Яруу найрагч А бол өдөн үзгээр шүлэг бичиж заншсан нэгэн байв. Тэрээр шөнө, унтахынхаа өмнө шүлэг зохиолоо бичдэг байлаа. Уянгын шүлэгт эртнээс нааш хайр сэтгэлийг л дүрсэлж ирсэнчлэн, яруу найрагч маань ч энэ сэдвээс хазайсангүй.
Алсын толгодод хөмсгөн саран шингэх нь
Ялимгүй мишээсэн уруулын чинь хэлбэртэй төстэй.
Амраг чиний минь уруул ойн тэртээгээс инээж байна уу гэлтэй,
Толгодын орой дахь ойн тэртээгээс.
Армаг тармагхан ой - торон дэвүүр мэт
Инээмсэглэх уруулыг чинь нэвт гэрэлтүүлэн байна,
Тэрхүү дэвүүр.
Яруу найрагч гэнэт ямар нэгэн зүйлийг эргэцүүлэн бодов. Чухам юуг тэр юм бол доо. Шөнийн тэнгэрт харин хөмсгөн сар бус үзэмж төгс бүтэн сар гэрэлтэнэ.
Нэгдүгээрт, дэвүүр гэсэн нь зохимжгүй болчихов бололтой. Одоо чинь намар цаг, шөнийн цагаар юм бичихэд алганы ар жинддэг үе шүү дээ.
Иймэрхүү зугаа шүлэг бичихэд энэ мэт улирал андуурсан явдал нь нэг их анзаарагдахгүй л дээ. Гэвч, "тэрхүү дэвүүр" гэсэн үгээр төгсгөчих юм бол шүлэг бүхэлдээ "намрын дэвүүр" гэх шиг цаг үетэйгээ зохицоогүй, ядмагхан зүйл болж орхино. Эндээс үзэхүл эл найрагч намар болуут л тувт намрын тухай шүлэглэдэг авъяаслаг найрагчдын төрөлд багтах хүн биш бололтой ажээ. Тэрээр бодож залхсан янзтай үзэгнийхээ өдөөр уруул амаа оролдон суув. Уг хөдөлгөөн нь нэгэн хэмнэлээр үргэлжилнэ.
Энэ мэт үйлдвэл онгод орох магадгүй гэж сэтгэж л дээ. Гэсэн хэдий ч онгод нь түүн дээр ирсэнгүй. Шувууны гөлгөр өд яруу найрагчийн уруул дээгүүр ирвэгнүүлэн гулсана. Тэгж байтал онгодоос ондоо ч, нэг тийм сайхан мэдрэмж уруулаар нь дамжин мэдрэгдэв.
Яруу найрагч сандлаасаа огцом босоод догдолсон байртай эргэн тойрноо харлаа. Улмаар ширээн дээр чулуудаж хаясан өдөн үзгээ хайнгадуухан авч халааслаад, шалан дээр хэвтэх вискиний хоосон лонхонд бүдрэн байж цонхны зүг очлоо. Сайхь жижигхэн цонхыг онгойлгож, хотын захын төмөр замын гарамны гэрэл дохио асч унтран байхыг хэсэг ажиглав. Дараа нь яруу найрагч ямар нэгэн юмыг шийдсэн бололтой ханан дахь хадаасанд өлгөөтэй байсан хүрмээ авч эв хавгүйхэн өмсөнгөө, байрнаасаа хазайсан толинд зүсээ хальт харчихаад гэрээсээ гүйн гарлаа. Чингэхдээ сэгсийсэн үсээ ч янзалсангүй.
Бүтэн сартай энэ шөнө хотын орчин чимээ аниргүй, нам гүм. Тэнгэрт хөвөх үүлс сарны гэрэлд сийлбэр мэт харагдана. Яруу найрагч, ийм нүд гялбам сарны гэрэл рентген туяа шиг үйлчлэлтэй байх нь дамжиггүй хэмээн алхах зуураа бодолхийлэв. Хүний сэтгэл зүрхийг тольдон харуулж чадах атлаа түүнийг эмчлэх анагаахад ямар ч нөлөө үзүүлдэгүй рентген туяа шиг...
Уулын орой дахь байшин руу зүглэн тэрээр дээш өгсөнө.
