Намар цаг аа гэж... гэнгүүт л найр наадам, навчаа гөвсөн нүцгэн модод, уруул чимчигнэм айраг, ургац хураалтын ажил, анхны цас, сүүлчийн бороо, алдрай жаалуудын хичээлийн шинэ жил, идэхийн түүс болсон самар жимс, ичээндээ орох тарвага зурам төсөөлөгдөөд явчихаж байна уу? Хэний янаагүй ээ.
Гэснээс өнөөдөр чинь бас ээлжит билигт сайн өдөр, тэгээд сайн өдөрт багтаагаад найр хурим, наадам цэнгээнээ хийх гэсэн, хийсэн улс бишгүй их байгаа сурагтай. Миний нэг ойлгодоггүй, бас ойшоодоггүй юм бол энэ зурхайн ухаан байгаа юм. Ухаандаа бол сайн өдөр үйл хэргээ хийх аваас санасан зүйл нь сэтгэлчлэн бүтдэг гэж байна л даа. Үгүй ээ яахав санааных л юм даа, "билигтэй сайн өдөр байрны найраа хийсэн учраас эднийх ч алзахгүй ээ" ч гэдэг юм уу, эсвэл "жил ч хүрэлгүй салцгаалаа шүү, хуримаа хийсэн өдөр нь л базаахгүй өдөр байж дээ янз нь" энэ тэр гэцгээдэг чинь. Тэгээд энэ хүмүүс чинь хаашаа ч юм дээ. Хэн, юу болохыг нь өөрсдөө ч мэдэхгүй байж л "өнөөдөр чинь Дашням, Балжинням хоёр давхацсан аюулын сайн өдөр юм гэнэ" гэж уулга алдаад л. Эр хүйстэй хоёр нөхөр давхарлалдан байж ямар нэг үйл хийсэн тухай ч юм шиг, нэг л учир нь үл ухагдах яриа. Одоо олшроод, тоо толгойг нь ч тооцоолж гаргахад бэрхтэй болсон шарсан мах анддаггүй шар зурхайч, мэргэн бөөдийнүүд нь мэддэг юм болов уу өөрсдөө энийг. Тэгээд ер нь усан нүд, цусан зүрхтэй мань мэтийн зам мөр, амьдрал ахуй алсын одод, нар сарны байрлал энээ тэрээтэй тийм нарийн шижмээр холбоотой байна гэхээр миний л санаанд буудаггүй юм. Угаасаа би зурхай гэхээр зулайгаа маажиж хэлээ гаргадаг, бурхан гэхээр буруу харж нүдээ тас аньдаг этгээд л дээ. Тийм болохоор цагаан сарын өглөө хэн нэг мэдэмхийрэгчийн заавар дагуу шүдэнз зурж, мөчир хугалж, ална аварна гэж байгаа нь мэдэгдэхгүй маань тарни уншиж гороолонгуут тухайн жилдээ олз омог дүүрэн явж, од хийморьтой байна гэдэгт итгэдэггүй. Гэхдээ итгэдэг хүмүүс байх юм чааваас:
- PUZL аа, зурагтын хөтөлбөр дээрээс өнөөдөр үс засуулахад тохиромжтой эсэхийг хараад өгөөч.
- "Өнөөдөр үсээ авахуулвал өлбөрч үхнэ" гэж байна даа.
- Ай золиг гэж. Тэгвэл маргааш?
- Маргааш бол "эд мал арвидна" гэнэ.
- Аа ашгүй, тэгвэл маргааш л болохоос.
4 сэтгэгдэлтэй:
Whahaha Àéìààð øààñàí ø¿¿ àíäàà. ßëàíãóÿà "äàâõðàëäààä"ãýñýí ÷èíü.
Ýëýã ìèíü ¸î ¸î
Хэхэ, баярлалаа хөгшөөн. Элгээ бодож бай, найз минь. Их инээх чинь их уухаас ч уршигтай... худлаа худлаа, молхи андынх нь болхи бичлэгүүд таалагдсан бол болох нь тэр ээ.
наад зурхайд итгэдэг хүн чинь тэгээд энд тэндхийнхээ үсийг авахдаа бас зурхай хардаг гэнэ үү? хэхэ, би сахлаа хусахдаа л гэх гэсэн юм
Гилийн хатанд: Хаха, энд тэндэхийнхээ сахлыг гэнэ ээ?
Сэтгэгдлээ бичих