Sunday, June 21, 2009

Найз гэж хэн юм бэ?

/Дотны андынхаа асуултын хариуд/
Хэн ч билээ дээ /барууны л болвуу/ нэг мэргэн сартваахи "Хайр дурлал гэж хоёр хүн өөд өөдөөсөө бус, нэгэн зүг рүү харахыг хэлнэ" хэмээсныг уншиж байсан юм. "Хоёр хүн нэг зүг рүү харна" гэдэг маань ухаандаа Дондог, Дулмаа хоёр хамтдаа баруун зүг рүү хараа бэлчээнэ гэсэн үг биш л дээ. Сэтгэл зүрх нь нэгэн ижил хэмнэлээр цохилж, нэгэн ижил зүг рүү тэмүүлэхийн нэр болой. "Надад нэр нь үл мэдэгдэгч"-ээс улбаатай дээрх онч мэргэн үгийг нөхөрлөл, найзын холбоонд ч бас нялзааж болмоор санагдаад байдгийм.
Тиймээс ч үүнийг бичигч бээр нэгэнтээ "Нөхөрлөл - ангид бие, адил сэтгэл" хэмээсэн удаатай. "Адил сэтгэл" гэдгийг адилхан ааш зан энэ тэртэй хутгаж хадуурав!!! /Зарим хүмүүс тэгдэг/ Анд нөхдийн бүү хэл амраг хосын ааш зан адил байх нь эргэлзээтэй.
Нэгтээ л найзын тухай яриа эхэлснийх өөрийнхөө нөхдийн тухай бичихгүй бол алдас болох биз. PUZL ер нь олон танилтай, цөөхөн найзтай. Тэдэн дундаасаа зовлон жаргалаа хуваалцаж ирсэн дотны нөхдөө тоолвол санаа зовмоор цөөхөн тоо гарах вий. Шат шатны боловсролын байгууллагаас шигшигдэж үлдсэн найзуудын маань зан чанар, ааш араншин нь бие биеэ давтсан нь даанч үгүй. Тухайлбал: Хөөр баясал бэлэглэдэг шогч шооч найз байхад, хөгжилдөх шалтгаан болдог онигооны обьект найз ч байна. Үгийг минь анхааран сонсдог эервүү найз байхад, үг бүрээс минь зөрдөг эсэргүү найз байна. Бүр хичнээн хичээгээд ч хэлсэн үгийг минь ойлгодоггүй эргүү найз бас байх. "Нөхөд гэдэг ч дээ, хаашаа ч улс юм дээ" гэж А.С.Пушкины бодлогоширсон нь аргагүй байгаа биз? За тэгээд бичээд байвал зөндөө үргэлжилнэ дээ, ухаантай ухаангүй, урагштай урагшгүй, ууртай уургүй, унжуургатай унжуургагүй /Ямар заваан юм бичдийм бэ гэж яг одоо өөрөө бодож байгаа байх. Унжуурга гэж эмэгтэй хүний ээмгийг хэлсэн учраас Ямар заваан юм боддийм бэ өөрөө!/
За тэгээд, ийм эрс тэс зан чанартай улсууд чинь дандаа нээг их эв түнжинтэй "наалдан пад" байгаад байхгүй л дээ. Үл ойлголцож ам мурийна, үг сөргөөцөлдөж нударга зөрүүлнэ хоорондоо. Гэлээ гээд ярваганаж шарваганаж тангараг тасрах нь үгүй. Учир нь бас нэг "нэр нь надад үл мэдэгдэгч"-ийн хэлсэнчлэн "Найз гэж зуун удаа муудалцавч, эргээд зуун удаа эвлэрч чаддаг хүмүүсийг хэлдгиймаа"

2 сэтгэгдэлтэй:

tomoroo said...

uuniig asuusanaaraa bi tuuniig ulam bur hurtsaljee gej.Neeree "hichneen hicheegeed ch helsen vgiig mine oilgoddoggui erguu naiz"-aasaa surag tasarchihlaa.(arai ch denduulchjee hogshoon)

PUZL said...

Хэхэ. Тэр найз чинь өнөө шөнө хөдөөнөөс орж ирэх ёстой. Ээлжит саатал нь болоод хойшлогдчихгүй л бол шүү дээ. Өрөөсөн нь хотод, ойрхон байгаа сурагтай, надад олдохгүй сар болж байна. Дэндүүлсэний хувьд, нээрэн тэгсэн байх.

Сэтгэгдлээ бичих