*** Залуу хүү шөнө голдуу тэднийд очдог байж билээ. Харанхуй шөнө хотын нэг захаас нөгөө зах руу зорчиход, хайр сэтгэл нь л хүүд зориг зүрх нэмдэг байв.
*** Тэдний гэрт оролгүй, ямагт үүдэнд нь уулзана. Аав ээжээс нь эмээсэн хэрэг. Анхны хайрыг дөнгөж амсаж буй хүн ийм даруухан байхад гайхах зүйлгүй.
*** Сонсож л байж санаа амраах түүний хоолой уянгалж, харахыг хязгааргүй хүсч байсан тэр л царай залуу өөд ширтэнэ. Уулзалгүй хэдхэн хоносон хэрнээ учиргүй их саначихсан байдаг байж. Тэвчээргүй хайрлан дурлагч байлаа - залуу хүү.
*** Чангаар тэвэрч удаанаар үнсэнэ. Гарыг нь дулаацуулж хэрэндээ л халамжилна. Нэг их ярихгүй, ярих зүйл олныг бэлдэж очсон боловч бүгдийг нь мартчихсан.
*** - Зүрхний минь цохилтыг сонсож байна уу?
- Сонсож байна.
- "Хайртай, хайртай" гэсэн хэмнэлээр цохилж байгаа биз?
Тэр инээнэ. Тэнгэрт сар гийнэ. Удган саран удахгүй үзэх хагацлыг нь урьдаас мэдэж байсан ч байж мэднэ.
*** Өвлийн шөнө, цастай гудамж, залуухан хос... Залуу нь аймаар гэнэн, жинхнээсээ дурласан байсан. Өнө мөнхөд хамт байх шиг санасандаа тэр хагацлыг хачин эмзэг хүлээж авсан. Гэхдээ ийм зүйл болох л байсан, хэзээ нэгэн цагт.
Үүлгүй тэнгэрийн дагина - саран
Үзэмжит чам руу минь ширтээд ч байх шиг
Сайхан чиний минь гоо үзэсгэлэнд
Саран хүртэл атаархаад ч байх шиг.
Хэзээ нэгэн цагт, залуу дахин дурлаж, амрагаа тэврэн зогсохуйд дээрх дөрвөн мөрт хоолой дээр нь торсхийгээд буцах байх даа...
2 сэтгэгдэлтэй:
Харанхуй шөнө хотын нэг захаас нөгөө рүү явна гэдэг мөн их зориг шүү. Ялангуяа гудамжаар дүүрэн хулигаан, танхай дээрэмчид, согтуучууд хөлхсөн одоо цагт. Цаад охин нь ч гэсэн залуугаа боддог байсан бол ийм орой шөнөөр ганцааранг нь явуулахгүй дээ. :D
Сайн уу Какаду? Сайхан наадаж байна уу? "Цаад охин" нь ихээ бодь сэтгэлтэй нэгэн байсиймаа. Бас залуу нь ч гэсэн хайр дурлалын охь хүртээд харах нүд нь сохорчихсон байсан хэрэг. Юун тэр дээрэмчин тонуулчин бодохтой манатай хэхэ. Хэн хэнд нь л ярих юм их бий дээ ер нь.
Сэтгэгдлээ бичих