Friday, January 15, 2010

Залхуу хүрч эхлэх хүртэл зав гарган шивсэн бичлэг.

Хатаж хорчийсон би бээр
Харангадаж үхдэгийн даваан дээр
Хар ус уун тамшаалж
Хамаагүй тэнхрэн сэргэв... гэх мэтчилэн солгой PUZL толгой холбон цэцэлж болж л байна.
Цэцэн үг цээжинд, цэцэг ногоо ч цээжинд минь л байна аа /ногоотой хоол идсэн хэрэг/
Цээж гэснээс, эр хүний цээжинд эмээл хазаартай морь багтах ёсон байхгүйг батлан хэлж чадах байна, би. Нүгэлтэй их иддэг, нөхцөлгүй ховдог хүнийг харж л байлаа. Гэхдээ эмээлтэй морь иднэ гэдэг ч... /бүр эмээлтэй шүү!/
Тэгвэл энэ чинь юу юм гэж үү? Цэвэр хэтрүүлэг. Монголчууд уулаасаа давуулж хэтрүүлж, даваадуулж ярих дуртай улс байжээ. Үүсэл улбааг нь үлгэр туульс зохиогдож эхэлсэн тэртээх үеэс хайлтай. "Хүр хүр инээсэн Хүрзэн чинээ цагаан шүдтэй..." энэ тэр гэсэн эрүүл ухаанд багтамгүй жирийн бус зүйрлэлүүдийг жишээ болгон олноор хэлэхэд цөхөх юм алга.
Амьдрал ер нь их сонирхолтой эд юм: сонирхолтой учрал, сонирхол татам үйл явдал, сонирхууштай яриа хөөрөө гэхчлэн. Харин яриа хөөрөө нь явцгүй болоод ирмэгц хүмүүс түүндээ "амт оруулах"-ын тулд хачирлаж давсалдаг байнам. "Чемодан шиг том түрийвчиндээ чихэлдэж ядсан ногоон дэвсгэрттэй", "Чигчлүүр шиг туранхай юм байж чингэлэг шиг том авгайтай", "Уул шиг ханхар эр мөртлөө усан нүдлэх дуртайг нь ээ" гэх мэт тамтаггүй "давстай" яриаг та урьд нь сонсож байсан л байлгүй. Ерөөсөө энэ чинь хэлж буй үгний хүчийг нэмэгдүүлж, сүрийг бадраах арга юм. "Шүүгээ шиг бахим залуу өөрийг чинь шүдэнзний мод шиг хугачихаар зэхэж байна" гэвэл баргийн амьтан барьц алдаж таарна аа даа? Яг л үүн шиг, "эрт цагт Тэмүжин нөж атган төрж, эгэл бус хүн гэдгээ харуулжээ" ч гэдэг юм уу, "аюулын цөөхүүлээ байж, алалдахаар ирсэн 300 тайчуудын бодийг хөтөлсөн" гэх мэт дэгс ярианууд хэлбэр нь жаахан өөрчлөгдсөн үү гэхээс хэвээрээ шахуу манай үетэй золгосон байна л.
Энэхэн бие минь хүртэл ихэсгэл, хэтрүүлэг бүхий ийм ярианы золиос болж, хачин царайлж цочин барайж байсан удаатай. Хааяахан балгадаг хэрнээ "хар архичин чинь дандаа гударч явах юм аа" гэгдэн аашлуулж л байлаа. Үе үехэн хийсэн алдаанаасаа болж "үргэлжийн мөнхөд" алддаг гэмтэн шиг адлуулж ч явлаа...
За за энд хүрээд өндөрлөе, залхуу хүрээд болох юм биш.

4 сэтгэгдэлтэй:

Chestmir said...

Mori ni zugtaad, holoo neg negeer ni iduuleed suuldee tseejeeree ch yavj baih shig. Mongol ardiin ulger yer ni denduu getruulegtei. Chinii heleer maniust ulamjilj irsen ni unen. Hamgiin engiin jishee ni :
Sda, heden amisgaanuudtai alaltsaad gej yarival alatssan bish zugeer zodoldson gej oilgoh heregtei. Hariltsan biye biynee alaltssan bol erlegiin haandaa l yaridagguin bol yunii yaria hooroo gargaad suuj baih ve dee

PUZL said...

Хахаха, чухмаа чухам.

Melody said...

Нээрээ л чигчлүүр шиг байж чингэлэг шиг эхнэр аваад дэмий дээ хэ хэ

PUZL said...

Melody a.k.a Уянгаа багшид: Хайр дурлалд хязгаар байдаггүй гэнэм. Хөгшин залуу, сайхан муухай, өндөр нам, тарган туранхай гэдэг ойлголт хүчингүй юм биш үү? Харин хөрөнгө мөнгө л хайр хэмээгчийг хөшөөд байдаг бололтой юм билээ. Мөн лут хүч шүү, хайраас ч давж гардаг.

Сэтгэгдлээ бичих