Monday, December 7, 2009

Өдий том болчихоод үлгэрт итгэдэг, еэ еэ бөөвөө.

Энэ Гүндалай яагаад ийм томоотой болчихов? Их хурлын танхим дотроо эгээ л циркийн манеж дээрх дэггүй сармагчин шиг элдэвлэж байдаг сан.
"Найр алаг морины нь хойд хоёр хөлийг тас хянгардтал урд хоёр хөлөөрөө давхиад, урд хоёр хөлийг нь бас тасдтал цээжин биеэрээ давхиад" энэ тэр гэж гардаг нэг үлгэрийг мань Гүнээ гүнээ буруушааж "харгис хэрцгий, амьдралгүй үлгэр" гэж адласан байна билээ. Шантарч мятрашгүй, тууштай зоримог гээд сайн сайхан чанарыг олоод харчихдаггүй, хутган үймүүлэхийг л боддог хувхай барам шүү энэ ер нь. Ер нь "үлгэрээс сурах мэдэх юм их бий" гээд л өвөг дээдэс маань үлгэр зохиож, үе дамжин ярьж ирсэн буй за. Ухаантай улс чинь хүүхдээ хөгжүүлж, төлөвшүүлэхийн тулд сайхан үлгэр зохиогоод л ярьчихдаг байсан шиг байгаа юм. Зүй нь бол "Эрхий мэргэн" үлгэрт "долоон нар гараад..." гээд эрүүл хүний санаанд багтамгүй хийсвэрлэдэг ч цаагуураа бол хийрхүү бардамнал сайн юманд хүргэдэггүй, мөн эр хүн хэлсэндээ хүрдэг байх хэрэгтэй зэргийг сургасан байгаа юм. "Тэмээ буга хоёр" бол эрт цагт эвэртэй тэмээ байсан тухай өгүүлээд байгаа юм шиг хэрнээ, уг чанартаа аливаад ул суурьтай хандахгүй бол улс амьтанд мэхлэгдэж болзошгүйг анхааруулсан байдаг. "Болдоггүй бор өвгөн" харин ухаан сийрүү байх аваас мухардаж гацаанд оролгүйгээр асуудлыг амархан шийдэж болохыг бидэнд сануулдаг, түүнээс бус үлгэрийн гол утга санаа нь нисдэг бор морь байдаг байж болзошгүй тухай бол биш. "Үхэшгүй мөнхийн Кащейн амь нь зүүнд байдаг, зүү нь харин өндгөн дотор байдаг..." гэдэг Орос ардын үлгэрээс болж өндөг идэхээс жийрхдэг болсон хүн байдаггүйтэй адил, "үлгэрт гардаг шиг цээжээрээ давхихыг нь харъя" гээд амьтан барьж мөчлөөд байх будлиантай жаал Монголд Гүндалайгаас өөр байхгүй байх аа.

Багадаа би гэрийнхнээрээ үлгэр уншуулах нүгэлтэй дуртай байж билээ. Өөрөө уншиж сурмагцаа анхлан уншдаг байсан минь аанай л үлгэрийн ном байсан сан. Эхлээд Монгол ардын үлгэр, тэгээд Орос, Хятад, Польш үлгэрүүд гээд явж өгсөн дөө. Санаанд үлдсэн нь "Үүлэн бор" гэдэг Орос үлгэрийн эмхэтгэл байна. Тэр "Үүлэн бор"-ыг унших гэж их ажил байдаг сан /үүлэн борооны ажил биш шүү!/ "Наашаа харахад нь наад далайн загас жараахай тоологдом, цаашаа харахад нь цаад далайн загас жараахай тоологдом, үгээр хэлж үзгээр бичихийн аргагүй үзэсгэлэнт Василиса гүнж" энэ тэр гээд л. Надад бол тэр хүүхний хөөрхөн муухай нь нэг их сонин биш, илбэт цурхай Эмелья хүү хоёрын харилцан яриа, эсвэл эрэлхэг баатруудын тулаан мулаан л сонирхол татдаг байв. Ер нь тэр үед эсрэг хүйстнүүдээ их өөр өнцгөөс хардаг байжээ. Үеийн охидын үзэсгэлэн гоог сонжихтой манатай, үснээс нь зулгаах талаар л төлөвлөж суудаг сан. Найм, есөн настай л байсан байх, гэртээ байсан "үлгэр" гэсэн гарчигтай ямар л ном байна, бүгдийг нь уншиж дуусчихаад гэнэдэж нэг өдөр "1001 шөнийн үлгэр"-г бариад авсан. Эхний хуудаснаасаа авахуулаад л "тэгж ч нөхцөөд, ингэж ч хороогоод...". Шөнийн үлгэр гэдэг бол шөнийнх л байдаг юм билээ. Тэгээд унших үлгэр ч дуусч, хүн хард захидаг болтол ах маань хавтсан дээрээ "Ленин" гэсэн бичигтэй баахан бор боть руу заагаад "Жинхэнэ үлгэр чинь тэнд л бичээстэй бий дээ" гэж билээ. Тэр нь их олон боть оо, ядаж байхад. "Олон ном чинь дотроо олон л үлгэртэй байж таарна" ухааны юм бодоод нээгээд хартал балай чинь Орос хэл дээр бичигдсэн байдаг байгаа. Би ч эргэлзэлгүй Орос хэл сурахаар шийдсэн. Юуны төлөө? Үлгэр уншихын төлөө. Олон ч жил Орос хэл нухаж, үг яриа зүгшрээд иртэл үлгэр гэдэг сонин санагдахаа больчихсон байж билээ. Хэрэндээ л том болсон юм байлгүй. Гэтэл хачирхалтай нь надаас ч том, ахмад хүмүүс үлгэрт дуртай байж таарсан. 4 жилд нэг удаа олон арван үлгэрчийн "сонгууль" нэртэй сунгаа зохиогдож, улс түмэн хамгийн уран гайхалтай үлгэр ярьсан 76-г нь шалгаруулж байсан. Тэгээд үлгэр гэдгийг нь мэдсээр, сонссоор, сонгосоор байсан атлаа, сүүлд нь үлгэрийнх нь хэрэгжилтийг шаардаж, шаардлагагүй юм хийж байсан. Үлгэрчид чинь улстөрчид биш, тэд хийдэггүй хүүрнэдэг гэдгийг мэдмээр дээ уг нь.

2 сэтгэгдэлтэй:

Czuka said...

сонгуулийн зарим үлгэр ч xүн итгэx нь битгий xэл юм байxад xүмүүс итгээд байдаг сонин шүү. Итгэл xамгийн сүүлд үxдэг гэдэг шиг л зайлуул үнэн ч юм билүү гэж бодож явцгаадаг биз дээ.миний үлгэрт итгэдэг нас өнгөрсөөн тэгсэн xэрнээ xүүxэлдэй киноноос уйдаxгүй юм. болж өгвөл үзчиx гээд чичрээд дайраад байна шүү дээ кккккк

PUZL said...

Сонгогчид маань ядуу болохоороо л амлалтанд итгээд байдаг шиг санагддаг. Эд хөрөнгө тал дээр ч, ухамсрын хувьд ч "тарчигхан" болохоороо үлгэр амлалтанд үнэмшээд байдаг шиг ээ.

Хүүхэлдэйн кино ч давгүй шүү. Би бас хааяа хардаг л юм :)

Сэтгэгдлээ бичих