Нэг хачирхалтай бүсгүй уг байшинд амьдардаг юм. Бүсгүй өөрийгөө зураач гэх боловч зөвхөн шөнийн цагаар, чийдэнгийн гэрэлд л зураг зурдаг зуршилтай байлаа. Үнэхээр ч жимс жимсгэнэ хүртэл шөнийн цагт илүү үзэмж тансаг харагддаг даа. Бүсгүй хүн ч үүнээс ялгаа үгүй билээ.
Мөнөөх бүсгүй олон эрэгтэй найзтай. Найз эрчүүд нь бүсгүйн үгнээс зөрнө гэж үгүй. Эмэгтэй үдэш оройн цагаар ирдэг найзууддаа зориулж хашаанаасаа урлан руу дамждаг хаалгыг цоожлолгүй онгорхой орхино. Тийм боловч найз харчуул нь бүсгүйг харь гэвэл шуудхан гэртээ харина, үлдэхийг хүсвэл нь урлангийн сандлуудыг эгнүүлэн засч өгсөн дуу чимээ ихтэй "ор"-н дээр нь хоноглоод явдаг байлаа. Ийм ёс суртахуунгүй явдлыг юундаа нуршина вэ хэмээн бодуужин, (муу муухай зүйл өгүүлэх гээгүй тул буруугаар ойлгохгүй байхыг хүсье) бүсгүй бол бие махбодын хувьд ч, сэтгэл санааны хувьд ч цэвэр ариун эмэгтэй юм.
Найрагч эр намхан цагаан хаалгыг түлхмэгц хонхны дуу агшин зуур жингэнээд сарнин замхрав. Хашаанд нь энхэлгэнэ, мандарваа цэцэгс дүүрэн ургажээ. Шөнийн харанхуйд хүрэн улаан өнгөт энхэлгэнэ тас хар харагдана.
Урлангийн хөшиг нээгдэж, бүсгүй хашаа тийш шагайв. Бүсгүйн царай сүүдэртэн харагдаж байсан ч үсэнд нь туссан гэрэл найрагч А-ийн нүдийг гялбуулна. А-г таниад бүсгүй хаалгаа тайлж өглөө.
-Зурах бэлдцээ бэлдэж байлаа. Их сонирхолтой шүү. Наанаа юу хийгээд байгаа юм бэ, алив орооч.
-Оройн мэнд. Яруу найрагч маанаг хүн аятай мэндлэв.
Урлан хэтэрхий гэрэлтэй байх агаад ширээн дээр нүдэнд дасал болсон кофены иж бүрдэл гялалзан гялтганан байна. Зориуд үрчлээ гарган чимэглэсэн бүтээлэг бүхий өөр нэг ширээн дээр алим, лийр, шавдал жимс, усан үзэм бас ногооноороо байгаа жүрж зэргийг эмх замбараагүй овоолсон байв.
-Зөвхөн алим, лийрнүүд байвал ямар вэ? Энэ хэвээрээ бол жимсний дэлгүүрийн сурталчилгаа шиг харагдаж байна.
Яруу найрагч энэ үгийг элдэв санаагүй хошигнож хэлтэл, гэрээсээ хичээнгүйлэн авч ирсэн ямар нэгэн зүйлийг санамсаргүй унагаад үйрмэг болтол нь хагалчих шиг мэдрэмж төрлөө. Харин тэрхүү "ямар нэгэн зүйл" нь чухам юу болохыг өөрөө ч мэдсэнгүй. Өөрийн эрхгүй сэтгэл нь тавгүйтсэн нь л үнэн юм даг.
-Чимээгүй харж бай, мэдрэмжгүй яруу найрагч минь. Тэгж ярьвал чиний бичсэн шүлгүүд оршуулгын газрын зарлалын ч үнэгүй шүү дээ
хэмээн бүсгүй эрүүн дороо давхар эрүү гартал хөхрөнгөө хариу барив. Гурван хөлтэй намхан сандал дээр суугаад баруун гарынхаа хуруунд өлгөн барьсан будгийн нийлүүр, усан будаг сэлт ашиглан зурж буй зураг нь яруу найрагчид бага ангийн хүүхдийн бүтээл шиг болхидуу санагдана. Гоо сайхны хувьд, паалантай цагаан нийлүүрэн дээрх солонго мэт өнгө өнгийн будагнууд хавьгүй илүү харагдаж байв. Нийлүүрийн нүхээр цухуйсан бүсгүйн хуруу ч энэхүү олон өнгийн бүрдэлд сарнайн өнгө нэмнэ.
