Tuesday, October 18, 2011

Надаар нэг иймэрхүү сонинтой.

Ахиж би хэз-зээ ч хичээл ном үзэхгүй! ...гэж өөртөө ам өчиг өгч байсансан, их сургуулиа төгсөхдөө. Ингэхээ мэдсэн бол тэгдэггүй л байж. Ер нь хэрээсээ хэтэрсэн зүйлд ам гарах дэмий байдаг. Өсвөр насны өрвөлзсөн хүү байхдаа би үеийнхээ охинд сэтгэл алдарчихаад "Чанх дээр мэлтийх сарыг Чамд бэлэг болгон өгсөн ч чадна" энэтэр гээд их дүвчигнэж билээ. Базаахгүй царайтайнхаа ачаар тэр охинд тоогдолгүй амар жимэр өнгөрсөн юм. Тэгээгүйсэн бол ганц байгаа сарыг нь нэг годгор охинд бэлэглэснийхээ хариуд газар дэлхийн улсуудад турсгаа хуулуулахгүй юу.
Би нэг сургалтанд суугаад аа. Анх энэ мэдээг дуулчихаад үеийн минь хөгшид "Хөгшин азарга жороо сурна гэгчээр өдий насандаа эрдэм сурах чинь ч лөөлөө байхаа... Тээр жил, хувьсгал (ардын? ардчиллын?) ялсны дараахан төр засгийн шийдвэрээр би хуучин бичигт шамддаг юм болоод, тэрийгээ овоо нүдэлж байтал латин үсэгт шилжинэ гэсэн яриа гараад, энэ муу өгөр толгой дунд нь бүр будилж гүйцээд эцэст нь аль ч үгүй хоцорч билээ. Одоо бүр гар утсандаа ирсэн мессэжийг ч зөв уншиж чаддаггүй ш дээ. Чиний ном үзэх ч тэрэн шиг л буруу хойшоо юм болно доо" гэж мэгээд, миний оюуны чадамжийг илт басамжлан өөрсөдтэйгөө зүйрлүүлж бариад тэнэгтэцгээгээд байсан юм. Гэтэл одоо би номоо сураад шувтрах шатандаа орчихлоо, нохойн дуу ч ойртлоо. Их ч зүйл сурлаа... Их ч уйллаа, сайхан кино байна - гээд хадуураад явчихгүй юу.
Ер нь энэ мэтчилэн хүн өөрийн оюун ухааныг, түүгээр ч зогсохгүй бие бялдраа хүртэл тасралтгүй хөгжүүлэх нь зүйтэй гэж байна. Би л гэхэд ойрмогхоноос өөрийгөө таргалаад байна уу даа гэсэн хар төрөөд (Хань ижилгүй хүн чинь хар толгойгоо л хардаж суух юм байна шүү дээ. Толгойгоороо таргалсан ухааны юм бодуузай харин!), тэгээд спортоор эрчимтэй хичээллэхээр шийдээд байна. Тарга тэвээргээсээ салахад спорт биеийн тамир бузгай сайн нөлөөлдөг гэж дууллаа. Тэгэхээр нь сайхан туранхай болох үүднээс спорт спортын дундаас шатрын спортыг сонгосон. Хэдэн өдөр идэвхтэй шатар нүүлээ. Жин хассан шинж одоогоор илрээгүй ч, үр дүнд хүрнэ гэдэгтээ би итгэлтэй байгаа.
Өөр сонирхуулчих сонин гэвэл Вүүди Аллений кинонуудыг эхнээс нь түүж үзэж байна. Ер нь би их төлөв инээдмийн кино л үздэг юм. Учир нь инээдмийн кино үзэх их... инээдтэй байдаг.
Кино гэснээс, киноноос авууштай зүйл ч их, авмааргүй зүйл ч бас л их байх юм даа. Сурагч байхдаа би нэлээн дүрсгүй хүүхэд байсан юм. Бараг хичээл ордог багш болгон "энэ нэг юмнаас салж нэг санаа амрах юмсан" гэж үглэнэ. Тэгээд арваа төгсдөг өдрөө эгнэж зогссон багш нарыгаа Терминатор шиг зэвүүн хүйтэн, төмөрлөг харцаар цоргиод "I'll be back!" гээд хэлчихсэн чинь захаасаа зарим нь ухаан алдаад уначихаж билээ. Мөн ч амархан ухаан алддаг сан, манай сургуулийн багш нар... энэтэр гээд дэмийрээд суувал мөддөө дуусахгүй шинжтэй. Мартсанаас мал мэнд үү гэгчээр сонин хачин юутайв дээ? Манай ерөнхийлөгчийн ази шар нүүрийг америкийн ерөнхийлөгч пад хар гараараа "өнгөлөн далдалсан" энэтэр гээд элдвийн шуугиан дэгдээд байна уу, үгүй юу?

