Wednesday, December 2, 2009

Өтөлж байна даа

За ёстой мордохын хазгай гэлээ гээч шиг яасан балай өдөр төрчихөж вэ би? Ядахнаа сар бүрийн эхний өдөр сархад наймаалахыг хориглочихсон байдаг. Доохтой, доогтой л юм боллоо доо.
Ер нь энэ төрсөн өдөр гээч чинь тэгж их тэмдэглэж барьж, баярлаж цовхчоод байх зүйл мөн үү дээ аа? Хөгширч байгаагийн л дохио шүү дээ. Гэснээс нээрэн муухай хөгширч байна аа. Сая л анзаарлаа. Юу юугүй сүүтэй цайнд шимтээд л... аа худлаа худлаа. Дандаа худлаа ярьж байх юм гэж үү? Зарим заримдаа эв эрүүл явж байдаг шигээ хааяа хааяахан хуудуугүй үнэн ярьдаг л биз дээ би! За тэр яах вэ, гол сэдэвтээ оръё. Өглөө гудамжаар алхаж байтал урдаас нэг өндөр залуу чиглээд ирж байна аа. Маанаг чинь өөдөөс харчихаад малийгаад л байх юм. Танихгүй хүн тан руу инээгээд байвал тохуурхаж байна л гэж бодно биз? Би ч "мулгуу минь, юундаа мушилзаад байгаа юм бэ" гэсэн байртай хараад л хажуугаар нь өнгөрөх гэтэл "Сайн уу PUZL ах аа?" гэнэ шүү лүд чинь. Би гаднаа "Сайн, чи сайн уу?" гэсэн хэрнээ дотроо бол "Хувхай барам чинь хэн гээч нь вэ дээ?". Өнөөх чинь өөрт нь нэр оноож чадахгүй байгааг минь анзаарсан бололтой нэрээ хэлж байна аа. Тэгсэн манай байранд байсан жаал байна билээ л дээ хөөрхий минь. Намайг жаахан байхад энэ бүүр жаахан байсан юм. Энүүгээр кино их яриулна аа. Овгор товгортоо бол биш ээ, мань хүн өөрөө үзсэн киногоо ярих их дуртай. Сайн ч ярина. "Тэгсэн чинь манай талын ах ингэж шанаадаад" гээд агаарт хий зангаснаа, "Гэтэл нөгөө муу дайсан чинь ингэж ойчоод" гээд л тэрий хадна. Ямар ч тэнэг хүн хараад ойлгохоор, киноныхоо үйлдэл болгоныг үйл хөдлөлөөрөө үзүүлнэ. "Цус нь ингэж садраад" гээд өөрийгөө хагалчих нь халаг байдаг сан. Гэтэл одоо ийм архайж тархайсан том эр болчихсон явдаг байгаа. Саваагүйтэж төрхгүйтсэн найзыгаа "90 оны нусгай шиг далдаганахаа болиоч дээ" гэдэг байсан чинь, 90 онд төрсөн жаалууд даруй 20 хүрэх гэж байна шүү дээ.

Ер нь эр хүн нас ахиад ирэхээр зэрэг зовлон, зовлого хоёр давхар нэмэгдээд байдаг бололтой юм. Хоёр дахь нь ч зайлуул холуур л өнгөрөөд байна. Харин нэг дэх нь ч ёстой хэцүүхэн учраа даа. Адаглаад л хараа, сонсгол энэ тэр хачин болоод ирж байна. Саяхан манайд холын хамаатан гээд нэг зүсийг нь ч харж байгаагүй нөхөр ирлээ. Том дээл, том малгай, том гэдэс, том дуу гээд "том"-гүй юм алга аа түүнд. Хамаатны "том" эр маань харин ихээ жижигхэн бодолтой хүн бололтой. Ярьж байгаа юм нь ердөө л гуталных нь угалзны тоо, дээлийнх нь торгоны хээ төдийхөн. Эдээр л биеэ чимсэн хүн юм даг уу. Тэгээд "том" эр том хөөрөг гаргаж ирээд тамхилав аа. "Миний энэ хөөргөнд Халхын баячуудын нүд унаад аа. Чулуу нь чүнчигноров юм" гэж байна. Би ч хөөргийг нь барьж байгаад "чимчигнүүр байхдаа ч яахав дээ" гээд л тавиад туучихсан. "Том" эрийн царай ч хөөрөгнийхөө шүрэн толгой шиг улайлгүй яав гэж. Сүүлд нь гэрийнхэн инээдээ барьж чадахгүй "Сайрхуу амтьныг ч чи нэг сайн чадлаа даа хүү минь" энэ тэр гэчихсэн, элэнцгийнх нь чадах байх вэ, хатуу чихтэй хүн хальт сонсож хөгөө чирж байхгүй юу. Хөгширнө гэдэг ч хүсэх юм биш байна хүүхдүүд минь. Мартаж санахын хувьд бол бүр мастер болсоон, буянаа бар гэж. Халуун залуу насанд бяр чадлаас их юмгүй, Хайдав гуай шиг галзуу барын аманд гараа хийхээс сийхгүй байсан бол одоо яаж байна? "Очир ах аа, миний бяр дуусчжээ".

6 сэтгэгдэлтэй:

Anonymous said...

Дажгүй шүү андаа,нээрээ л юм даа.
их инээлээ

PUZL said...

Баярлалаа хөгшөөн. Инээхээр юм болж чадсан байвал яамай даа.

tomoroo said...

neeree ene nas yawahaar sanaj setgeh ni hurtel bolhi bolchihiim.mani ch ochigdoriin yawdliig onoodor ni martaat oglooniihoo yawdliig oroi sanahaa bjiina shuu ain.yu bilee,hezee,haana yalaadaa uhaanii yum l yarianshuudee

PUZL said...

Миний муу найз бас тэгээд байгаа хэрэг үү? Ямар ч байсан ханьтай л юм байна /мангар тэнэг юман дээр хань татсан хаха/ Уул нь тархины дасгал масгал гээд элдэв зүйл байдаг л юм гэсэн, тархины хүчийг ихэсгэдэг. Тэрийг нь олж оролдъюу байз. /тархиараа туухай өргөж, гүйлтийн зам дээр харайдаггүй л байлгүй бодвол/

Бүсгүй said...

элэг авмар юм бичдэг хүүхэд вэ

PUZL said...

Хүүе яадаг билээ, хүний юм зөвшөөрөлгүй авдаггүй л юмсан :)

Сэтгэгдлээ бичих