Monday, September 28, 2009

"Сугадаа"

Тав зургаан жилийн өмнө, байрныхаа гадаа нарлажээ суутал гараа ардаа гавлуулсан эр ухаан зулаггүй гүйн өнгөрч, ардаас нь аахилж ядарсан нэг цагдаа "Наад хулгайчаа зогсоогоорой" хэмээн арай ядан хашгирч, алхах гүйх хоёрын завсар сажлан байж билээ. Би ч гэж би, шуудхан хүрч очоод л гэмтэн этгээдийг унагаж саатуулаад, цагдаагийн гарт хүлээлгэн өгч саваагүйтсэн сэн.
Тэгсэн бас нэг цагдаа нэмэгдэн хүрч иртэл өмнөх сульдаа цагдаа хэлж байна. "Энэ муу нусгай бацааныг байгаагүй бол ч гүйцэж барьж чадахгүй нь байна шүү". Эгдүүцмээр өөдгүй энэ үг иргэний үүргээ биелүүлсэний маань хариу байлаа.

Арван тав, зургаан жилийн өмнө жинхнээсээ "нусгай бацаан" байхдаа би цагдаа болохыг их л хүсэмжилдэг байлаа. За гагц би ч биш, эрэгтэй хүүхэд бүр цагдаа юм уу сансрын нисгэгч, охид болгон л эмч сувилагч болохыг хүсэмжилдэг байсан гэхэд хэтрүүлэг болохгүй байх. Ингэж мөрөөдөх болсон маань их энгийн зүйлээс улбаатай. Дүрэмт хувцас!!! Цагдаа хувцастай нөхөд туйлын сүрлэг харагддаг байсан хэрэг шүү дээ. Ямар ч эцэнхий туранхай, хорчгор үрчгэр, давжаа амьтан цэрэг, цагдаагийн дүрэмт хувцас өмсөөтхөж гэмээнэ амь ороод л ирдэг гэж байгаа. Одоо цагдаа болж байгаа хүүхдүүдийн багагүй хэсэг нь чухам энэ л шалтгаанаар мэргэжлээ сонгож байгаа гэдэгт би эргэлздэггүй. Дээр нь, төрийн хувцсаар дамжуулан багахан ч атугай эрх мэдэлтэй болох гэсэн тэнэгдүү хүсэл нэмэгдээд ирнэ.

Монгол оронд нэг цагдаад оногдох иргэдийн хэмжээ даруй ганц оронтой тоонд багтах болсон гээд байхад л үе үеийн цагдаагийн газрын дарга нар нь гэмт хэргийн гаралт өсөж байгаа талаар, цагдаагийн албаны хүн хүчийг улам нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа талаар халаглан бархирна. Хүн нэмэгдэхийн хэрээр улсаас энэ салбарт өгөх мөнгөний хэмжээ нэмэгддэг талаар, улмаар салбарын дарга даамлуудын нь идэж уух боломж бас ихэсдэг талаар бол би мэдэхгүй. Мэдэхгүй учраас энэ талаар бичихгүй. Харин тэдний хүчин чармайлтаар цагдаагийн албанд маш олон тооны боловсролтой боловсролгүй, бядтай бядгүй гээд эсэн бусын залуус (арай л сохор доголон биш) цагдан сэргийлэхийн албаны хүчийг зузаатган, элссээр байна. Яахав, сайн цагдаа олон буйг үгүйсгэхгүй ч саар нь тоймгүй их юм даг уу. Зодуураа хэтрүүлсэний улмаас цагдаагийн ажилтан, хүний аминд хүрсэн хэрэг нэг бус удаа гарлаа. Өдөр тутмын амьдралд ч төрийн хувцастнуудын увайгүй аашлахтай өргөн дэлгэр учрах болж, "миний цагдаа намайг хамгаална" гэдэг үг үлгэр мэт санагдах болов. Шөнийн дэлгүүрийн худалдагчид архидан согтууралтын эсрэг бахдам сайхан үг хэлж, торгууль тавьчихаад, хэдхэн хормын дараа эргэж орж ирээд сархад сураглаж гайхал төрүүлэх. Гэрийнхээ үүдэнд айраг ууж суухнээ, "наадах чинь цагаан идээ биш, согтууруулах ундаа" гэж ирээд, нийтийн газар архидсан хэрэг тулгах. Бүлтэйхэн хоёр эр хоорондоо зодолдож байхад хараагүй дүр эсгээд хажуугаар нь тойрч өнгөрөх. Хоёул гурвуулаа байж, гартаа гавтай хэрэгтнээ хөөж гүйцэхгүй хөглөж бусдын дэмжлэг хүсэх.

Цагдаагийн газрын дарга товарищууд, хүн нэмж элсүүлэх талаар уран донгодож байхаар, одоо байгаа хэдээ сургаж сайжруулж, шигшээд, ажил албандаа тэнцэхгүй "шаар"-нуудыг нь цэвэрлэж хаях талаар бодвол зүгээр юм сан. Цомхон хэрнээ чадварлаг гэсэн бүтэц зохион байгуулалт газар аваад байгааг хэлэх үү, нийгэмд нэмэр болохоосоо нэрмээс болсон дүрэмт хувцастай "амьгүй албатууд" энэ салбарт их бийг хэлэх үү...

Жавхаалаг цагдаа болох гэнэн мөрөөдөл маань харин жаргалтай бага настай минь хамт тэртээ хойно хоцорч үлдсэн дээ.

6 сэтгэгдэлтэй:

domgiin shuwuu said...

amriig erie nohor tsagdaa yamar hereg garaaw, ardaa mani chen ajiltai bna chuhal bish bol garaa aw, ai p**** tsamtsnaas tawiach mai g**** mini shanaa aw, ene ter gesen duu bdag bilu, chinii bichsen namaighurtslaad shuud zohiogood bnu gess haha...

PUZL said...

Төрийн минь сүлд өршөө, яалаа яалаа гэнэ ий? Энэ чинь дууны үг ч бай эсвэл чиний зохиол ч бай, улс нийгмийнхээ амгалан тайван байдлын төлөө унтах нойр, идэх хоол, амь бие юугаа умартан байж морь мал, илжиг луус лугаа идэвхийлэн зүтгэгч, баатар зоригт, бахдам хүчит, ариун явдалт, ачит "сугадаа" нарыг минь яаж ингэж увайгүй үгээр дайран доромжилж, ухаан санааг минь уймруулж зүрхэлвээ чи!!!

oldoshaksli said...

ugaasaad undaad dooguur duntei humuus tsagdaa boldog bolson tsag

PUZL said...

Ёстой ёстой, оюуны хүч багатай нөхөд л хүчний байгууллага руу хошуурцгаана ер нь.

TUXEDO said...

Öàãäàà áîëæ áàéãààä ÷àìàéã àëíàà ãýñýí ãºëºãí¿¿äèéã ìàðò÷èõëàà... àíäàà!!!

PUZL said...

Булхай болгоныг нь бичнэ гэвэл барагдахгүй их юм болно оо анд минь.

Сэтгэгдлээ бичих