Saturday, January 29, 2011

Цагаан сарын талаарх бараан дурсамж ба бас бус.

Бодын шагай шиг дүүтэйгээ маазарч сууснаа блогоо эргэлгүй удаж буйгаа гэнэт санаад хүрээд ирлээ. Үгүй ээ энэ манай дүү гэж үнннэн авъяасгүй зураач байна аа. Уг нь эмээ нь аятайхан зурчихдаг, ээж нь бол бүр дориун зурдаг юм. За аав нь бол бүр уран зураач хүн байгаа юм шүү дээ. Гэтэл мань хүн л паг шүү. Уг нь их задгай сэтгэх юм л даа. Адил хажуут гурвалжнархуу дүрс зурчихаад түүнийгээ бөмбөг энэтэр гэж тайлбарлана. Даанч намайг, нагац ахыгаа өрөөсөн чих, нүүрнээсээ хальж гарсан том амтайгаар зурдагт нь урам хугараад байгаа.
Нээрэн дүү гэснээс, одоогийн хүүхдүүдийн өсөлт гэж ёстой хөгийн юм болжээ. Манай энэ чихгүй толгой чинь босч зогсоод харахаар тээр доор л харагддаг юм. Суугаад харахаар аанай л тээр доор харагддаг юм. Одоо дөрвөн настай. Аль дөрөв таван жилийн өмнө л яг иймэрхүү өндөртэй байсан шиг санагдаад байгаа юм. Гэтэл бид багадаа яадаг байлаа даа айн? Сараар биш өдрөөр өсч, гурван нас хүрмэгцээ л "Гурван настай гунан улаан баатар" энэтэр гэж алдар нэрээ дуурсгаад мангасын толгой хяргаад явдаг байлаа шүү дээ.

Гэснээс ойрд ахмадууд сонсох сонинтой, авгай хүүхнүүд ярих яриатай өдрүүд үргэлжилж байх шив. Би хувьдаа онцгой байдлынхан, гал сөнөөгчдийг жинхэнэ баатрууд гэж боддог оо. Хүйтэн, халууныг үлж ажран, гамшиг аюулын эсрэг амь хайргүй тэмцэнэ гэдэг бол баргийн аавын хүү хийж дөнгөх ажил биш. Аа гэхдээ саяхан ассан өнөөх байшинг гал сөнөөгчид маань унтраасан уу, эсвэл өөрөө шатаад дуусчихсан уу?
За бас Шинэ... энэтэр гэсэн нэртэй хүмүүс шинэ улс төр хийнэ гэлцээд байснаа шинээр байгуулсан намынхаа даргаар хуучин улс төрч тавьж орхих шиг боллоо. Хуучин, хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн ходоод гэдэс хямраадаг. Түүн шиг "хугацаа нь дууссан" эрх мэдэлтэн төрийг хямраах вий гэх хүн олон байна.

