Thursday, February 16, 2012

Хараал идсэн... Хальтарч унасан...

Хийх юмгүй завтай байхдаа би ирээдүйн хүүхэддээ ямар нэр өгье дөө энэтэр гээд хэрэгтэй хэрэггүй зүйл бодож суудаг юм. "Эрэгтэй хүүхэд байвал тийм нэр, харин эмэгтэй бол тийм нэр өгнө. Харин энэ хоёрын аль нь ч биш байвал....... яалаа гэж тийм юм байх билээ, угаасаа хоёрхон хүйсийн л хүн байдаг юм чинь" гэхчлэн.
Нэр гэснээс, та нарт л гэж хэлэхэд энэ PUZL гэдэг чинь яг миний жинхэнэ нэр биш юм шүү дээ. Би бага залуудаа нэг аятайхан сахилын нэртэй байвал зүгээр юм уу гэж бодоод, судар ном эргүүлж байгаад (english - mongolian dictionary гэдэг нэртэй), "puzzle" гэсэн нэр сонгосон юм. Шинэ нэр сонгоодохтой зэрэг энэ муу биеийг чинь өвчин ороогоод эхэлдэг байгаа. Би ч лут ухаантай хүн хойно, шинэ нэр маань хүнддэж буйг тэр дор нь гадарлалаа. Тэгээд "puzzle" нэрнээсээ ганц хоёр үсэг хасч танаад, аятайхан хөнгөхөн нэртэй болсон хэрэг шүү дээ. Шинээр нэр өгөгч этгээд нь нэр авагчийнхаа чихэнд нэрийг нь гурвантаа шивнэж хэлдэг монгол заншил байдаггүй юу. Тэр ёсоор би өөрийнхөө чихэнд шинэ нэрээ шивнэх гэж хөлсөө гартал оролдоод бараагүй юм даг. Уг нь ном ёсоор нь л үйлдье гэж санасан юм.

Гэснээс байна аа, өнөөдөр мөн лойтсон өдөр байв даа. Өглөө боссон чинь аль уржигдар Валентины баяраар балгасан жаал юмны үйлчлэл арилаагүй, дотор их муу байлаа. "Хараал идэг" гэж үглэсээр хөлөө зөөж ядан ариун цэврийн өрөө рүүгээ ортол гоожуурын нь боолтноос ус дуслаад шалаар нэг ус мэлтийж байдаг юм. "Хараал идэг" гээд л арчиж цэвэрлэчихээд, компьютерээ асаатал төлбөрөө төлөөгүй гээд интернэтийг маань хаасан байлаа. Хараал идэг! Хувцсаа өмсөөд л интернэтийн төлбөрөө төлөхөөр банк руу явлаа. Банкинд орсон чинь хүмүүс 21000-даа оочерлоод хөл толгой нь мэдэгдэхгүй бужигнаж байна. "Хараал идээсэй билээ" л гэж бодож байгаа юм чинь. Оочерлон байж мөнгөө тушаачихаад гарах гэтэл нэг баагий хөл дээр гишгэчихдэг юм. "Хараал идмэр минь..." гээд хартал нүдний шил милтэй доожоогүй ээ, Харри Поттер шиг амьтан "уучлаарай" гээд зогсож байна. Би ч нармайг нь нээгээд өгьюү гэснээ жаал эмээгээд эргэлээ. Миний эсрэг ид шидээ хэрэглэвэл яах болж байна аа? Хараал үглэсээр банкнаас гартал гадаа үүднийх нь плитан дээр хальтраад тэрий хадаад унадаг юм. Хараал идсэн юм болсон. Ахар сүүлээ хугалчихав уу л гэж бодлоо. Ахар сүүл хугарахаар инээгээд салдаггүй гэдэг сэн. Ямар элэнцгээрээ инээх билээ. Уйлах шахлаа. Уйлахгүй гэсэндээ өөрөө өөртөө ингэж хэлсэн. "Чи монгол эр хүн тул уйлж болохгүй. Харин бид бол өөр..." (Энэ юу болчихов?)

5 сэтгэгдэлтэй:

MRowan said...

Ааааахахахахахахахахахахахаха Паазлаас л гарах бичлэг байна ааахахахахахха

Umi said...

Хахаха. Аягүй дажгүй явжийснаа сүүлийн өгүүлбэр энэ бичлэгийг байхгүй болгочлоолдоо.

Бухимдаж уурлахаар бүх юм бүтэлгүйтээд байдаг юм шиг байдышд.

ThinkBigger said...

Хэхэхэ... хараалаа идээд явсан байна шд... нулимах хэрэгтэй юм шдээ...

showtimer said...

ner xunddene gej iim yum baidiim bii vii
Bi ayagui lag tom gardag balaar changa daraad bichchixeer l xundeddeg yum baix gej bodoj bailaa

PUZL said...

МРованд: Пээш, чоно чацга алдмаар сүрхий инээжээ, хэхэ. За битүүний мэнд хүргэе хө.

Улаан малгайтад: Харин тийм, цэвэр монгол бичлэгийг минь гутаасан муу балиар хятад өгүүлбэр! (бухимдаж уурлав). Гэснээс сар шинийн мэнд ээ, хө.

Тинкбиггерт: Идэлгүйгээр үү, хахаха. За чи харин сар шинээр айлын буузыг идэлгүй гаргаж нулимаад байв. Сайхан шинэлээрэй хө.

Шоовойд: Чи ер нь битгий бодож бай. Туж буруу солгой юм бодож явах юм. Айл их хэсч, алт мөнгө их цуглуулаарай хө.

Сэтгэгдлээ бичих