Thursday, October 25, 2012

Дүү сургуйлд оров.

Зээ дүү маань энэ намар сургуульд оров оо, зайлуул. Сурагч болсон эхний хэдэн өдрөөсөө л бүр нэг ямар ч моральгүй амьтан болох нь мэдэгдээд ирэв.
Дэвтэр номоо хаа ч юм хаячихаад ирж л гэнэ, хичээлээс нь авах гээд очтол сургуулийнхаа шалан дээгүүр өнхрөөд шороон саарал юм маасайж байсан л гэнэ, багш нь нэрээр нь гурван ч удаа дуудаад байхад тоосон шинжгүй хажуугийн жаалтайгаа пан гөрж суусан л гэнэ. Бүр байчихаад ангийнхаа жаалыг явж өгөхгүй удаад байхаар нь толгойгоор нь хаалга мөргүүлжээ ч гэх шиг. Орой бүр манайд гэрийн даалгаврын хэрүүл тасрахаа байж, орцоор нэг их дуу хадаадаг боллоо. Өчигдөр л гэхэд ээж өнөө мууг чинь хичээлээ хийхгүй байна гэж загнаад, өнөөх нь өмөлзөөд ирэхээр нь би өмөөрч ээжтэй ам муруйгаад, тэгснээ хүүхэд хичээлээ давтаж байхад зурагт чанга үзэж анхаарлыг нь сарниуллаа гээд өвөөдөө ч уур хүрэх шиг, хөгийн л юм боллоо. Тэгээд заах аргазүй энээ тэрээ үзэж байсан хүний хувьд ээжийг баахан чамлаж, хүүхдэд зааж сургахдаа загнаж зандарч хэрхэвч болохгүй гэхчлэн онолдоод муу бондгор дүүдээ шүлгийг нь цээжлүүлдэг юм болов. Их л найрсагхан эхэлсэн хичээл сэн. Гэтэл хагас цагийн дараа л "сурган хүмүүжүүлэгч" Пазл гуай "Манай удамд чам шиг маанаг жаал байгаагүй!" хэмээн сүрхий цухалдангуй хашгирч байвай. Уг нь цаашаа улам ч их уурлаж, улам ч сүрхий загнах байсан биз. Гэвч яг "Манай удамд чам шиг маанаг жаал байгаагүй!" гэх агшинд ээж тэндээс хоолойгоо засч, би ч тэр даруй "Гүйэ яахав... намайг эс тооцвол..." хэмээн үгээ дуусгасан юм.
Одоогоос хориод жилийн өмнө манайх гэдэг айлд бас л ийм их дуу шуу болж, гэрийнхэн маань тухайн үед дөнгөж сургуульд ороод байсан намайг солгой гараараа бичдэгийг минь болиулах гэж оролдоод оролдоод бүтээгүй тул ядаж үзгийг нь зөв бариулж сургая гээд хичээгээд хичээгээд мөн л дийлээгүй юмдаг. Эх сууриа ингэж буруу тавьсанаас ч болсон уу, би гэдэг хүн арваа төгсөж мэргэжлээ сонгохдоо архитекторч болно гэж бүр шийдчихээд байлаа. Хожим сонсохнээ харин архитекторч гэдэг чинь архитай ямар ч холбоогүй мэргэжил байж таардаг байгаа. Эмч, эм зүйч, эмийн санч, эмэгтэйчүүдийн эмч гээд "эм"-ээр эхэлсэн мэргэжил бүхэн эм тариатай холбоотой байдаг шиг л юм санасан хэрэг шүү дээ, би.
Гэлээ гээд одоо хүний зэрэгтэй амьдраад болж л байна. Амьд хүн аргатай, ах дүү хоёр алзахгүй ээ. Жаахан дүүд минь цаашид мэдэхгүй чадахгүй олон асуудал бэрхшээл тулгарна. Тэр болгонд би сайн ахын хувиар хажууд нь байж хэлж зөвлөн, үсээ яаж гельдэх, гутлаа хэрхэн тослох, зангиа яаж зангидах гэхчлэн зааж өгөх болноо.
Гэхдээ эхлээд... эдгээрийг өөрөө сурах хэрэгтэй байна. 

5 сэтгэгдэлтэй:

Гилийн хатан said...

зээ дүү чинь яг чиний бага насыг чинь санагдуулж байгааз, тэгнээ тэгнэ тэгдиимөө, кк
дихдээ сурган хүмүүжүүлэх ажилд нь амжилт хүсии

Anonymous said...

...болно доо болноо 2уулаа... гээл явжаан биздэ

Anonymous said...

хахахахх гэцүү шүү нээрээ хүүхэд хичээлийг нь хиййлгэнэ гэдэг

Юки said...

тэвчээр шалгахымлэээ

PUZL said...

Гилийн хатанд: Үгүй. Би бол багадаа их догь залуу байсан санагддаг юм. Аая, худлаа худлаа.

Анон-д: Тэгжаан.

Анон-д: "Хахах гэцүү шүү" гэж уншаад сэдвээс гажууд сэтгэгдэл бичлээ гээд яг загнах гэж байнашд.

Юкид: Юу байна?

Сэтгэгдлээ бичих