Thursday, May 17, 2012

Монголын нэг өдөр

Энэ блогспотын дотор бөөр өөрчлөгдөөд, хаана нь юу байгаа нь мэдэгдэхгүй ондоо болчихсон байна ш дээ, хүмүүс ээ!!!
Орж ирэлгүй удсан чинь оромжин дотроо төөрдөг байна л даа.
За тэр ч яамай, ойрд харин ганц хүний театр гэдэг шиг ганц хүнээр амьсгалсан өдрүүд л үргэлжилж байна даа. Зарим улс чааваасыг өлсөж гэдийсэнд жигтэйхэн өрөвдөж, өмнөөс нь өөрсдөө хүртэл өлсөж ч байх юм. Аа зарим нь тэр хүний үед улс орон яаж доройтсоныг сана л даа, монголчууд ийм ой санамж муутай юм уу? хэмээн нэхэл хатуутай өгүүлж байна.Ой санамж гэхнээ нь хүмүүсийн ой санамж харилцан адилгүй байдаг байх л даа. Харин би хаа очиж өнгөрснийг санахдаа муугүй шүү (Ядаж ганц юманд сайн байя л даа, энэ чинь). Өнгөрсөнд болсон үйл явдлыг овоо багцаатай санадаг юм. Итгэхгүй байгаа бол дурын нэг өдөр, за жишээ нь 1993 оны 8-р сарын 2-ныг хэрхэн өнгөрүүлснээ хүүрнэе яахав.
Манайх зусландаа гараад байсан хэрэг. Тухайн үеийн зуслан лагерь гэдэг одоогийнх шиг айлууд нь гэр хороолол шиг шавааралдаж шамбааралдсан газар биш байлаа л даа. Сэлүүхэн гэж жигтэйхэн, агаар нь эм, зүлэг нь хивс, ой нь амьтны хүрээлэн, салхи нь Монголын үнэртэй (аая шаасс), нар нь... ... нар чигээрээ л байсан юм.
Хоёрны өглөө жаахан жиндүүхэн, тэнгэр нэлээн бүүдгэр, уулын өвдөг хормойг манан бүрхсэн байлаа. Тэртээ ойд хөхөө донгодох, тоншуул тог тог хийн мод тонших, буга урамдах дуулдана. Буга урамдаж байнаа. Ихээ сунжруулан уртаар урамдах нь тэр. Би ч ахин урамдах нь уу хэмээн чих тавив. Тэгсэн нөгөө буга чинь хоёрдахиа урамдахдаа "Эхнээр ус байна уу? Өчигдөр арай л хэтрүүлээд балгачихжээ" гэж авдаг юм. Би хоёр чихэндээ ч итгэсэнгүй. "Арай би чинь үлгэрт гардаг хүү шиг амьтны хэл мэддэг болчихож байгаа юм биш биз? Тэр хүү чинь ухаантай хэрсүү, цовоо сэргэлэн, сайхан сэтгэлтэй, бас эрэгтэй хүүхэд байсан гэдэг. Би яг тийм. Бүгд таарч байна. Тэгээд одоо би тэрэн шиг араатан амьтны хэл мэддэг болчихож байгаа юм байна л даа" гээд бүр хөөрөөд, хөөрсөн сэтгэлээ найз Амараатайгаа хуваалцах гээд гэрт нь ортол аав нь бүр нэг зовж шаналсан царайтай "Эхнээр, ус байна уу даа? Хатаж үхлээ ш дээ" гээд хэвтэж байдаг байгаа. Хувхай туучий чинь шартчихаад бөглүү дуугаар сунжруулан орилсоныг нь би буга хүний хэлээр урамдлаа гэж эндүүрсэн хэрэг шүү дээ.
Шал дургүй хүрээд эргэж явтал Амараа маанаг царайлчихаад өөдөөс ирж байдаг юм. Эцэгт нь уурласан уурандаа муу хогийг хэмх нүдчихмээр байсан ч хэрэвзээ тэгвэл өөр тоглох хүн олдохгүй байж мэдэх тул хүлцлээ. Тэгээд хоёул жаал тоглодог юм. Ажил амьдралгүй... биш ээ, сургууль соёлгүй улс чинь тоглохоос өөр юу хийх билээ (Би сургуульд хараахан ороогүй байсан юм). Тэгж байтал ч эмээ намайг түлээ түүж ир, дараа нь усанд яв гээд хувин, шуудай авчирч өгч байна. Тогломоор байдаг, гэвч эмээгийн үг хууль болохоор явлаа. Хурдхан харьж үргэлжлүүлэн тоглох талаар л бодож байсан би андуураад түүсэн гишүүгээ хувинд, харин булгийн усыг шуудайнд хийгээд аваад ирсэн байдаг юм. Эмээ жаал загнаж байгаад, өөрөө ус, түлээнд явлаа.
Өнөөх л маанаг Амараатайгаа үргэлжлүүлэн тоглолоо доо. Би маанаг Амараатай тоглохдоо дуртай. Учир нь маанаг болохоор булхайцаж хожиход амар байдаг юм. Ямар ч тоглоомонд дандаа л би хождогийн учрыг гайхаад л хоцордогсон хөөрхий. Тэр үед зусланд тарвага элбэг. Зуслангийн манаач зэрэг буу шийдэмтэй улсууд тарвага агнаад боож иддэг, өрөөлд ч зардаг байсан байх аа. Ямартай ч тэр өдөр, хотоос ирсэн байрын хэдэн залуу хүрч ирээд боодог байна уу гэж асуусан юмдаг. Би ч хариуд нь боодог алга аа, харин "баадаг" л байна гээд муу Амараа руугаа зааж билээ.
Нар жаргахын алдад манай эгч морь уначихсан малилзаж явдаг юм. Намайг харчихаад дуудаж байна. Ойртоод очтол морины эзэн балай жаал (эгчийн захиалгаар) намайг эгчтэй минь сундлуулах гээд сэвхийтэл өргөдөг байгаа. Хот газрын хүү би анх удаагаа л адуу малыг тийм ойрхноос харж буй хэрэг. Анхны сэтгэгдэл... ... шал тэнэг байсан. Эгч амьхандаа л надад морь унуулж, шинэ сайхан юм үзүүлэх гээд байсан хэрэг. Гэтэл юуных нь сайхан байхав, тэр морь чинь нээх данхар толгойтой, данхар толгой нь аюулын том нүдтэй, том нүд нь учиргүй урт сормуустай, амандаа төмөр хүлхээд л, үе үе тэрийгээ шаржигнатал хазлаад, аймаар гэж жигтэйхэн амьтан байсан юм чинь. Би юун дээр нь мордох манатай, үнхэлцэг зүрх амаар гарчих шахаад, учиргүй цахлан эсэргүүцсэн юмдаг. Өөрөө мордолгүй үлдэхээс гадна эгчийгээ ч тэр аймшигтай амьтан дээрээс буулгамаар байлаа. Эгч харин тоож байгаа ч шинж алга. Угаасаа эгч надаас хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байсан юм.
Орой нь бороо орсон бөгөөд, зуслангийн байшингийн маань төмөр дээвэр дээр бороон дуслууд тог тог хийн буух нь морин төвөргөөнийг санагдуулаад, араа шүдээ арзайлгасан аймаар морь намайг идэхээр араас минь хөөж байна гэж би шөнөжин хар дарж хоносон юмдаг.

