Friday, March 9, 2012

Маартын наймнаас маний бага нас хүртэл.

За сайн байцгаана уу? Гээдэн Паазлын гэдэс дотор туйлын тааруу байгаа ч гэсэн иргэний зориг гарган ийнхүү бичлэг нэмж cууна аа. Маартын найман тэмдэглээд. Шалтаг олдохгүйдээ шал хамаагүй баяр хэсээд явсан юм биш ээ. Одоогийн охид хүүхнүүдийг олигтой сайхан баярлаж чадахгүй болов уу гэсэндээ зааж зөвлөх үүднээс зайлшгүй байлцсан хэрэг шүү дээ...
Өчигдөр хэдэн хүүхэнтэй оройжингоо караокед дуулаад, өглөө сэрсэн чинь хоолой паг сөөсөн байна. Хортой караокед орчихож гэсэн бодол толгойд зурсхийж байгаа юм чинь. Тэгээд учиргүй айж сандраад хажуу айлын хамар хоолойн эмчээсээ асуутал "Хоолой сөөх бол ер нь байдаг л үзэгдэл. Өдий насалчихаад ийм юм мэдэхгүй хаагуур явж байсан хар мал вэ, чи" гэж байна. Тэгж хэлсэнд нь учиргүй дургүй хүрээд, "Хаагуур явах юу байдаг юм, хажуугийн хананд чинь л амьдарч байсан даг" гэлээ би. 
Нээрэн сонирхуулахад саяхан салхинд гарав аа, чи минь. Би чинь угийн хөдөөний хүн болохоор утаатай хотод тогтож чадахгүй, сав л хийвэл хээр гарч салхи үнэрлэмээр санагдаад байдаг юм. Агаарт гарсан чинь төрөлх нутаг минь, тэнд өнгөрөөсөн бага нас минь санагдаад сайхан л байлаа. Манайх гэж цөөн малтай, даржинхан айл байсансан. Цөөхөн мал дотроос миний хувьдаа өмчилсөн нь гэвэл ширээ бөхтэй ат нэгийн зэрэг. Ширээ бөхөн дээр нь би хичээлээ ч давтдаг, хоолоо ч иддэг байлаа. Аа бас нэг алаг даага байлаа. Нэг удаа алаг даагаа барьж унаад хониндоо явах юм боллоо. Гэтэл муу алаг дааганы минь явдал нэг л биш ээ. Гайхаад бууж хартал би өөрийнхөө алаг даагыг биш, ямаа хөхдөг мэрэгч алаг даагыг унаж явсан байдаг байгаа! Адилхан нэртэй болохоор нь андуураад эмээллэчихсэн хэрэг. Би муу даагандаа ихээ найдлага тавьж, гуурстай аргамаг болно гэж санадаг байлаа. Хуурстай адсага л болсон доо, хөөрхий. Аа мөн манай дөрвөн нүдтэй Банхар байна. Уг нь угсаа үүлдэр нь банхар юм. Тийм байтал дээрээс нь нэмж нэр өгөөд яахав гэж төвөгшөөсөн үү, манайхан зүгээр л Банхар гэж дууддаг байлаа. Манай дөрвөн нүдтэй банхар мөн ч хийморьтой амьтан, заримдаа хоёр нүдээрээ хараад үлдсэн хоёрыгоо амрааж байх, заримдаа ч гурван нүдээрээ харж хэвтэнэ. Заримдаа бүр дөрвөн нүдээрээ дүрлийтэл ширтэж байдагсан.
Саяхан болж өнгөрдөг цагаан сар чинь намайг багад ч ялгаагүй болдог байлаа шүү дээ.  Айл амьтныхаад орохоор заримдаа бэлгэнд домбон ёотон авна. Домбон ёотон гэж идэх юм ч болдог, сав суулга ч болчихдог, олон янзаар ашиглаж болдог онцын сонин эд байлаа. Энд тэндээс домбон ёотон олж ирмэгц ээж минь "цай сүү хийх сав дутаад байсан юм, аштай юу даа" гээд их баярладагсан. Ихэнх айл ул боов л өгдөг байсан даа. Би ч алив зүйлсийн учрыг таньж мэдэх гэсэн аюулын ухаантай жаал байсан болохоороо "ул боов гэж байгаа юм чинь дээшлээд шилбэ боов, гуя боов гэж бас байдаг байх нь уу? Бүр дээшлээд боов боов гэж байдаг бол муухай юм даа" гэхчлэн бодож суудагсан.
Би чинь айлын ганц, тэгээд ч тэр хавьд надтай тоглочих хүүхэд шуухад байдаггүй байсан учраас их төлөв ганцаараа л тоглодог байв шүү дээ. Өөрөө өөртэйгөө барилдана, өөртэйгөө хөөцөлдөж тоглоно. Ганцаараа шагай тоглоход намайг хождог хүн байдаггүйсэн.
Үгүй ээ яахав, саахалтын Санжаа гуайн шар хүүхдүүд гээд миний үеийн жаалууд байсан л даа. Гэхдээ шар толгойтой, улаан хацартай, хөх шүдтэй, ногоон нустай гээд олон өнгөөр тунарч туяарч харагдах тэр хүүхдүүдээс би чухамдаа дөлдөг байлаа. Нэг хүн тийм олон өнгөөр тэгж айхтар солонгорч харагдах нь сэжигтэй хэрэг мөн биз дээ, энэ чинь? Гэлээ гэхдээ, уйдахаараа би тэдэн дээр очиж яриа өддөг л байлаа. Харамсалтай нь миний боловсролын түвшин тэднийхээс хэт өндөрдөж байсан болохоор, "Ц.Дамдинсүрэнгийн "Зугаацахаар мордсон нь" найраглал чинь нэрнээсээ авахуулаад том хүний зохиол. Асуудлын гол нь найрагч зугаацахын тулд чухам хэн дээр мордсон бэ гэдэгт л байна" гэхчлэн утга уран зохиол ярихад минь тэд огт ойлгодоггүй сэн. Өөрсдөө ойлгохгүй хэвтэж өгөр хогнууд чинь ярьсан бүхнийг минь яг таг аав ээждээ хэлсэн байдаг юм. Тэгээд тэдний эцэг эх тэр талаар өвөө аавд минь хэлээд, өвөө минь харин миний яс маханд хэлдэгсэн.