Яруу найрагч, бүсгүйн хамаг анхаарлаа зургандаа хандуулан бөхийхийг далимдуулан уруулыг нь сэмхэн ажиж байлаа. Залуу эмэгтэйн улаахан уруул ямар ч жимснээс илүү амтлаг харагдана.
"Тэр зөвшөөрөх болов уу? Агшин зуурын л үнсэлт юм сан. Үнсчих л юм бол би шуудхан гараад зугтаачихна даа."
Бүсгүй, сэтгэлийг нь хөгжөөж буй зочиндоо жаал дасч, нүүр хагарав бололтой. Зургийн хэрэгсэлтэйгээ хайш яйш харьцаж эхлэв. Зурж буй зураг нь харин огт ахисангүй. Тэгснээ жаахан солиотой ч гэмээр аашилж, бийрнийхээ хуурай үзүүрийг гэнэтхэн зуугаад чанга чанга хазаллаа.
Зураг нь нэг л сайн болж өгөхгүй байх шиг. Зураач бүсгүй бийрнийхээ үзүүрийг шүднээсээ салгаж, ухаангүй мэт уруулаа илбэх нь тэр.
Энэ байдлыг хараад яруу найрагч мансуурч согтсон аятай болчихов.
Бүсгүй зураг руугаа харсан чигээрээ, эелдэг дуугаар яриа эхлүүллээ. Чингэхдээ улаан будганд дүрсэн өнөөх бийрээрээ алимны хальсыг будах аж.
-Ямар хэргээр ирсэн юм бэ, ийм орой болсон хойно?
-Шүлэг...шүлгээ олигтой бичиж чаддаггүй ээ.
-Хоёулаа ч адилхан байна шүү. Гэхдээ юу гээч, бид ганц ганцаараа байх юм бол илүү үр дүнтэй ажиллах байх аа. Харих болоогүй юу?
Бүсгүй хар хоргүй сайхан мишээсээр яруу найрагч руу эргэн харсанаа, хүрэмний нь халааснаас урт өдөн үзэг цухуйхыг ажиглаж,
-Үгүй ээ энэ чинь... Энд бичихээр ирсэн хэрэг үү? Яагаад?
Эхэндээ яагаад ингэж бодсоныг нь ойлгоогүй ч яруу найрагч бүсгүйн харцыг дагуулан өдөн үзгээ хараад, жаахан хүүхэд шиг хацар нь улайж орхив.
-Аа энэ үү? Чамд бэлэглэхээр авч ирсэн юм аа.
-Өө баярлалаа.
Бүсгүй томоогүй инээмсэглэл тодруулсаар,
-Хариуд нь би зургаа дуусахаар энэ бүх жимсийг чамд өгөмз.
-Үгүй ээ. Юу л даа... би тэрийг авмаар байна. Тэр бийрийг.
Яруу найрагч шийдэмгий өчив. Царай нь энэ удаа үл ялиг хөх туяатай харагдана.
-Энийг үү? гээд бүсгүй туяхан хуруугаараа хавчин барьсан бийрээ гайхан харсанаа өгүүлэв.
-Яамаар ч юм бэ дээ. За тэг тэг. Хүсч байгаа бол ав даа.
Ийнхүү яруу найрагч хэрэглэх дуртай өдөн үзгээ орхиж, бүсгүйн уруул юугаа илбэсэн час улаан зургийн бийрийг аваад саран зүг хөвөрсөн замаар ганцаараа урамгүйхэн харьж ирлээ. За ингээд л гүйцээ. Зохиогч нь яагаад энэ өгүүллэгийг "Үнсэлт" гэж нэрлэснийг ойлгох хүн ч бий байх, ойлгоогүй хүн ч байгаа л байх. Ойлгохгүй байсан ч болно л доо. Зохиолч, уул нь Эзопын үлгэр шиг сургамжит өгүүллэг бичихийг оролдсон юм. Тэр сургааль нь юу вэ гэвэл:
"Бүсгүй минь ээ, яруу найрагчтай ханилаарай. Учир нь түүн шиг түшигтэй хүн өөр хаана ч байхгүй шүү".
0 сэтгэгдэлтэй:
Сэтгэгдлээ бичих