13 сэтгэгдэлтэй:

soulmate said...

хахаха гоё шүү

шатар ч бас овоо тураадаг оспоорт шүү. хоол ундаа мартаад өдөржин суучих юм бол ккк

өөр нэг сайтар тураадаг спорт санаанд бууж байх юм, гэвч анх зочилсон блог дээрээ ичингүйрээд бичиж чадсангүй ээ.

дагачаад гарлаа :р

ЗОРИГТ8 said...

Вүүди Аллены киноноосоо пааслаач

MRowan said...

Шатар тогловол нүдээрээ турах магдлалтай.

gavji said...

Мөн ч амархан ухаан алддаг сан, манай сургуулийн багш нар... !!!! хахаха, нэг л их ухаан алдуулсан хууч ярьсан хүн :D

Гилийн хатан said...

surgaltaa duusgaad honhnii bayaraa hiisnuu

Гилийн хатан said...

ene huvuun haachvaa, gadaad yavsiin boluu, gehdee gadaadad bas internet baidgiin bna lee shd, hehe

PUZL said...

Соулмэйтэд: Тийм ичгэвтэр спорт юм бол бичээд хэрэггүй ээ. (Дараа миний чихэнд шивнээрэй)

Зоригтод: Нэтэд хогоороо байна лээ. Би тэндээс л чирч авсан... бишээ, татаж авсан.

МРованд: Аан тэгээд л шатарчид их туранхай нүдтэй байдаг байх нь... гэж мэгээд :)

Гавьжид: Нээрэн гэм! Тэр ч бүү хэл, тэгж муурч унадаг нь дэлхийн таталцлын хуультай холбоотой гэж байна лээ, учир мэдэх хүн тэгж хэлсэн.

Гилийн хатанд: За боль доо, жаахан хүүхэд шиг юм ярих юм.

Дахиад гилийн хатанд: Амьд яваа насандаа гадаад явахгүй дэг... энэтэр гэж эх оронч царайлж бариад :)

ТОМ said...

ТОМ ТОМ ярьсан ТОМ-оогүй жаал байжээ чи

ThinkBigger said...

Аа тийм танилцая, мартах шахлаа, Намайг ТОМ гэдэг Т О М, чамайг ПЬЮЗЛ гэж болохын байгааз дээ

PUZL said...

Томд: Хаха өөрийгөө хэл ээ, том том бичсэн томоогүй жаал минь.

ТинкБиггерт: "чамайг ПЬЮЗЛ гэж болохын байгааз дээ" - Болохгүй!!!

showtimer said...

Uchir ni ineedmiin kino uzxeer ineedtei bna ch gex shig sansriin nisgegch yum aa chi

PUZL said...

Шоовойд: Хахаха. Хэдий гажиг гар ч гэсэн инээдмийн кино үзэхээрээ айж цочиж, асгартал уйлдаг л гэж битгий хэлээрэй дээ чи.

calendulazajdel said...

Borgata Hotel Casino & Spa, Atlantic City - Dr. Maryland
With an 안산 출장샵 average stay of just $15 at Borgata Hotel Casino & Spa, you'll 실시간 바카라 사이트 승리바카라 be centrally located in 양산 출장샵 Atlantic 포항 출장샵 City, steps from LIH Museum 광주 출장샵 and steps from

Сэтгэгдлээ бичих