13 сэтгэгдэлтэй:

Idea said...

хахаха хөгжилтэй хүүр шүү чи нээрээ... үгнээс үг дамжиж үсчээд л, өгүүлбэрээс өгүүлбэр хооронд өнхрүүш шиг ойж буугаал явахын. Тааралдуул тангарч өшиглөөд, ташиж унагачаад явах юм хуна.

MRowan said...

Бичлэгийн утгыг нь аниа нь ухаж ойлгож чадсангүй, ямартай ч хажуугийн холбоост бичлэг нэмэгдсэн байхыг хараад өөрийн эрхгүй нүүр дүүрэн, нүд дүүрэн инээд болсоор орж ирлээ ккк.

PUZL said...

Айдаад: Хахаха. Тантай л таарч, таван ясаа тараалгахгүй юм шүү.

МРованд: Хонь мал мэдэхгүй хот газрын хонгор хүүхэн яаж л ойлгоо аж (тун додигор өгүүлэв).

Гэснээс сайхан маартын найманлав уу, та нөхөд?

MRowan said...

Ингэж нэг нартай сайхан өдөр хөдөөгийн хөдсөн дээлт МR хот газрын хонгор хүүхэн болдог юм байжээ. /Жаргалтайгаар нүд мүд нь талимааран хэлэв/

Танайхаар орж ирэх болгондоо дээр байдаг хоёр шад шүлгийг чинь буруу зөрүү уншаад байх юмаа. Ерөөсөө чи солиод миний уншдагаар тавьчих.

Номын хуудас сархад бөлгөө
Нойргүй өнгрөөсөн шөнүүд нь миний найзууд

:) :) :)

PUZL said...

МРованд: Өө боль оо, шүлэг балиартуулаад хаяцан байшдээээ!

MRowan said...

Эхний мөр нь майр таалагдаад байна шүү!

Номын хуудас сархад бөлгөө

showtimer said...

xaxaxa Dalan xudalch boljoogoon bna daa chi

Дэндэв said...

Маартаар зугаацсым биз дээ.
Заавал мордож зугаацдаг нь ч юувлээ хахаха

PUZL said...

МРованд: Олон юм яриад байлгүй нэрнийхээ учрыг тайлбарлаад орхи. Хүүхэн хүн байтлаасаа "Mr.Owan" гэсэн нэртэй байдаг юм уу? Сэжигтэй л байна даа, нөхөр минь.

Шоовойд: Тэр чинь юу вэ? Ямар нэг өвчин үү? Улаан бурхан, салхин цэцэг гэсэн гэмгүй хөөрхөн холбоо үгнүүд чинь бүгд өвчний нэр юм гэж би дууллаа.

Дэндэвт: Ишш, Дэндэв минь дээ.
"Уншсан зохиолоо ярь" гэхээр нь учраа олохгүй урд хойно нь оруулж ярьж уран зохиолын багшийнхаа уур цөхрөлийг барсан урагшгүй маанаг жаал байсан байх аа, чи багадаа. Байсан байх аа ч гэж, байсаар л байна даа чи одоог хүртэл, хахаха.

А said...

хахаха, митрэлэээ

PUZL said...

Юкид: Мэндийн зөрүүгүй мэдрэл зүүлгээр нь дуудаад унадгийм шүү тэгээд.
Ядаж таны түмэн амгаланг айлтгая, эрхэм хүндэт ноёнтоон гэчихээд дараа нь... тэгж мэгдэг байгаа даа.

Төгсөө said...

"Бүүр дээшлээд боов боов гэж" хахаха найз нь эгээтэй л нусаа бүлтэртэл, буцааж татталаа л инээсэнгүй алиа золиг шүү алнаа чамайг

PUZL said...

Төгсөөд: Нусаараа наадсан найз минь, хүн хар ална шулна гэж байхаар баавгай маавгай агна л даа. Дүрэмт хувцастай дүнхүү баавгай энд байж л байна даг.

Сэтгэгдлээ бичих