Wednesday, July 29, 2009

Сарын бөгсөнд сараачсан бичлэг

Дэлгэр Монголын ард түмэн дэнж хотойтол наадсан биш, хотгор хонхор газраар нь үер ус урсаад, хамж тууж авч явчих гээд завхарсан юм болвуу ойрын үед чинь. Гэснээс сарын эцэс болоод байхад цалин пүнлүү бууж өгөхгүй модоо бариад байна даа харин ч нэг. Арайхийж арга сүйхээчлэн байж интэрнээтийнхээ төлбөрийг хийсэн гэж байгаа. Одоо бас нэг сүүдэр ший орчуулаал сууж байна. Орчуулгаа оршуулга болгочихгүйн тулд бодож тунгааж, нягталж байгаа гэж тоймгүй. Сониноос, киноны орчуулагчид тухайн киноныхоо үйл явдлаас хамаарч оноогдсон нэрийг нь өөр үгээр орлуулж орчуулах явдал байдаг. Одоо "нухаж" байгаа кино маань гэхэд л 「壬生義士伝」 гэдэг нэртэй. "Мибүгийн дайчны домог" гэж орчуулагдахаар байгаа юм. Тэр Мибү гэдэг нь Киотогийн нэг дүүрэг шахуу юм уу даа. Тэгсэн киноны нэрийг англиар "When the last sword drawn", харин оросоор "Последний меч самурая" гэж хөрвүүлсэн байгаа юм. Манай хэд хэдэн сувгаар ч гэсэн "Самурайн сүүлчийн сэлэм" нэртэйгээр гарсан. Тэгээд нэрийг нь яг үгчлээд туучихъя гэхээр өмнө нь уг киног үзэж байсан баагийнууд олон юм яриад, нэрнээсээ авахуулаад шал худлаа орчуулсан байна, энэ чинь "Самурайн сүүлчийн сэлэм" гэдэг кино, орчуулагчийн чадвар муу байна энэтэр гээд шалчиганаад байх болов уу гэж сэтгээд нэрийг нь бусдын адилаар буулгахаар шийдсэн, яршиг зүгээр. За ер нь юу л бичээд байна даа би ч... Уул нь шаал ангид зүйлийн тухай нийтлэе гэж бодож байсиймаа. Өглөө сэрчихээд зурагт руугаа хялайсан шээг суваг солиод хэвтэж байтал солонгосын "Arirang" телевизээр "Mongolian 4 heroes..." гээл яриад өнгөрлөө шүү. Тэгэхээр нь энэ хангүгчүүд л байтлаа манайханд хайр зарлаатхав гэж гэсэн шүү юм бодоод тогтож үзвээ өнөөхийг чинь. Тэгсэн солонгосын хаана ч юм, 29 давхар гэсэн байхаа нэг барилгад түймэр гарчээ. Төөнөх халуун, уугих утаан дунд нь солонгосчууд муужраад л байсийм байх. Шатаж буй өндөр барилгын дээд давхарт 4 Монгол залуу ажиллаж байж л дээ. Гэнэтхэн утаа май савсаад байхаар нь манай хэд аюулаас ангижрах арга хайсан байгаа юм. Азаар зэргэлдээх барилга дээрх хүмүүс шатаж буй барилгын хаахна талд нь аюулгүй болох талаар хэлж өгсөн байна. Аюулгүй газар нь оччихоод байжээ байтал нь хэн нэгний тусламж эрэн хашгирах дуу сонстож л дээ. Тэгээл манай хэд өнөөх утаа май, гал дөл рүү шунгаад орчихсон байгаа юм. Тэгээд хичнээн ч хүн аварсийм дээ, бүүр 23 давхар луу бууж хүртэл хүн аварсан байгаа юм. Гал улалзаад л, угаартам утаанд нь амьсгаа нь давчдаад л байхад ухаан алдсан хүнийг өргөөд дээшээ зургаан давхар өгсөнө гэдэг ямархан хэцүү байсан нь ойлгомжтой. Манай баатрууд сүүлд нь ярьж байна лээ, "Халуун галаас илүүтэйгээр хар утаа нь аймшигтай санагдсан" гэж. Саяхан бас хаанаас ч уншлаа даа, америкт байдаг 2 Монгол залуу амь насаа аюулд учруулан байж дэлгүүр дээрэмдэж байсан гэмт этгээдийг зогсоосон тухай. Галт зэвсэг гартаа атгаастай, яавал ч яаж мэдэх аюултай амьтантай улаан гараараа л үзэлцээд байсан байгаа юм даа, манай хоёр. Харьд байгаа Монголчуудын талаар нэгнийгээ чадлаа, биенийгээ хохироолоо гээд дандаа л сөрөг мэдээлэл дуулддаг болохоор хачин сайхан санагдалгүй яахав, дээрх мэдээнүүд. Бусдын төлөө өөрийгөө золих гэдэг чинь хүнд байх хамгийн эрхэм чанар гэж бодоод, элэг нэгт эрэлхэг хөвгүүдээрээ бахархаж л суулаа миний бие.


2 сэтгэгдэлтэй:

Anonymous said...

За орчуулгын ажилд чинь амжилт хүсье. Аль тв сувгаар гарах кино юм бэ зав таарвал үзье байз. Киноныхоо нэрийг хэрхэн буулгах талаар эргэцүүлсэн мөрүүд чинь таалагдлаа, чадварлаг орчуулагч хүн л ингэж эргэцүүлнэ дээ. Угаасаа монгол хэл рүү гадны аль ч хэлээс юм хөрвүүлэхэд бүр нэрнээсээ, жишээ нь номоор бол хамгийн эхний бүлгийн хамгийн эхний өгүүлбэрээсээ эхлээд л трансформаци шаардаад эхлэдэг нээрэн балай шүү хэ хэ хэ. Тэр гадаадад баатарлаг үйл хийсэн монголчууд маань ч бахархмаар хүмүүс шүү. Тэдний ачаар ядаж хэд гурван ч гэсэн хангүг хүн маниусын талаар эерэг сэтгэгдэл олж авсан байлгүй дээ гэж.

PUZL said...

Чухмаа чухам, эх орныхоо нэрийг сайнаар таниулах шиг сайхан үйл хаа байхав. UBS-ээр гарна аа. Харин хэзээ гарахыг нь хэлж мэдэхгүй юм /хэзээ орчуулж дуусахаас минь шалтгаална даа./ Харь хэл хальт мульт гадарладаг болгон л кино орчуулмар аядаж, орчуулагчдын нэр хүнд унаж гүйцсэн өнөө цагт дөмөгхөн шиг орчуулга хийх гээд мэрийж л сууна даа хө.

Сэтгэгдлээ бичих