Thursday, August 1, 2013

Энд гарч ирэв.

Бүгдэд нь зуны мэнд! (хаашаа ч мэндчилгээв?)
Энэ зун би ер нь ийш тийшээ явсангүй суурин л өнжлөө. Үгүй ээ яахав, Дархан явсаныг эс тооцвол. Улсууд "Дархан руу явъя, Дархан руу явъя" гээд байхаар нь учиргүй олзуурхаад өөртөө нэг сайхан мөнгөн аяга хийлгэх санаатай гарсан юм.
Гэтэл тэр дарханыг нь би л лав олж хараагүй дэг. Ер нь нэг ийм хаяг шошгоор урхидаж хуурдаг газар мэр сэр байна. Жишээ нь Хандгайтад хандгай байхыг харсан уу, та нар? Загасчны морь усгүй гэгчээр Сонгины амралтанд сонгино байхгүй л байгаа тэгж яривал. Тэгж бодоод би очдоггүй юм. Цаашлаад Зуунмодод баараггүй зуун мод байна уу, Улиастайд улиас яг байна уу гэдгийг ч шалгах л хэрэгтэй. Энэ Чингэлтэйд ч гэсэн чингэл байна уу ер нь (юу болчихвоо?).

Мартсанаас, би шинэ ажилд ороод яг нэг жил болж байна. Намайг яагаад блогоо хөтлөхөө байчихсаныг гайхаж байв уу? Миний өмнө нэг бол ажлаа хаяад блогоо хөтлөх, эсвэл блогоо орхиод ажлаа хийх гэсэн маш хэцүү сонголт тулгараад байлаа. Тэгээд л аргагүйн эрхэнд (амьдрахын эрхэнд ч гэсэн болно, ялгаагүй) ажлаа сонгосон доо. Одоо бодоход, ажлаа хийнгээ блогоо бичих тухай яагаад ч сэтгээгүй юм?
Ажил гэснээс, өнөөдөр хурал дээр манай ажлын нэг хүүхэн юу гэнэ вэ? "Энэ Пазл чинь өөрөө ажил хийхгүй байж, бусдыгаа ажил хийхэд саад болоод байна. Хүмүүжиж төлөвшөөгүй ийм амьтан буцаад 10 жилдээ суувал таарна" гэдэг байгаа. За гайгүй ээ, сандал дээр чинь бохь нааж хорлохоо би нэг мэдье ээ!

За за, үг олдож үхэр холдлоо. Уг нь би зүгээр л эсэн мэнд байгаагаа мэдэгдэх гэсэн юм. Гэтэл нэгэнт та нар мэнд байгааг минь мэдсэнээс хойш, мэдэгдэх шаардлагагүй болчихов уу яав?

9 сэтгэгдэлтэй:

chuups said...

odoo blogooo ch bicheed ajlaach hiih bh tee

PUZL said...

Чуупст: Өө тэгж бас болох юм байна ш дээ. Би ч ажлаасаа гараад жаал блогдох талаар л бодож байв шүү дээ :)

gavji said...

Зуны мэнд ээ. Тэр Чингэлтэйд байтугай ер нь гадуур хаа сайгүй чингэл ховордцым биш үү?

soulmate said...

хахаха гоё инээлээ

ер нь блог бичих жоохон осолтой санагдаад, ажлын хүүхэн олж мэдчээд олон юм яривал түвэг. Би бас энэ ажилд ороод нэг жил болж байна, дашрамд :)

Unknown said...

Та ер нь ямар мэргэжилтэй хүн бэ?

PUZL said...

Гавжид: Сайн уу Гавжээ? Чухам аа чухам. Биднийг залууд хаашаа л харна ханайсан чингэлүүд л байдаг байж билээ.

Соулмэйтэд: Тэхх, ажлын хүүхнүүд бол адгийн шаарнууд... гэхгүй юу хэхэ, хөөрхийсийг.

Энхзаяа Болдбаатарт: Эмэгтэй хүний насыг, эрэгтэй хүний мэргэжлийг асуудаггүй гэдэг биш билүү? (Муухай аальгүйтсэн хаха)

Unknown said...

Ххэ таны блогоор зочилж нэг сайн инээж авах юмдаа. Цаашид блогоо хөтлөнгөө ажилаа хийхийг хичээгээрэй. :)

Дэндэв said...

Чамайг алга болчихоор арай .... гэж бодож байв шүү. Түй түй мууёр

PUZL said...

Энхзаяа Болдбаатарт: Хичээгээгүйд уучил :P

Дэндэвт:
Ижий шиг сэтгэлтэй
Ижилгүй Дэндэв минь ээ гэж.... (Энэ чинь болвоос чамайг магтаж байгаа юм. Ухаан нь "Ижилгүй Дэндэв" гэсэн үг нь чамайг ихэр биш, колонийн аргаар хуулбарлаагүй энэтэр гэсэн утга биш, зүгээр л орчлонд ганц манц гэж онгироох гэсэн санаа байгаамаа)

Сэтгэгдлээ бичих