Wednesday, April 8, 2009

Мишима Юкио - Домог

Залуу эр ярьж байна.
"Арван гурван жилийн өмнө, би 15 настай байлаа. Зуны амралтын үе сэн. Би эцэг эхээ дагаад аялалд гарсан юм. M арлыг үзэж, тэр оройдоо Х хотоос хөдлөх хөлөг онгоцоор Кюүшюүгийн Б хэмээх халуун рашаантай хотод очихоор төлөвлөөд байв. Харамсалтай нь тэр шөнө Х хотод агаараас хамгаалах сургуулилт хийгдэж байсан бөгөөд, харанхуй Х хотод галт тэрэг бэдрэн явах нь сохор хүнийг санагдуулж байлаа. Анхааруулах дохио дуугарах бүрийд зогтусан саатаж байсан учраас тэр л дээ. Биднийг дөнгөж боомтын гүүрэн дээр ирэхэд цаг их орой болсон байв. Тас харанхуйд усан онгоцны албаны ажилтан нэг эр тамхиныхаа галыг дээр өргөн, эргээс далай руу түрж тавьсан тэрхүү гүүрийг замчилж өгсөн боловч, бид амжсангүй.
Тэр орой, газар дээр агаараас хамгаалах сургуулилт болж байгаад зориулан мишээх шиг одот тэнгэр гойд сайхан үзэгдэж байлаа. Ээж маань толгойн алчуураа гартаа бариад аргагүйдэн зогсож байв. Аав ч гэсэн гаансаа сороод дуугүй дүнсийнэ. Харин би эргийн гүүрэн дээр аяны цүнхээ тавьж, дээр нь суугаад яахаа ч мэдэхгүй задгай далайг ажиглаж байлаа.
Далайд гарчихсан яваа онгоцны яндангийн дуу хүнгэнэж, чийдэнгүүд нь алсад анивчин харагдана.
Би тэр үед, бидний суух ёстой байсан усан онгоцны чамин тансаг өрөөг, анхны усан аяллаараа дотор нь байрлах байсан тэрхүү өрөөг сэтгэлдээ төсөөлөн суулаа. Тэрхүү өрөөг би сэтгэл дотроо тов тодорхой зураглаж байсан юм. Үдшийн тэнгист хөвөх онгоцны бахдам үзэсгэлэнтэй өрөөг... Дотор нь хэн ч байхгүй, гэрэлтэй, нууцлаг өрөөг...
Тэр үед нэг зүйлийг бодоод хацар юугаа халуу дүүгтэл шаналж билээ. Өнөөх хөлөг онгоцон дээр амьдралдаа нэг л удаа учраад, дараа нь бие сэтгэлээ бүгдийг нь зориулах нэгэн бүсгүй байсан гэж бодоод тэр. Хэрэвзээ усан онгоцонд суучих л юм бол түүнтэй уулзаж чадах байлаа. Түүнээс үүрд хагацахааргүй байх байлаа. Гэвч аавын "За явцгаая" гэх дуунаар уг бодол маань сарниж, нүдэнд минь харагдаж асан далай дээрх гэрлүүд хаашаа ч юм уусан алга боллоо."
-...Би усан онгоцонд сууж чадалгүй хоцорчихсон юм аа. Тэр охинтой ч уулзаж чадаагүй. Түүнтэй би насан туршдаа уулзаж чадахгүй байх.
Залуугийн ийн ярихыг чухал нууц сонсох мэт нэгэн охин анхааралтай чагнана. Урдуураа унжуулсан үсээ эрт цагийн охин хүүхэд цээжин дэх загалмайгаа илж буй аятай зөөлөн зөөлөн илбэх аж. Охин гэнэт гайхал, баяр зэрэг тодорсон сайхан хар нүдээрээ залууг ширтээд, ийн ярив:
-Яг тэр жилийн тэр өдөр, тийм орой энэ явдал тохиолдсон юм. Би тэгэхэд таван настай байлаа. Тухайн үед манай гэр бүл, аавын томилогдсон газар болох Х хотод аж төрж байв. Аавын маань уугуул нутаг нь Б хотын ойролцоох С гэдэг газар бөгөөд, тэндээс эмэг эхийг нас барсан тухай цахилгаан ирсэнд аав ээж хоёр маань яаравчлан замд гарахаар бэлтгэсэн юм. Бид нар тэр шөнөдөө Х хотоос гарсан усан онгоцонд суулаа.
Ээж маань одоо ч ярьдаг юм. Онгоц хөдлөхөөс эхлээд намайг зогсолтгүй уйлсан гэж. Нас биед хүрсэн том хүн гашуудан уйлж байгаа аятай таван настай жаахан охин уйлаад л байсан гэдэг.
"Усан онгоцонд анх удаа сууж байгаа болохоор айсан байлгүй дээ" гээд аав, эмэг эхийг нас барсанд сэтгэл нь давчдаад миний уйлахыг огт хайхарсангүй. Төвөгшөөсөн янзтай, сонин сэтгүүл олж уншихаар хөлгийн арын хэсэг дэх хурлын өрөө рүү явчихав. Намайг уйлаад л байсанд ээж маань онгоцны өрөөн дэх цонхны хажуугийн сандал дээр суугаад, өөрийг минь өвөр дээрээ зогсоон цонхоор шөнийн тэнгисийг харуулсан юм.
