Thursday, March 17, 2011

Дайнд биш давсанд л явдаг эр дээ, би.

"Уруудахад унтах идэх... л гол нөлөөтэй шүү" ч гэдэг юм уу, нэг тийм хэлц бий. Тэр төгсгөлийг нь би сая зохиочихлоо л доо. Зохиосон хүн нь төгсгөл мөгсгөлтэй нь нэг мөр зохиочихгүй зүгээр, аягүй бол идэх юм эргүүлээд, эсвэл нойрондоо дийлдээд яваад өгсөн дөө, нэг их сүрхий сургааль айлдаж байснаа.
За гэхдээ тэр хамаагүй. Харин би уруудаж яваа нь тэр юм байлгүй, дээрх 2 шинж хоёулаа энэхэн биед минь илрээд байна. Учиргүй их идэх юм, унтахаас өөрийг хийхгүй юм. Идээд идээд гэдэс цадахгүй, унтаад унтаад нойр ханахгүй. Ингэхэд нойр хулжаадаг эм бэлдмэл байдаг юм болов уу, мэдэх үү таминь ээ. Энэ эрдэмтэд нойрны эм, нойрсуулагч тариа энээ тэрээ бүтээсэн хэрнээ нойр хүргэдэггүйг нь болохоор зохиохоо мартчихсан л байгаа даа, аягүй бол..
Би нээрэн учиргүй их унтана. Унтаад босч ирмэгц ахиад л нойр хүрнэ. Эргэх холбоо бол энүүхэн хооронд. Аа бас зүүд нойрыг тойрсон санаа зовоох асуудлууд зөндөө байна. Жишээ нь зүүдэндээ ярьдаг эсэхээ яаж мэдэх вэ ч гэдэг юм уу. Дуг нойрондоо дугжирч байхдаа "Цэрмаа, чиний наад уруул дээрх мэнгэ..." энэ тэр гэж элдвийн юм ярьж байж гардуулвал яана энэ чинь.
Энэ зүүд гэж бас их жигтэй зүйл. Бүр зүүдэндээ босч явж, тэр бүү хэл унтаагаараа ямар нэг үйлдэл хийдэг улс байдаг гэж байна. Ухаандаа, ханилсан хань чинь шөнө орны чинь хажууд сүх далайгаад зогсож байвал яана? Айгаад л орилсон чинь, "Хашгичаад хүн сэрээчих юмаа. Хүн түлээ хагалж байна гэж зүүдэлж байхад чинь" гээд хэнэг ч үгүй зогсож байвал аягүй биз? Тиймээс миний л хувьд, ирээдүйн авгайгаа сонгоход нөлөөлөх хамгийн том хүчин зүйл бол зүүдэндээ явдаггүй байх явдал нь байх болно оо.
Зүүд гэснээс, лаг гоё өег зүүд байдаг тээ? Би жишээ нь аймар зодолдож зүүдлэхээрээ аягүй өндөр сэтгэгдэлтэй сэрдэгшд. Тийм айхтар танхай этгээд үү гэж үү? Үгүй ээ, би амьдрал дээр бол зодолдож чаддаггүй юм. Хэл амаараа бол хэний ч дор орохгүй. Хэлэмгий доломгой хэрнээ зодолдож чаддаггүй гэж юу гэсэн үг болохыг мэдэх үү? Амнаасаа болж байнга зодуулна гэсэн үг шүү дээ!
Аа гэтэл зарим зүүднээс болж хэдэн өдрөөр ч гонсойх тохиолдол гардаг аа. Саяхан гэхэд би ингэж зүүдэллээ. Асуулт хариултын тэмцээнд оролцож байх юм. Хөтлөгч нөхөр "За та тун амжилттай явж байна. Одоо эцсийн асуултанд хариулчихвал автомашины эзэн болно. Харин хариулж чадахгүй аваас юу ч үгүй хоцорно. Ингээд асуултаа сонсоорой. Зуун төгрөгтэй явсанаас юутай явсан нь дээр гэдэг вэ?" гэж байна. Би ч "ийм амархан асуулт гэж байдаг аа. Машин ч баараггүй минийх боллоо" гэж бодоод л маадгархан хариуллаа:
-Зуун төгрөгтэй явсанаас мянган төгрөгтэй явсан нь дээр гэдэг!
Тэгээд л машин ч үгүй, өмнөх асуултуудад хариулсан шагналын мөнгө ч үгүй хоцорсон юм даа. Хэдий зүүд ч гэсэн, тийм амархан асуултанд бүдэрсэндээ одоо хүртэл харамсаад байдаг юм.
Гэснээс, унтаж унтаж босч ирэх тоолонд л ямар нэг хэрэг мандчихсан байх юм. Нэг сэрсэн чинь Египтэд хувьсгал гарчихсан ч байх шиг. Ахиад нэг унтаад сэртэл Японд сүрхий аюул нүүрлэчихсэн байх юм. Сүүлдээ би энэ бүхэн намайг унтсантай холбоотой юм биш байгаа гэж бодоод унтахаасаа ч айдаг боллоо. Ахиж давсанд яваад (дэлгүүр лүү биш!) бас хаанахыг ч болохыг нь байлгачих юм билээ.
Гэхдээ яг сураг сонсохнээ, Япончууд тэр чигээрээ Монголчуудыг тэр чигээр нь доромжилж, зодог шуудагтай гомо порно хийсэн учраас манай бөө нар уурлаад, бөөлж хайлж Японыг яйран болгосон нь энэ гэж байна. Хорин нэгдүгээр зуун, техникийн эринд аж төрж буй хот газрын оршин суугчид үнэмшчихсэн ингэж ярьж яваа нь их үнэмшил төрүүлж байна. Нээрэн манайх ч ганц муу Япон битгий хэл дэвэн дэлхийг тэрчигээр нь сүйд хийж хүрэлцэхүйц олон бөөтэй л дөө. Одоо энэ муусайн орос хятадуудаас, цаашлаад цөмийн зэвсгээрээ түрий бариад байдаг улсуудаас сүрддэг цаг ард хоцорчээ. Бөө нар маань байхад алзахгүй нь. Цаашид бүхий олон бөө нарын маань онгод сахиус нь улс эх орноо хамгаалаад байж бүрнээ чадах тул батлан хамгаалах яамыг ч татан буулгах талаар бодож үзэх хэрэгтэй. Манай нарийн мэргэжлийн бөө нар ч сүрхий улс юм болохоороо гадаад орны эсрэг том л хөдөлнө, тэрнээс биш гомо порноноос ч илүү шижиг хүргэм улс төрч хувалзнуудыг тоож оролдох жижиг гарууд биш гэж байна.
За тэр ч яамай, харин энэ их нойрыг л бармаар байна. Дэрэн дээр толгой тавихаараа их буугаар буудсан ч сэрэхээргүй шахам тийм балай бөх унтдаг хүн шүү дээ, би. Одоо бүр өөртөө "Мэдрэлээ Алдан Хурхиран Нойрсогч" буюу "МАХН" гэсэн онош тавиад байна. Гэснээс Ардын намынхан бөөн зарга үүсгэхгүй байгаа даа? МАХН гэсэн товчлол бүр тэдний өмч юм гэсэн үү, юу гэсэн?

