Wednesday, April 18, 2012

Гуравдахийн бичлэг

Өглөө сэрээд "Ёох, толгой хагарах нь ээ. Өчигдөр цэргийн баярыг арай л хэтрүүлээд тэмдэглэчихэж" хэмээн үглэтэл өвөө тэндээс "Хүү минь юу л яриад байна даа? Аль хэзээний цэргийн баяр?" гэж гайхсан байртай асуух нь тэр. Би ч гэсэн гайхаж, "Өнөөдөр чинь 3-р сарын 19 биз дээ? 2007 оны?" хэмээн асуугаад өвөөгийн хариуг хүлээлгүй ханан дахь хуанлиг хартал 2012 оны 4 сарын 18 гэж байх нь тэр! Амьдралын минь сүүлийн 5 жил... бүхэл бүтэн 5 жил ой санамжаас минь ор мөргүй арчигдсан байлаа! Нөхцөл байдлыг бүрэн ойлгож чадалгүй толгой эргэн, би дэмий л байдаг чадлаараа Үгүйээээээээээээээээээээ!!! хэмээн орилж...

За худлаа, худлаа. Толгой минь байрандаа, доторх ой санамж нь ч байдагтаа л байна аа. Тэгээд яагаад дэмий балай юм бичээд байгаам гэхлээр удаан уулзаагүй учраас бишүүрхэж гэрэвшиж магадгүй гэсэндээ хүүхдүүд та нарыг хөрсөнд нь дасгаж байна шүү дээ, хөрсөнд чинь дасгаж байна.
Гэснээс гарчиг хараад таанууд гурав дахь ерөнхийлөгчийн тухай бичих нь гэж бодуузай. Хэлтэй бүхэн нь тэр талаар ярьж, гартай болгон нь бичиж байхад би л дутах минь. Гэхдээ зүгээр сонирхуулж хэлэхэд тэр талбай дээр бужигнаж асан улс зурагтаар ярихдаа гуравдахь ерөнхийлөгчийг маань ингэлээ тэглээ гэж байснаа сүүлдээ "гуравдахь" гэдэг үг нь гээгдээд зүгээр л "ерөнхийлөгчийг маань барьчихлаа ш дээ", "ерөнхийлөгчөө гаргаж авцгаая л даа" гээд яваад өгнө лээ. Би будлиу хүн чинь тэрийг сонсоод "Арай муу Элбэгээг ч бас?" гээд шал хазгай юм бодож явсан шүү дээ. 
Ойрдоо дуулиан шуугиан ихтэй байгаа болохоор зурагтын мэдээ энээ тэрээг овоо тогтож үзээд байна. Өмнө нь зүгээр л хөөрхөн хөтлөгч гарах нь уу гэж л мэдээ хардаг байлаа шүү дээ. Тэгээд хүн чинь мэдээллийн хөтөлбөрөөс их юм мэдэж авдаг болохыг биеэрээ мэдэрлээ. Жишээ нь реклам зар сурталчилгааны nick name нь "бизнес мэдээ" юм гэдгийг мэдэж авлаа.
Сүүлийн үед хил гаалиар элдэв янзын зүйл орж ирж буй мэдээ байна. Тухайлбал оросын түймэр манай хойд хилээр орж ирсэн гэж байна. Хятадууд хааяа хилээ хаагаад Монголчуудыг оруулдаггүй шиг хилээ хаагаад л түймрийг оруулахгүй байж болдоггүй юм байх даа гэж бодож сууна, би. Тэрнээс гадна Германаас хэдэн минж ирсэн гэнэ. Усны инженерүүд юм гэнэ. Энэ зарим амьтад ийм сүрхий мэргэжил боловсролтой байх юм. Гэтэл манай найзынд байдаг мангар муурыг хар. Инженер хийх нь бүү хэл, идэхээс өөрийг мэддэггүй тэнэг амьтан шүү дээ. Хоолоо бэлдүүлнэ, баасаа цэвэрлүүлнэ тэр чинь. Муу найз минь муурныхаа эзэн нь биш, зарц нь юм шиг л үйлчлээд явдаг юм.
Аа харин надаар сонин юутай вэ гэвэл, зурагт компьютерээс хэт хараат байдгийн уршиг уу, хараа сүрхий муудаж байна. Ямар сайндаа зам гарч чадахгүй зогсох нэг өвгөн дээр очоод "Алив өвөө минь, би танд тусалъя" гэтэл өнөөх маань өвөө биш эмээ байсан болж таараад настай хүнийг тохуурхсан доромжилсон гээд намайгий чинь өчнөөн удаан загналаа. Би юу боллоо гэж хөгшин настныг доромжилж хүнээ байх билээ, хараа муугийн харгайгаар андуу харсан хэрэг шүү дээ.
"Ном бол ертөнцийг харах цонх" гэдэг ч чухам нүд л ертөнцийг харах... цонх гэх нь ч хаашаа юм, гэхдээ нүдгүй бол номыг ч, ертөнцийг ч ямар юмаараа харах билээ. Тиймээс нүдний шил авч зүүюү гэж бодох боллоо. Нүдний шил зүүх гэхээр санаа зовоосон асуудлууд бас их байна. Шил зүүчихээр Шурик, Харри Поттер эд нар шиг нунж дорой харагдах болов уу, тэрнээс болж хажуугийн орцны Халиунаа надад нүүр өгөхөө байчих болов уу. Байрны атаманууд намайг өөрсдийнхөө нэг гэж танихаа болиод барьж авч зодох гээд унах болов уу гэхчлэн.
Уг нь ч нүдний шил зүүчихээр худлаа үнэн ухаантай харагддаг юм шүү.

