Saturday, November 21, 2009

Төгөлдөршил

Энэ фашистууд чинь өөдгүй цуснууд байж шүү. Сая л мэдлээ. "Фашион" гэдэгтэй язгуур нэгтэй үг шиг болохоор нь би ч загварын талын улсуудаар л төсөөлж байлаа. Тэгсэн юу вэ, өөрснийхөөсөө ондоо үндэс язгуур, арьсны өнгийг хүлээн зөвшөөрөх нь бүү хэл, хүйс тэмтрэхээр шулуудсан балмад хогнууд байдаг байгаа.
Энэ муу фашизм, нацизм, Гитлер энэ тэрийн талаар мэддэг болсоноос хойш бас нэг юманд санаа зовох болов оо би гээч хүн. Ер нь ухаалаг болж төрөх их зовлонтой. Нэг зүйлийн нууцыг дөнгөж тайлаадахтай зэрэг, түүнтэй уялдаатай олон олон асуудлууд бодогдож сэтгэгдээд, учир нь ухагдаж ойлгогдоод байдаг юм. Эцэс төгсгөл гэж үгүй. Танин мэдэхүйн үйлээс болж энэ мэт тарчилж шаналдаггүй болохоор нь тэнэгүүдийн талаар "тэнэгийн дотор уужуу" гэлцдэг байх нь байна шүү /За тэр харав уу? Ингээд л шинэ нээлт хийгээд байдаг юм./
Байзаарай, ингэхэд юун тухай ярьж байлаа? Аа тийм фашизм, нацизмын талаар мэддэг болсоноос хойш "би өөрөө арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч биш байгаа?" гэж бодох боллоо. Ер нь ухаан сэтгэхүй дулимаг нөхөд л бусдын алдааг олж хараад байдаг болохоос бус өргөн мэдлэгтэй, өндөр боловсролтой гэхчлэн оюуны цараагаа хааш хааш нь "сунгачихсан" хүн бол над шиг чухам өөр дээрээ л дүгнэлт хийж, төгөлдөршөөд байдаг гэж байгаа юм. За за, биеэ магтаж баахан даруу бус загнаж орхилоо /даруу бус загнаснаа хүртэл өөрөө олоод мэдчихдэг би нээрэн агуу яа./
Миний бие хүмүүсийг арьсны өнгөөр нь нэрлэчихээд байдаг зуршилтай юм л даа. Шогч шоочдоо тэр биш ээ. Дэндүү мартамхай толгой минь эндүү санадаг юм хүний нэрийг. Нэгэнт нэрийг нь тогтоодоггүйгээс хойш дэрэн бор, дэрчгэр шар, гүргэр хар, чөргөр хөх гээд л нүүрнийх нь өнгөөр нүүлгэж орхидог байв шүү дээ, дуудаж барих болохоороо. Анхандаа болоод байна л гэж бодоод байлаа. Аа тэгтэл бас тийм биш юм аа, арьс өнгөөр ялгаварлагч шиг харагдахгүйн тулд "супер" байя гэж сэтгэх боллоо. "Хүн нэрээ, тогос өдөө" гэдэг дээ, энэ чинь. Хүний нэр тогтоодоггүй нь ч дүүрч,
-Танай ангид байсан нөгөө хэн нээрэн сайхан хүүхэн шүү тэ?
- Хэн бэ? Цэцгээ юу?
- Биш ээ, нөгөө хэн.
- Тодорхой хэлээч дээ. Уянгаа юу?
- Биш ээ нөгөөдөх нь. Нөгөө хар үстэй.
- Манай анги чинь 25 охинтой, 25-уулаа хар үстэй байсан ш дээ балай минь ээ!!!
- Яагаав дээ, нэг л онцгой нэг охин байгаагүй юу. Нэрийг нь мартчихжээ чааваас, ерөөсөө чи нэрсийг нь эхнээс нь хэлээд бай, тэгвэл санаж магадгүй... гэхчлэнгээр яриад явбал ойлголцолгүй л яав гэж. Супер байна шүү, супер байна.

0 сэтгэгдэлтэй:

Сэтгэгдлээ бичих