Тэнгисийн эрэг дээгүүр анивчин харагдах гэрлийг харуулж, тайтгаруулахыг бодож л дээ.
Ээжийн биеийн дулаан илч жижигхэн улаан оймсоор минь дамжин хөлд мэдрэгдэж байв. Бас нулимсанд норсон хацарт маань ядаргаатай нь аргагүй үс минь наалдан байсныг санаж байна.
-Хараач охин минь, тэнд бас нэг онгоц хөвж байна. Гоё юм аа. Баяр ёслолын үе шиг л байх чинь.
Би сая л уйлахаа больж ээжийнхээ царайг нүд салгалгүй харлаа. Нулимстай нүдээр харсандаа ч тэр үү, ээжийн минь царай цасан цагаан өнгөөр гэрэлтэж байсан юм.
-Гэр хаана байна?
-Тэгээд л уйлаад байсан юм уу? Шуудхан л хэлчих юмыг. Гэр нь тээр тэнд байгаа. Ах нь нохойтойгоо хамт гэрээ сахиж үлдсэн. Ээжийн охиныг усан онгоцонд суугаад л гоё юм аа гээд ах нь атаархаж байгаа даа.
-Гэр хаана байна?
Ээжийн хариултанд сэтгэл минь ханалгүй дахиад л уйлагнаж, урьдын байдал давтагдлаа. Тийм чимээ шуугиантай шөнө, их усны цаад талд гэр маань байгаа гэдэгт би итгээгүй юм.
Түүгээр ч зогсохгүй, "гэр хаана байна" гээд байсан маань үнэн хэрэгтээ ээжээрээ гэрээ заалгаж авахыг хүссэн хэрэг биш байлаа. Тэр үед би сайн ярьж чадахгүй, гунигтай санагдахаар нь эгээ л хонь майлах аятай уйлахаас бусдаар өөрийгөө илэрхийлж мэддэггүй байсан. Би тэр үед юуг илэрхийлэхийг оролдсон байж таарах вэ?
Энэ асуултын хариу одоо л тодорхой болж байна. Боомт дээр үлдсэн тантай уулзах боломжгүй болсон тул, ер бусын ямар нэгэн хүч балчир намайг уйлахад хүргэсэн байна. Тойрч зайлахын аргагүй хагацал, уулзаж амжаагүй бидний хагацлаас болж би уйлсан байх нь.
-Арван гурван жилийн дараа, ингэж уулздаг юм байжээ, хоёулаа.
Залуу бадируун гарынхаа алгаар охины цэцгийн дэлбээ шиг туяхан гарыг атгангаа чангаар хэлэв.
-Яг л домог шиг байгаа биз?
хэмээн охин шивнэлээ. Тэгснээ цаанаа л шийдэмгий байртай залуу руу ширтэж,
-Гэхдээ бидний домог ингээд төгсчих юм гэж үү? Бид хоёр домгоо зохиогоод дуусгачих нь энэ үү? Өнөөдөр уулзалдаагүй бол өнө мөнхөд үргэлжлэх байсан домгоо...
-Үгүй дээ, арай төгсөөгүй байна шүү дээ.
Залуу өхөөрдсөн янзтай охиныг аргадна:
-Хоёулаа домгон дотроо мөнхөд орших болно. Бид уулзалдсан нь үнэн боловч домог маань төгсөх хараахан болоогүй байна. Чи бид хоёр ч мөн жинхнээсээ учраагүй байна шүү дээ. Тэр шөнө миний уулзахыг хүссэн эрхэм авхай, таван настай эрхэм авхайн уйлах шалтгаан болсон надтай хараахан учраагүй хэвээрээ байгаа шүү.
-Тэр хоёр уулзах л юм бол энэ түүх дуусгавар болох нь ээ.
Охин аанай л түгшсэн янзтай асуув.
Залуу эр охины биеийг чангаар тэвэрч, согооны зоо шиг тэгш гуалиг нурууг нь илэнгээ чихэнд нь
-Тэгвэл тэр хоёрыг үүрд учруулахгүй байя. Тэгэхийн тулд хоёулаа яавал дээр вэ?
хэмээн шивнэлээ. Охин хариуд нь өгүүлэв:
-Ингэвэл дээр юм байна.

8 сэтгэгдэлтэй:

Гилийн хатан said...

Bi naad "Кюүшюүгийн Б хэмээх халуун рашаантай хотод" bailaa shd. Blogt chin hamgiin anhnii setgegdliig uldeelee gsn, hehe (anhnii bichlegiin).

PUZL said...

Гилийн хатанд: Аа тэгээд л халуун рашаанд орох нэрийдлээр бундангийн ноён моёнг нууцаар харах гэж очдог байсан даа яг :)

Гилийн хатан said...

ugui shd, harin esergeer haragdchihsan, neeree ene tuhaigaa tegj baigaad bichnee, ugui gedgee notlood

PUZL said...

Гилийн хатанд: Тэгээрэй хө.

Гилийн хатан said...

би бичээ хаяцан шүү, харин он дамнуулаад өрнөөс гарлаа ч гэх шиг. Ернбол би бундангийн ноён моён нууцаар харахгүй шууд ил харна, хэхэ

PUZL said...

Гилийн хатанд: Эр хүн!
:)

terbumtan said...

Охин хариуд нь юу гэсийн болоо

PUZL said...

Тэрбумтанд: Том хүний ажил хийе л гээд байх шиг байгаан.

Сэтгэгдлээ бичих