За тэр ч яамай. Нээрэн цэргийн баяр удахгүй боллоо доо, тийм ээ? Цагаан сар, маарт болоогүй байхад юун цэргийн баяр вэ гэж үү? Хэдэн нүүдлийн цаадахыг хардаг бай л даа та нар минь. За худлаа, худлаа. Цагаан сараар туж бүтэлгүйтдэг болохоороо би эл баярын тухай ярих баахан дургүй байдаг юм.
Түрүү жилийн шинийн нэгэнд л гэхэд, би зодох хүн хайгаад гадуур алхаж явлаа. Цагаан сараар ямархуу байдалтай байна, тухайн жилжингээ тийм байна гэлцдэг болохоор шинийн нэгэнд хүн зодоод жилийн турш бүлтэй байя л гэж бодсон хэрэг шүү дээ. Нялх хөгшин, эр эм хамаагүй ерөөсөө хамгийн эхэнд тааралдсан хүнээ л хэмх балбачихъя гэж санаж явлаа. Тэгсэн чинь нэг махлаг булиа эмэгтэй өөдөөс айсуй харагдав аа. Тэгэнгүүт би за энэ эмэгтэйг өнгөрөөгөөд л дараачийн хүнийг нь яг зодъё гэж шийдэв. Аа тэгтэл ч жижигхээн хав нохой хөтөлсөн нэг залуу өөдөөс ирж явна. Турь муутай юм аа чааваас. За энэ мууг л ямар нэг шалтаг гаргаж байгаад бялба нүдэх юм хуна хэмээн бодож байтал харин нөгөөх чинь дөхөж ирснээ "Өнөөдөр ч цаг агаар сайхан байна шүү, тийм ээ?" гээд инээж байна. Тэгмэгц нь би "Би сайхан цаг агаартай өдөрт дургүй. Дургүйг минь мэдсээр байж чи албаар янз үзлээ" хэмээн үгээ эхэлснээ "цагаан сарыг улаан болгоод өгье л дөө" гэж төгсгөөд нударга зангидан очдог юм.
Яг тулаад очтол нөгөө муу дагуулж явсан жижигхэн хав нь амьдаар минь залгих нь ээ.
Надад Чингис хаантай адил нэг шинж байдаг юм. Тэр бол цэрэг удирдах гарамгай чадвар, хүн таних гайхалтай ухаан... эдгээрийн аль нь ч биш, гагцхүү нохойноос цочимтгой байдал маань байгаа юм. Нохойноос айдаг айдсаа би Чингисийн удам болохыг минь батлах нотолгоо гэж үзэж их бахархдаг л даа.
Аа гэвч тэр үед... Нохой чинь боргохдоо хилэнтэйгээр архирч хуцдаг даа? Тэгтэл тэр хав намайг юман чинээ үзэхгүй бүр нэг даажинтай, цолгиун дуугаар хуцаж байгаа юм даа. Сүүл мүүлээ шарваж, хэлээ унжуулан хоёр тийш булталзах, дороо хөрвөөх гэхчлэн аяглах нь аймаар гэж жигтэйхэн. Би ч сүнсээ зайлтал айгаад, ухаан зулаггүй зугтаасан. Дэвхчиж цовхчиж байгаад уяанаасаа мултраад намайг бүтнээр минь идчихвэл яана энэ чинь. Уяанаасаа мултрах ч гэж, тийм том хав бол уяа муяахныг тасар татаж ч мэднэ.
Үгүй ээ тэгээд энэ эрдэмтэд гэж жижигхэн юмаар хөөцөлдсөн хачин улс байх юм аа. Шумуулнаас хамгаалах тос бүтээж ч байх шиг. Тэр муу жижигхэн шумуул яахав дээ, хазлаа хатгалаа гээд хонго зумлаж, мах өмлөх биш. Зүй нь бол нохойноос хамгаалах тосон түрхлэг л зохиох хэрэгтэй байгаамшд.

9 сэтгэгдэлтэй:

Дэндэв said...

Аргагүй л Чингээгийн удам юм даа чи хахаха

busgui said...

дүү чинь зүй нь чамайг яг үнэнээр нь зурсан юм байна шд. Чи гэж нэг хүний үг сонсохгүй (өрөөсөн чихгүй юм шиг), зоргоороо чалчдаг (дарвайсан амтай) нөхөр нэг байхиймаа ахаха

А said...

хахаха, санацан байшт солиотышг

Гилийн хатан said...

Naa нэг махлаг булиа shar эмэгтэй chin bi baisiinshd, chi nadaas aina l daa, hehe

PUZL said...

Дэндэвт: Юун Чимгээ?

Бүсгүйд: Хахаха. Гэснээс он гармагц блог нээнэ гээд байсан хүн хаа байнаа? Ингээд байвал "Амлалт нэхэх ард түмний холбоо" байгуулаад, зөрчигдсөн эрх ашгийнхаа төлөө тэмцэнэ гэж мэдээрэй.

Юкид: За солиот нь ч юучив. Санах ой чинь тун учир дутагдалтай ажиллаж байна шүү, нөхөөр! Дахиж шинээр ачаалла. Энэ удаад ухаант, ялгуун ч гэдэг юм уу, за бүр болохгүй бол царайлаг, нил булчин энэтэр гэж сана, окей?

Гилийн хатанд: Айгаагүй хөөе! ...заза Пазл минь хэнийг хуурах гээ вэ.

Дэндэв said...

Хахаха Чингэс

PUZL said...

Дэндэвт: Битгий ярианы сэдэв өөрчлөх гээд бай! За би дахиад асууя. Юун Чимгээ?

(Мангар ядаргаатай наассс хаха)

showtimer said...

shoowoi badarchin bol deer ued 2 tayagtai noxoi davxiad irexeer negiig ni amruu ni xiij baigaad nuguuguuruu zuulgasan tayagaa daguulaad xonshoort ni xusaj unagadag baisiin. yavgan nustgen badarchind noxoi xorij ugux xun baix bish

PUZL said...

Шоовойд: Нэг тийм, нохойд барьдаг... бадарчинтай бололтой нь билээ :)

Сэтгэгдлээ бичих