14 сэтгэгдэлтэй:

Дэндэв said...

Хахаха
Бөөд хэлээ л нойргүй болчооч.

showtimer said...

bi bol yag uneneesee xonogiin 14 tsagt ni untjiinaa

Гилийн хатан said...

nadad unegnii nud oldchoosoi geed l yavj bna

"Хашгичаад хүн сэрээчих юмаа. Хүн түлээ хагалж байна гэж зүүдэлж байхад чинь" гээд хэнэг ч үгүй зогсож байвал аягүй биз?
Haha, aimeeriinmee

PUZL said...

Дэндэвт: Хахаха. Нойрноосоо салах гэсэн хүнийг бүр нэгмөсөн нойрсуулаад хаячихвал яахын. Японыг яасныг нь хараагүй юу чи?

Шоовойд: Сайрхах ч юм биш дээ, Шоовой минь.
Гэснээс чи хаагуур манаргаад явна аа? Бичиж байгаа юу ер нь?

Гилийн хатанд: Аа энэ эмэгтэйчүүд яг ингэдэг байхгүй юу. Бэлээхэн хоёр нүдтэй байж бүр хаа хамаагүй үнэгний нүдэнд шунаад л явна.

Anonymous said...

Унтаад сэрэхэд маргааш болчихсон байдаг Энэ чинт өөрөө гайхамшиг

PUZL said...

Какадуд: Энэ их нойр нозоорол миний хувьд гайхамшиг биш гай гамшиг болчихоод байна өө.

Гилийн хатан said...

Учиргүй их идэх юм, унтахаас өөрийг хийхгүй юм. Идээд идээд гэдэс цадахгүй, унтаад унтаад нойр ханахгүй.

Hun jiremsen bolohoor l deerh shinj temdeg ilerdeg dee ug ni, haha

WÞ[A]!†H(Эрэлгийн Элч) said...

яаг үнэндээ энэ их унтаж чадаад байгаа хүмүүст атаархжийнэээ.......

PUZL said...

Гилийн хатанд: Харин жирэмсэн хүн л ингэж хань татаж, хавийн амьтныг жирэмсэн гээд байдаг даа уг нь... Заза, эмэгтэй хүн дээр хэрэглэхээр шал тэнэг юм байнаа.

Эрлэгийн элчид: Ёоё, цочлоошдээ нэрийг чинь хараад. Орооцолдсон утас шиг, овон товонтой зам шиг, цууралт өгсөн барилга шиг, цунамид өртсөн эрэг шиг ярвигтай нэртэй лүд шүү чи нээрэн.

WÞ[A]!†H(Эрэлгийн Элч) said...

ийм байвал сүртэй биздээ

PUZL said...

Эрлэгийн элчид: Аа... нөгөө... юу л даа... хмм... за байз... гэснээс өнөөдөр цаг агаар сайхан байна шүү, тээ?

WÞ[A]!†H(Эрэлгийн Элч) said...

Хавар цаг ирээд гадаа ч тэр блогууд ч улам л гоё болоод байна да

A.Амарсайхан said...

Зуун төгрөгтэй явснаас мянган төгрөгтэй явсан дээр гэдэг чинь зөв л хариулт байна шүү дээ. Машинаа авна гэж заргалд

PUZL said...

Эрлэгийн элчид: Яамай даа тэгвэл. Харин миний хувьд гэрийн гадаа ч, гэдэс дотор ч тун барагтайхан байна. Гадаа шороо шуураад, галтай усны балгаар дотор муухайраад бүрзгэр байнөө.

Амарсайхан ахад: Мэдлээ гүйцэтгэе! (тусгай салааны байлдагчийн байртай ёслов)

Сэтгэгдлээ бичих