10 сэтгэгдэлтэй:

MRowan said...

Хаха сахилгагүй золиг шүү. Шил зүүгээд Шурик шиг биш юмаа гэхэд Харри Поттер шиг болчихвол Халиунаа чамд хэрэггүй, би шууд дурлана нтр гэж солиорвол яана. Нүдний шилтэй ухаантай хүнд дуртай хир нь өөрөө шил зүүж чаддаггүй сохолзоод яваа аргаа барсан хүн байнаа энд

bambus said...

чи шил зүүвэл Шурик шиг харагдаж сүйд болох байх.
Гэснээс Баазал чиний блог листийн доод талаасаа 3 дахь нь ажиллахаа байцийн байлээшд. Чи нэрийг нь солиод бамбус болгочилдооо. Надад бас реклам хэрэгтэй л бн шд :Р

Дэндэв said...

Ёоооё бас л нөгөө Оймсонбаярыг бичих нь гэж айлаашд. Тэгтэл ашгүй...

PUZL said...

МРованд: Хамаагүй шил зүүчихвэл хавийн хүүхнүүд ханараад хандраад байх болов уу гэсэн болгоомж бас байна.

Бамбүст: Нэг удаад нэг л хүсэл биелүүлнэ ээ. Тиймээс ажилладаггүй линкийг устгаад, ажилладгийг нь нэмчих гэсэн хоёр хүсэлтийн чинь эхнийхийг нь л биелүүлье... гэж мэгээд. Худлаа худлаа, блогспотод харин гого-ийн линк нэмж болдоггүй юм аа. Би бүр аль эртнээс л оролдож үзээд тусыг олоогүй.
Харин тэр шилтэй бол Шурик шиг харагдана гэдэг чинь шал худлаа. Тэгж яривал намайг нүдний шил зүүвэл хүмүүс хараад "Идэр Шварцнеггэр шиг яасан булиа залуу вэ" гэлцэнэ гэдэгт би бүрэн итгэлтэй байгаа. (Шил зүүхээр бадриун харагдана гэж яагаад бодоод байгаагаа мэдэхгүй байна. Гэхдээ л миний зөв гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна)

Дэндэвт: Хахаха. Оймс,салаавч, буйдан гэсэн үгнүүд л моодонд орж байна даа.

bambus said...

oo tegvel end nemegdehiin tuld blogoo solihoos. zalhuu huneer iluu yum hiilgeh geed bhiimaa :P

PUZL said...

Бамбүст: Хэхэ, төрхөмдөө буцаад банжигтаа очооч хө.

Anonymous said...

Нээрээ шил зүүчихвэл байрны чинь атаманууд ӨӨРСДИЙНХӨӨ нэг гэж танихаа болиод зодох биш ханд хаях юм биш үү анд мээн айн?

PUZL said...

Тэгвэл нь тусч сайхан сэтгэлээр "Эрхэм ээ, та хандаа хаячихлаа" гээд аваачиж өгнө.

ThinkBigger said...

Блогоо орхиж яваагүйд чинь баярлаж байна, сардаа нэг үзэгдээд эмэгтэйчүүдийг зовоогоод байвал... үгүй ээ сарын юм... биш ээ, за юу ч гэсэн энэ сарынх нь ирэх дөхөж байгаам шиг байна... :)

PUZL said...

Тинкбиггерт: Баярлаж байгаад чинь баярлаж байна :)
Сүүлдээ бүр сарын ганцаа ч ухамсраараа биччихгүй хэлүүлж чичлүүлж байж сая нэг юм сараачдаг боллоо шүү дээ. Муухай эвдэрч байна даа, энэ Паазл.

Сэтгэгдлээ бичих