Шавхлан ч гэнэ үү, Шавхагдсан ч гэнэ үү нэг эрийн паян л улс амьтны ярианы сэдэв болоод байна даа. Мань эр уул нь дуучин хүн. Нэлээн ч их дуулж, нэр алдартай ч болж, бүр одон тэмдэг хүртэл хэд гурвыг аваадхаж л дээ. Тэдгээр нь хангалтгүй санагдсан уу өнөөх маань "Төрийн ордонд төрийн дууллаа зөв өнгөөр дуулчихдаг хүн ганцын чинээ алга" гэдэг шалтгаанаар төр түшилцэхээр санаа шулуудсан гэх. Төрийнхөө төлөө төрийн дууллаа өнгө алдалгүй дуулах эх оронч эрмэлзлийг нь олон түмэн ойлгож хүчрээгүйн хүчинд авилгачид, архичид, бизнесмэнүүд, бөхчүүд гээд элдвийн амьтны цуглан хүрээлсэн тэр газарт эгээтэй л нэг дуучин нэмэгдчихэлгүй өнгөрсөн юм байх. Гэтэл саяхан "гавъяат" маань "Үнэ нь үү?" хавьцаа нэртэй тоок шоу /арай доог шоу гээгүй байгаа?/-нд оролцож хөгөө чирсэн юм гэнэ ээ.
За тэр ч надад юуны хамаа байж вэ. Гэснээс, золигийн хүмүүс байх юм аа нээрэн. Мөр зэрэгцэн хамтарч ажиллаж, гар нийлэн үйлсээ бүтээсний дараа "ажил хэрэг маань амжилттай бүтсэн нь дан ганц миний л хүч ээ" гэх юм уу "ажиллахыг нь би ажиллаж, аахилахыг нь PUZL аахилав" гээд жишим ч үгүй хэлээд л зогсож байх. Заавар зөвлөгөө хүсч шалдаг хүн хар заримдаа намайгаа сургаж байсан шиг л цуурч явах. Ололт, ялалт бүрийг өөртөө хамааруулж олны нүдэнд сүрхий мундаг, оройлон манлайлагч шиг харагдахыг хүсдэг бололтой юм аа зайлуул. А.Маслоу авгайн хэрэгцээний онолын 4-р шатлал буюу хүлээн зөвшөөрөгдөх, хүндлэгдэх хэрэгцээний бэлхэн жишээ, биежсэн хэлбэр нь л энэ байх даа гэмээр. Нэр хүнд, нэр алдар гэдэг надад бол хөндий хоосон, хөөцөлдөж гүйгээд баймгүй эд шиг л санагдаад байдаг юм. Даруухнаар өмнөх ажлаа хийчихээд, дотроо л өөрийгөө урамшуулж магтчихаад, амар жимэр ажин түжин суух л...
Надад харш гэдэг утгаар нь дооглож шоглоод байж болж байна уу даа гэхдээ. Хүний хэрэгцээ гэдэг чинь хүний л хэрэг шүү дээ эцсийн эцэст.
0 сэтгэгдэлтэй:
Сэтгэгдлээ бичих