Saturday, June 27, 2009

Нэр

Монгол Хятадын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож, үндэсний телевизээр хятад сүүдэр ший гаргаж байна. Үндэс гарал нэгт өвөр Монгол ахан дүүс маань дуу оруулжээ. Энэ өвөрлөгчдийн яриа гэж ёстой элэг авна шүү. "Энэ төхөөрөмжийг хэрхэн үүдсэнээ ярь" гэж байна. "Хэрхэн зохион бүтээснээ ярь" гэсэн утгатай бололтой юм.
Бас "намайг хайрлаж байсанд талархахыг хүсье. Надтай хамтдаа амьдрахдаа дуртай хүнээ оллоо" ч гэх шиг. Тэгсэн уг киног бүтээхэд гар бие оролцсон нөхдийн нэрийг дурьдаж байнаа. Орчуулсан тэр, хянасан тэр, удирдсан /юуг удирдсаныг нь мэдэхгүй/ тэр гээд л. Тэгж тэгж байгаад дууны найруулагч Хүчин гэж авдаг байгаа. Чадал хүч гэсэн утгатай нэр болохыг шууд таамагласан боловч жигтэй хачин сонсогдсоныг нуугаад яах вэ. Ер нь аливаа улс орны хүмүүсийн нэр ус нь, тухайн улсын иргэдийнхээ аж байдал, ертөнцийг үзэх үзэлтэй нягт холбоотой байдгийг хэлэх нь илүүц биз. Медведев, Яблоков, Рыбаков гээд хэн хүний мэдэх орос нэрүүд үүний баталгаа. Япончуудын нэр алдрын тухайд бол, тариачин ардын онцлог ч гэх үү, байгаль дээрх эд юмсаар нэр хийх нь түгээмэл. Жишээ нь ихэнх япончуудын нэрэнд тариан талбай /田/, мод /木/, уул /山/, чулуу /石/, далай /海/, гол /川/, тосгон /村/, 4 улирал /春,夏,秋,冬/-ын ханз үсэг орсон байдаг гэвэл хэтрүүлсэн болохгүй. Монгол эхнэртэй Япон багш маань үрийн зулай үнэрлэн хүүтэй болж, шинэ хүндээ Монгол, япон хоёр нэр өгөхөөр шийджээ. Япон нэрийг ч аль хэдийн бодоод олчихсон гэхээр нь асуувал "Дайчи" гэлээ. /大地 - Дайчи нь монгол хэлэнд "их газар" гэж буух бөгөөд японы нутаг дэвсгэр тийм том биш гэдгийг анхаарна уу/. Багш маань, энэ нь япондоо бол их гоё, бэлэг дэмбэрэлтэй нэр болохыг хэлээд, харин хүүгийн нь Монгол нэр ямар байвал зүгээр вэ хэмээн надаас лавлав. Тэгэхээр нь би япон нэртэй нь ойролцоо дуудлагатай, тэгээд ч эрэгтэй хүүхдэд их тохирох учраас "Дайчин" гэвэл ямрав гэлээ. Утгыг нь ч тайлбарлаж өгөв. Тэгсэн багш нэлээн тээнэгэлзэж, "сургууль соёлд орохоор нь хүүхдүүд нэрээр нь шоолох юм биш биз?" гэж байна. Гоочлогдоод байх нэр биш ээ л гэлээ. Хэд хоногоос багштайгаа таараад, хүүдээ ямар нэр өгснийг асуувал "Тэнгис" гэж нэрлэсэн бөгөөд уг нэрэнд сэтгэл их хангалуун байгаа гэж билээ. Монголчууд бидний хувьд яахав цэцэг навч, нар сар орсон нэртэй хүн байдаг ч газар дэлхий, хавар намар болсон нэртэнтэй би л хувьдаа таарч байсангүй. Бас Монгол нэрний тухайд, ихээ билэгдлийн шинж чанартай нь анзаарагддаг: Амармэнд, Азжаргал, Бөхбат ч гэх шиг. Төмөр, Ган, Болд зэрэг нэрүүд ч бас нугаршгүй, хатууг билэгдэж байгаа хэрэг. Өөрийн минь нэрний талаар бол, өвөө минь надад хайрласан юм. Өвөө маань багадаа хүрээ хийдэд шавилж, тангад ном үзэж явсан толгой болохоор, миний нэрийг бас ч гэж учир жанцантай өгөө байлгүй гэж бодоод өнөөдөр асуулаа, өвөөгөөс. "Өвөө та ямар учраас надад энэ нэрийг хайрласан хэрэг вэ? Ямар нэгэн шалтгаан бий л байлгүй". Өвөөгийн хариулт товч бөгөөд тодорхой: "Ямар ч шалтгаан байхгүй".

4 сэтгэгдэлтэй:

tomor-oo said...

jishee awsan neren deer nziinhaa neriig oruulsand bayrlajiinoo gej haha.neeree jishee gesnees ter Yablokow gedeg neriig chine 10jiliin 1bagsh maani Alimjaw gej orchuulj bsaniig sanaj bnuu.ter l law oros helnii bagsh bish bsan gedgiig heleh ni iluuts biz

PUZL said...

Санахаар барах уу найз минь. Физикийн Энхтуяа багш тэгсэншд. Дараа нь хэн ч билээ, нэг баагий орос хэлний Цэнд-Аюуш багшаас нээрэн тэгж орчуулж болох уу гээд асуусан чинь Аюуш багш "хаанаас тийм юм байдийн" гээл уурлааүй юу. Дурсамж аа гэж.

Бүсгүй said...

чамайг Пүрэвдорж гэдэг юм шиг л санагдаад байна даа :)

PUZL said...

Хачин юм шүү. Надад ч гэсэн яг тэгж санагдаад байгаа :)

Сэтгэгдлээ бичих