За мэдэж байна аа мэдэж байна, "зөв бичгийн наад захын дүрэм мэдэхгүй хэвтэж зүйр үг ишилж, цэцэрхэх санаатай" гэх гэж байгааг чинь. Хэргээр ийм гарчиг тавьчихаад байхад л хэлэхийн завдалгүй намба алдах юм аа та нар. За тэр ч яахав. Блогтоо бичлэг нэмье гэхээр бичих юм ч олдохгүй ойрдоо онцгүй байна аа. Тэгээд нүглийн нүдийг ямар гурилаар хууралтай нь биш, ганц онигоогоор хууръя за юу:
- Байна уу? Батаатай ярья.
- Аав гэртээ байхгүй байна.
- Аан. Аав нь гартай билүү?
- Гартай.
- Гар нь хэд билээ?
- Хоёр.
Онигоо мундсан биш, яг мэддэг онигоог нь олоод биччихсээн би аягүй бол. Яая гэхэв дүүрсэн хэрэг. Гэснээс нээрэн, дээхэн үед би энэ онигоог хуулийн чиглэлээр сурдаг танилууддаа ярьж өгөхгүй юу. Тэгсэн энэ хуулийнхан чинь хаашаа ч улсууд байдаг юм /Ахиж л би тэдэнд онигоо ярьж өгөхгүй дэг/ Ойлгосон шинж огт алга аа. Тэгээд зогсохгүй, хуулийнхан л болсон хойно буруутныг эрж хайхдаа бузгай улс, "энэхүү онигоон дээрх үл ойлголцол нь харилцагч хоёр этгээдийн хэнийх нь буруугаас болж үүссэн бэ? Баримтаар нотолж, жишээгээр тайлбарлана уу" гэлцээд багашаархан шүүх ажиллагаа болох шинжтэй шүү /Онигоо шүүж, онигоонд ордог хуульчид Монголоос л олдох байх даа чааваас/ Гарууд ч нэгэн дуугаар "гар утасны дугаар нь хэд билээ? гэж тодорхой асуугаагүй нэгдүгээр этгээдийн буруу" л гэж байна. Миний саналыг асуухаар нь би ч "адилхан л аавын хүүхдүүдийг ялгаад юүхэв, аль алинд нь л буруу бий биз" гээдэхлээ. Өнөөх хэд маань ч нүд нь томроод л "бяцхан охиныг сэжиглэх сэжүүр байгаа юм уу чамд?", "хөөрхийг хэлмэгдүүлээд байгаа юм биш үү чи?" гээд л шаагилдаад уналаа. Самбаа гаргаж ярианы сэдвийг өөрчлөн цаг агаар, нохой шувууны тухай яриагүй бол ч... Яагаад тэгж хариулсаныг минь гайхаж байна уу та нар? Яах юу байхав, "алтан дундаж"-ийг баримталдаг болоод л тэр шүү дээ. Ингэхэд энэ дундаж гээчийг "яг дундаж", "дув дундаж", "тэг дундаж" гэх зэргээр нэрлэчихэлгүй яагаад "алтан дундаж" гэх болсон талаар эргэцүүлж байв уу та нар ер нь? Ингээд нэг юм асуугаадахаар л "алтан" гэдэг нь хүндэтгэж байгаа хэрэг" энэ тэр гээд бэлхэн байгаа илхэн юман дээр мэдэмхийрдэг шүү тануус. "Алтан дунджийг алдахгүй баримтлаад явбал алзахгүй" гэж байгаамшд ер нь. Алзалгүй явуулаад байдаг эдээ алттай зүйрлэхгүй гээд ч яах вэ дээ. Дундаж бол ер нь юм юман дээр илрээд байдаг догь толгой мөн. Жишээ нь УИХ-н гишүүдийн яриаг зурагтаар чагнаадхаарай. "Оюутолгойн гэрээний талаарх таны байр суурь?", "Гахайн ханиадны гаралт, тархалтыг юу гэж бодож байна?" гэх мэт асуултуутад сайхан, бүдрэхгүй бүрхэг хариулна цаадуул чинь. Хүндхэн байдалд орохгүйн тулд хөнгөхөн бөөрөнхийлж байгаа нь тэр шүү дээ. За за, ингээд ярих юм дуусаад ирэхээр заавал улс төр лүү хадуурдаг лүд байгаам. Гэснээс, би хааяа боддог юм зүгээр. Далайн эрэгт очиж гэмээнэ тэгнэ дээ, байшин маань нураадахвал ингэнэ дээ гэхчлэн. Санаж явбал бүтнэ гээд л хэрэгтэй хэрэггүй юм бодно оо. Тэгээд сая УИХ, зурагтын яриа энэ тэр гэж байгаад "хэрвээ би сурвалжлагчид ярилцлага өгвөл..." гэж бодлоо. Царайлаг эмэгтэй сурвалжлагчтай бол найрал хөгжим шиг намуухан өнгөөр, найраг шүлэг шиг наалинхай урнаар ярилцаж гарна. Хэр баргийн царайтай байвал нь хэг ёг гээд дээрх онигооны охин шиг харьцах нь байнашд. Жишээ нь:
- Яриагаа таны бага наснаас эхлэе. Та багадаа ямар хүүхэд байваа?
- Жаахан хүүхэд л байсан даа.
- Багадаа ер нь юу хүсэж мөрөөддөг байв? Мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?
- Хуваахгүй ээ.
- За тэгвэл таны ирээдүйн талаар асууя. Ирээдүйн эхнэрээ ямар хүнээр төсөөлдөг вэ?
- Эмэгтэй.
0 сэтгэгдэлтэй:
Сэтгэгдлээ бичих