Monday, August 18, 2014

Ангархай аймгаар аялсан минь.

Архангай руу туушиндаад ирсэнээ та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ яг. Аяллын зүг чиглэл гэвэл товчхондоо Эрдэнэт орж нэг хүн авчихаад Архангай руу шуудрах... за нэг иймэрхүү л юм байлаа.
За тэгсэн чинь замд гарсанаас эхлээд л бороо орох, машины дугуй хагарах, замдаа төөрөх, өдөр товлож болзсон нэг баагий зүг буруулах, бүр байчихаад машин эвдрэх (техникт дур сонирхолгүй болохоороо ингэж товчилж хэлж байгаа юм. Яг үнэндээ машины моторыг их биендээ тогтоогч чих нь хугараад, донсолгоонд доош савахдаа түлшний шүүрээ хага цохиод, аккумляторын нэг талын утас нь тасраад) гэхчлэн гай барцад л туж тохиолдоод байв аа. Машин тэргээ эвдсэн улс чинь чирэхдээ чирээд, түрэхдээ түрээд, түрэхдээн чирэгдэж хүртэл явсаар Булган аймгийн Хишиг-Өндөр сум орж явчихдаг юм. Булганыхан, даан ялангуяа Хишиг-Өндөрийнхөн ёстой хүн сайтай зон байсан. Биднийг ирсэн даруйд нутгийн харцуул бүчиж, эвдэрсэн машиныг маань эргэж тойрон халаглаж сэтгэл санааны тусламж үзүүлж байлаа. Энд нэг хүнийг заавал дурдах учиртай нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын дархан, цахилгаанчин Алтангэрэл ах бөгөөд чухам тэр буянтан хагархай цоорхой машиныг маань гагнаж, нөхөж өгсөний ачаар бидний аялал цааш жигдэрсэн хэрэг ээ. Нутгийн ардын сайхан сэтгэлд хөглөгдсөн би хүртэл хаа хамаагүй хотын Сансар хорооллын уугуул юм байж "Уул шугамандаа би чинь Булганы хүн шүү дээ" гэсэн шүү ярьж явсан юм.
Ийнхүү техникийн саатлаас болоод гурав дахь өдрөө л бид зорьсон хүссэн Архангай аймагтайгаа танилцах завшаан тохиолдсон билээ. Хамгийн эхний зогсоол маань Чулуутын хавцал байв. Чулуутын хавцлыг дүрсэлж хэлвэл дундуураа голтой ихээ өндөр ангархай хавцал бөгөөд, энэ нутагт ирсэн эхний сэтгэгдлээрээ л би уул аймгийг хавцлаас үүдэн Ангархай гэх гэж байгаад үг үсгийн алдаа гарч Архангай гэж нэрлэсэн болов уу хэмээн таамагласан юм. Үгүй энэ чинь, байг гэх газаргүй шүү дээ. Манай нэг найз компани байгуулаад, түүнийгээ төрөлх нутгаараа "Сэврэй" гэж нэрлэх гэтэл бүртгэлийн газрын хайнга ажилтан "Сэрвээ" гээд бүртгээд авчихсан юмдаг. Ер нь энэ бүртгэлийн газрын ажилчид чинь аюулын хайхрамжгүй улс шиг санагддаг. Яаж харин манай ажлын Гомбо гэдэг залууг нэрний нь "б" үсгийг хасчихалгүй иргэнээр бүртгэсэн юм, өмнөөс нь баярлаад байдаг юм.
Архангайд ер нь адуу мал гэхээсээ сарлаг л их харагдах юм билээ. Сарлаг сайхан л мал санагддаг. Харин яагаад "Сарлаг малын санаа муу Сармай дээлийн хормой муу" гэсэн үг гарсан юм. "Хартай сарлаг" гээд бүр дуу ч байх шиг.
Дараа нь Хоргын тогоог үзсээн. Хоргын тогоо бол тамын тогоо л гэсэн үг. Орохдоо ч, гарахдаа ч үйлээ үзсэн шүү дээ би. Хүн гэж тэнд тоймгүй их. Тогооны амсар руу гарах замд түгжрэл үүсэхээс наахнуур байлаа. Хаа очиж тэр олон хүн бүгд дотогш нь орох гэж зүтгэхгүй юм билээ. Тэгж гэмээнэ тэр нурамтгай чулуун хөрстэй уруу газар нэгнээ хамж унасаар тогооны ёроолд төмс ногоо шиг хөглөрөх нь байна шүү дээ. Хоргын тогоо дотроо том том хүрмэн чулуутай. Энэ барзгар бараан чулууг чухам яагаад "хүрмэн чулуу" гэж нэрлэх болсон учрыг маанагдуу найзууддаа тайлбарлах хэрэг гарахад "чулуун зэвсгийн үеийн хүмүүс энэ чулуугаар хүрэм хийж өмсдөг байсан юмаа" гээд л хэлчихсэн. Итгэчих шиг л болсон шүү дээ.  
Хаа очиж Хоргоос холгүйхэн бидний буудаллах Тэрхийн цагаан нуур байсан. Тэрхийн цагаан нуур бол нуур нь ч нуур, цагаан нь ч цагаан, Тэрхийн нь ч Тэрхийн байсаан... гээд бураад байхгүй юу. Сүрхий сайхан нуур байсан даг. Энэ нуур байх газар бэлчээр сайтай уужим тал байсан бөгөөд, нэг худагтай, эндэхийн өвгөн эмгэн хоёр тэр худгаас ус аваад тагладаг байтал нэг удаа эмгэн худгийг таглахаа мартсанаас болж уг нуур үүссэн гэх домогтой юм байна. Үлгэр домгоос сурах юм их бий гэдэг шиг, тэр эмгэн орон сууцанд амьдардагсан бол гоожуур цоргоо хаахаа мартаад, орцныхоо айлуудыг усанд үйж сүйдлэх байжээ... гэсэн шүү юм бодогдож байлаа.
Ийнхүү аяллын явцад олон сайхан уул ус, нуур цөөрөм үзсэн билээ. Харин буцах замд, жижиг суурингийн ойролцоо "Хийн гаг нуур" гэсэн самбар харагдсан юм. Би ч холгүйхэн ахиад нэг нуур байх нь гээд баярласан чинь ямар ч нуур байгаагүйшд тэр хавьд. Ямар амьтан нь хөдөө хээр хуурамч хаяг пайз хатгаад явсан юм байгаан.

4 сэтгэгдэлтэй:

Bat said...

hi

Anonymous said...

хоржоонтой хошин нөхөр дөг шүү чи... амжилт хүсье. ахиухан бич

Von voyage said...

хийн гаг нуур хаха.

PUZL said...

Bat-д: Сайн уу хө.
Анонд Баярлалаа.
Чинсээд: Тийм нуур байгаа гэж догдлоод очсон ч байгаагүй :(

Сэтгэгдлээ бичих