээс 1650 төгрөгий юм авахаар бол яг таарсан 1650 төгрөг атгаад гарахгүй л бол бүтэхгүй. Худалдагчийн хариулж өгсөн мөнгийг кассны нь дэргэд тоолоод зогсчихно. Арын худалдан авагчид бол стоп командтай... хүлээх горимд. Дөрөв ба түүнээс дээш оронтой тоо харахаар л барьц баримжаагаа алдаад ирж байгаа юм. Яагаад ийм юм бэ гэж үү? Миний сайхан сэтгэлийн л харгай л даа. Багад багш бидэнд тоо заадаг юм. Арав... зуу... мянга гээд л заагаад байх нь тэр. Гэтэл би жаахан санаа зовоод оо. "Ганцаараа энэ олон тоог шунаглаж сураад яахав, бусаддаа үлдээе энэ чинь" ухааны юм бодоод. Тэгээд мянгаас цаашихыг ер сураагүй юм л даа. Алдар нэр горилогч биш учраас би ангийнхныхаа тусын тулд өөрийгөө гаргуунд гаргаснаа мэдээж хэлээгүй. Бага ангид хамт сурч асан хүүхдүүд маань сайн сайхан яваа сураг дуулдмагц "энэ чинь миний л ач гавъяа шүү дээ" гэж дотроо бяцхан омогшдог л юм.
Аа нээрэн тоо заалгасан гэснээс, би сургуульд орохоосоо өмнө хуруу гарынхаа тусламжтайгаар 10 хүртэл алдахгүй тоолж чаддаг байсан л даа. Тооны хувьд хэрдээ өөрийгөө суурь мэдлэгтэй гэж санаж байлаа. Гэтэл тавын тоог таван хуруугаар л төсөөлдөг байсан хүн чинь багшийн самбар дээр бичсэн элдэв сонин тэмдэглэгээг хараад цочролд орсон ш дээ. Таньдаг тав нь үнэн хэрэгтээ "5" - ийм эд байсан чинээ хэн санах билээ. Чухам тэгэхэд л би практикаас олж авсан мэдлэг онолын мэдлэгтэй зөрчилддөгийг олж мэдсэн юм.
 За тэгээд тоондоо маруухныг эс тооцвол ер нь сүрхий л эр болж төлөвшсөн шиг санадаг юм, өөрийгөө. Адаглаад л нэг их жижиг асуудлаар хөөцөлдөхгүй байна. Сая гудамжинд нэг баагий зөрж өнгөрөхдөө "Цаг хэд болж байна?" гэж асуудаг байгаа. Тэгэхээр нь би хэлсэн, "Хэд болж байгаа нь чухал биш. Цаг бол алт, тэгээд л гүйцээ".

13 сэтгэгдэлтэй:

showtimer said...

Би ч тоонд сайн шүү тоонд муу толгой томтой хүмүүсийг харахаар уур хүрээд байдын Чи ч улс төрч болон төлөвшиж байгаа юм байна даа Жижиг асуудал тоо мэтээр үл оролдон том толгой гаргах нь Мөн биз дээ энэ чинь

ЗОРИГТ8 said...

би тоонд дургү учраас л нийгмийн ухааны эрдэмтэн болсон эдр...

Badman said...

СОНИЙН ЯАСАН. ТОЛГОЙ ТОМТОЙ ХҮНҮҮС ЧИНЬ ТООНД САЙН Л БАЙДЫН Ш ДЭЭ. ЧИ ЕР НЬ ХУДЛАА ТОМ ТОЛГОО ГАРГАЧААД ЯВДЫН БАЙНА Ш ДЭЭ. ККК

PUZL said...

Шоовойд: Чи бид хоёр ер нь бараа бараагаа харалцахгүй байсан нь дээр юм байна. Өөрт нь огт хамааралгүй юмнаас болж уурлаж унжиганаад байдаг гаруудыг харахаар миний зэвүү хүрээд байдын, хахаха.
Аа харин улстөрч аятай төлөвшөөд байгаа юм бол байхгүй ээ. Би шуналгүйдээ л тэр олон тоог сураагүй болохоо хэлсэн. Гэтэл дам сонсоод байхнээ шунаг сувдаг зан чинь улстөрч хүнд зайлшгүй байдаг чанар юм биш үү ер нь?

Зоригт8-д: Би ч гэсэн тоонд дургүй. Ямар сайндаа л утасныхаа дугаарыг дан үсгээр бүрдүүлье гэж муйхарлахав дээ, хахаха.

Бадман-д: Хахаха, том үгтэй гэдэг нь. /үсэгнийх нь хэмжээг хэлсэн шүү/
Хүмүүс л намайг эх захаа алдсан, том толгойтой энэтэр гээд байдгиймаа. Тэрнээс биш би уг нь ямар ч зах мах алдаж гээгээгүй, толгой тархины минь хэмжээ дамжаа ч хэвийн л санагдаад байдаг юм, хэхэ.

Дэндэв said...

Том толгойтой эр байхнээ.
Малгай хэдэн размер өмсдөг вэ хө
хахаха

PUZL said...

Дэндэвт: Чи хө асуултаа буруу тавьж байна. Малгай размерийг өмсөнө гэж байхгүй л дээ. Зүй нь "хэдэн размерийн малгай өмсдөг вэ?" гэх байж.

busgui said...

Малгай өмсөхийн тулд толгой байдаг гээд байдгийм байлээ шд. Өмсвөл өмссөн шиг өмссөн дээр, томоохон размерийн малгайд таарах толгойтой байх зүгээрээ хө

showtimer said...

Puzld xaragdaj xeseg neg negnee xarj uurlax yum uu

PUZL said...

Бүсгүйд: Хахаха. Өө нээрэн, лут том толгойтой хүн чинь тэр чинээгээрээ том малгайтай байна. Тэгээд "малгай тавибал манайхаа" гээд нэг дайрвал малгайны нь диаметр хавийн юмыг хамраад, хамаг юм хамж аваад хоосолчихож мэдэхээр юм байна шүү. Сэрэмжилж байхад илүүдэхгүй л юм байна, тээ?

Шоовойд: Хахаха. Лаг дурандаа, зохион байгуулалттайгаар уурладаг наасан уу?

showtimer said...

Zoxion baiguulalttaigaar uurlax ch mangar xetsuu shuu tegeed bodoxoor uur xureed baival uuraa uxamsarla tegexeer ter ni ineed boldog gedeg ni unen baixaa

PUZL said...

Шоовойд: Урвагч уур байх нь, инээдэнд хувирч бариад.

Эртний анд. said...

shunal ihduul shulam bolno gj ter olon toog suraagui chin yur ni bolsiin. tegeegui bol bas yu ch boloo bilee tiimbidde, tiim shu de mangasiig darsan ntr...

PUZL said...

Эртний андад: Шунал ихэдвэл шулам болно. Шулам болвол шүүр унана. Шүүр унавал Харри Поттер шиг домбороок харагдна. Харри Поттер шиг домбороок харагдчихвал хавийн амьтан шоолоод салахгүй... гээд цаашаа явж өгнө шүү дээ.

Сэтгэгдлээ бичих