Tuesday, November 10, 2009

Холимог хуурга шиг бичлэг

Иш чааваас, энэ өгсөн гарчиг сэлтийг нь хараад байгаарай таминь. Ойрдоо ухаан санаан дотор минь ухна ишиг унаадахсан аятай өөдгүй бодлууд л нэрж суух болов оо өгөр толгой PUZL. Гэвч, зэрэг нэмэхээсээ өмнө энэ гарчиг чинь бүр "холион бантан шиг бичлэг" гэж байсан юм шүү тэгж ярьвал.
Хатмал цөлд нэг панк нөхөр харангадах шахан явж байж эцсийн балга усаараа хоолойгоо чийглэлгүй үсээ норгодог тухай онигоог ерээд оны дундуур сонсож билээ. Яг түүн шиг явдал хэд хоногийн өмнө умгархан оромжинд маань өрнөв өө чи минь. "Сахил хүртсэн биш шал дордов" гэгчээр паараа засуултал "сайжирч засагдсан"паар нь 3 газраараа цоороод, цоорхойгоор нь ус шүүрээд сандраав шүү дээ. Би гэдэг хүн тэнд ч түмпэн тосоод, энд ч шалаа арчаад, тэвдэж усаа асгаад, мэгдэж тавилгаа зөөгөөд... Агшин бүртэй уралдан ажиллахуй өвөөгөө контор явахыг үүрэгдэв. Өөр хүн гэрт байгаагүй хэрэг. Өвөө ч шалавлах хэрэгтэйг ухаарч шурхийн том өрөө рүү орчихоод... гарч ирдэггүй. Том өрөөн дотор л түжигнээд яваад байгаа бололтой юм, би наана нь гал тогоонд устай тулалдаад л байлаа. Арваад минут өнгөрлөө, өвөө таг чиг. /Манай өвөө хар залуугийн л ганган сайхан эр - халхын хүүхнүүдийн сэтгэлийн гижиг явсан юм гэнэ билээ. Үүнийг байрны авгай нар ч нотолдог. Патиар зургууд нь ч гэрчилдэг ээ/. Тэгээд би аргаа бараад болж байна уу, яав аа ийв ээ гээд асуулаа, өвөө ч одоохон гарлаа гэж байна. Наашлах хөлийн чимээгээр нь эргэн харвал драпан пальтогоо өмсөж, каракулан малгайгаа духдуулж, гоёлын шилээ зүүчихсэн жигтэйхэн ганган өвгөн эгээ л хурим найр, хурал цуглаанд явах гэж буй аятай зогсож байх нь тэр ээ. Орон сууцны контор ойрхон л доо уул нь. Гэхдээ бусдад барагтайхан харагдсанд орвол байшингаа усанд үйлгэсэн нь дээр бололтой юм билээ манай хөгшний хувьд. Яг энэ үзэгдлийг чинь манай мэргэн ард аль эрт "сурсан занг сураар боож болдоггүй" гээд голыг нь олоод хэлчихсэн байгаа юм. Арай жаахан ариун цэвэрч бус хэлц бас байдаг нь "баас хатавч өмхийгөө тавихгүй". "Зохиогчгүй, зохиогч нь байхгүй мөртлөө хүмүүс дуулаал байдаг дуу" гэлээ гээч шиг эдгээрийг хэн зохиосон нь харин тодорхойгүй. Уул нь бол зүйр үг нэг бүрийнх нь цаана нэр нь үл мэдэгдэгч нууц ноёнтон байгаа л даа /гэснээс энэ "нууц ноёнтон" гэдэг үг Венесуэлийн олон ангит "Халтар царайт" кино гарсанаас хойш их хэрэглэгдэх болсон санагддаг юм. Стирлитагийн аав гээд нэг пад хар царайтай нөхрийг ингэж нэрлээд байдаггүй юу. Халтар царайт гэдэг хоч охинд нь биш эцэгт нь л зохихоор санагдаад болдоггүй юм өнөө хэр/ Бичгийн соёл гээч юм барагтайхан байсан манайхан ч яахав, нэг нөхөр сайхан тууль /домог, зүйр цэцэн үг, оньсого таавар, ертөнцийн гурав, ерөөл магтаал.../зохиогоод нөгөөдөө яриад өгчихнө. Өнөөх нь бас цааш нь дамжуулах гэхчлэн ам дамжсаар яваад хэчнээн ч он цаг улирсан юм бүү мэд, гэнэтхэн л энэ тууль /домог, зүйр цэцэн үг, оньсого таавар, ертөнцийн гурав, ерөөл магтаал.../-г ер нь хэн зохиосон юм бол оо гэсэн асуулттай тулгараа биз. Мэддэг хүн байхгүй, "би өвөөгөөсөө сонссон, өвөөд маань бас өвөө нь ярьж өгсөн гэсээн" гэсэн шүү л юм болоо байлгүй. Зохиогчийн нэр биш, зохиосон зохиол нь мөнхөрсөн байгаа биз? "Эд нь хэврэг, эзэн нь мөнх байг" гэдгийн яг эсрэгээр болоодохсон хэрэг. Мөнхрөх гэснээс чамгүй олон хүн түүхэнд нэрээ мөнхлөхийн хүслэн болж, арга чарга сэтгэн нойргүй хонодог сурагтай. Чухам ийм л зорилгод чиглэгдсэн сонин хачин үйлдэл сонорыг маань мялаах болсон нь эртнээс нааш аа. Дэлхийн хамгийн өндөр цэгт авирсан хүн байхад дэлхийн хамгийн өндөр хавцлаас "ниссэн" хүн чиг л байх юм. Олон цагаар озолцох гэхчлэн огтын гэмгүй үйлдэл зарим нь хийж байхад хорлонтой үзэж хохирол дагуулна зарим нь. Хорвоод хосгүй байгууламжийг нурам болтол нь галдсан этгээд, хорь гучаар нь хүний амь хөнөөсөн нүгэлт алуурчид "үеийн үед дуурсагдах гэсиймаа" гээд үнэхээрийн хэнэггүй өчиж байсан гэдээг. Ингэн барин түүхэнд мөнхрөх хэрэг байна уу даа ер нь айн? Тэгэхээр хүмүүст хэрхэн дуурсагдах талаараа эхлээд сайн бодож хөдлөх хэрэгтэй юм байгаамшд. Ухаандаа дэлхийн дээвэр дээр хөл тавьсан хүний тэсвэр тэвчээр, зориг самбааг хүмүүс бахдан шагшицгаах бол өндөр хавцлаас нисч үхсэн хүнийг төдий дайтай сайшаах уу даа? "Энэ бол дэлхийн хамгийн өндөр хавцал байгаа юм. Түүхэнд нэрээ дуурсгахын түүс болсон нэг эргүү эндээс унаж үхсэн юм гэнэ билээ" гэхээс хэтрэхгүй биз? Тиймийн учир нэг юм хэлье: Хүмүүст магтагдаж, дуурсагдахыг тэгж их хүсээд байвал ухаант хүн та ухамсартайхан хөдлөлгүй горьгүй. Архангайн Тайхар чулууг өнгө будгаар зурж болно. Харин Тайхар чулуун дээр өнгийн будгаар сараачиж болохгүй! Ердөө л энэ.

0 сэтгэгдэлтэй:

Сэтгэгдлээ бичих