9 сэтгэгдэлтэй:

Дэндэв said...

Хахахаха
Моринд идүүлчээгүй нь их юм

PUZL said...

Хахаха. Дэмий юм ярьдаг Дэндэв ээ гэж.

showtimer said...

Sanamj xurlee shig saixan bichleg bna

ThinkBigger said...

Миний санамж ч бас гайгүй л юм байна, намайг бага байхад зулай дээрээс ээдэг нар нь нар чигээрээ л байсан санагдаж байна...

PUZL said...

Шоовойд: Чи ч бас сайхан сэтгэгдэл бичсэн байна.

Тинкбиггерт: Хэдэн нар байв? Урьд долоон нар шараад сүйд хийх дөхсөн гэж хуучны хүмүүс ярьдаг юм шүү.

Юки said...

Чи хааччувааа?

Anonymous said...

Ene blogiig olood buh hesgiig ni duustal unshlaa. Gui ee ene chini blogoo urgeljluulj bichmeer yum bna shoo. Zarim neg hund ineedtei tsug nas zereg hairlajiishd. Idevhteigeer blogoo hutulnu gedegt gunee naidaj bn shoo.

showtimer said...

gde ti naxoditsya

PUZL said...

Юкид: Блогоос жаал сэтгэл буруулаад. Гэвч, сэтгэл минь буруугүй ээ... ч гэх шиг аальгүйтэж бариад :)

Анон-д: Харин би инээд, нас масыг баруун солгойгүй хайрладаг хүн байгаам. Хайр дааж амьдраарай :)

Шоовойд: Да!

Сэтгэгдлээ бичих