Sunday, September 6, 2009
Family vs. Friends
Хүн л болсон юм хойно хааяа алжаал юугаа тайлж /алжааж ядрахаар их ажилласан юм шиг л/ анд нөхөдтэйгөө уулзаад, уулцаад явах үе тохиолдоно. Үйлэнд үр, үйлдэлд хариу байдаг юм хойно дураараа дургиж, дуусахгүй мэт наргиж асан мөч өнгөрч, дараа өдөр нь PUZL зараа залгичихсан хэвтэх нь олонтаа. Нанждаа эдлэн эвхэрч, намрын навч шиг хорчийж хэвтэхүй, хорвоод ганцхан ижий минь хоол болохгүй эрүүний шөлөөр дайлах нь үргэлж шахуу. Сул биетэй хэцүү байхад цул зэмлэл сонсох ч ямар олиг байхав, дайран дээр давс цацахтай л адил гэж мэд. Надад уурласан ээж тэгээд найз нарыг минь бас мартахгүй. Алаг үрийг нь уруу татаж, ам руу нь архи цутгасан аятай л юм бодно. Өөрийнхөө хүслээр, өөрийнхөө амаар уусымаа гээд мянга хэлээд нэмэргүй, "Гэхдээ л чи найзуудтайгаа уулзаагүй бол архи уухгүй байх байсан юм" гэнэ. /энэ харин хаа очиж үнэн шүү/.
Ер нь дан ганц миний ээж ч биш бүхий л хүн ойр дотныхныхоо алдаа гэмийн улбааг найз нөхдөөс нь эрж хайдаг зантай. Үнэн хэрэгтээ өнөөх хир халдаахгүй байгаа энхийн цагаан тагтаа шиг нөхөр нь гол хэргийн эзэн, хэнгэргийн дохиур байх жишээтэй. Манай нэг найзын охин дүү, ахыг нь сайхан амьдрахад садаа болж байна гээд өөр нэг найзыг маань утсаар учир начиргүй аашилсан л гэнэ, гэтэл манай 2 тааралдалгүй сар илүү болж байсан байгаа юм. Хааяа нэг багын найзындаа зочлохоор эгч нь хэнтэй ч юм дэмий тэнээд алга болсон дүүгээ надаас нэхэж сандаргана, гэр оронд нь хариулалгүй хамтдаа тэнээд байгаа гэж санаж л дээ намайг. Заримдаа найзын маань ээж над руу бачимдан утас цохиж "төдний өдөр хаана, хэнтэй байсан?" гээд л байцаана, манай сайн эр сарынхаа цалингаар шоудчихсан, эсвэл нүд амаа тэс цохиулчихсан болохоор хамт явсан ханилгаагүй нөхрийг нь илрүүлэх гэж байгаа нь тэр гэнэ. Өнөөдөр л гэхэд төрсөн өдөр нь болж буй найз руугаа утасдаж, баярын мэнд хүргэх гэтэл ав-гай нь утсыг нь аваад "нөхрөө та нартай яриулахгүй" гэж донгосч байна. Амар байна уу гэсэн биш гай болов. Хорь гарсан том эр хорьж цагдуулж амьдарч байгаа нь, авгайгаасаа айн бэмбэгнэж атганд нь орсон байна гэхээр хөх инээд минь хүрээд болох юм биш. За тэр ч яахав, хачин юм хаа сайгүй дэлгэрээд хачирхах нь өөрөө хачин санагддаг болсон цаг. Харин ажаад байхнээ, найзуудын маань эмээ, ээж, эгч, эхнэр, эмэгтэй дүү гээд дан эмэгтэйчүүд л биднийг загнаж, мундар хутгадаг юм байна. Ах нар нь, аавууд нь яах ч үгүй шүү. Цагтаа тэд ч бас шилэн бүрээ үлээдэг байсан болохоор ширүүлж уурлаж чаддаггүй байх гэж таамаглаж байна. Би хэрэвзээ хүүтэй болж гэмээнэ, халамцуу орж ирэхээр нь уурандаа "Би чиний насан дээр..." гэж айхтар чанга эхлээд, ахиж үргэлжлүүлж чадалгүй таг суух байхаа, төсөөлөхөд тийм байна.
Ангилал:
Тархины "нэрмэл"
6 сэтгэгдэлтэй:
хэхэхэ, "үгэн кунг-фу"-гаар айхтар нэгэний блог болтой :P
бусад нийтлэлүүдийг дараа завтай үедээ тухтай уншинаа, гоё блог байна.
Гялайлаа хө, орж гарч байгаарай. Гэснээс энэ "үгэн кунг-фу" гэдэг чинь харин аюулын үг байна шүү, хэхэ.
хэхэхэ, аанха, манай бас хэдэн найз байдгийн. оюутан байхад тэдэнтэй мөн ч их "кунг-фу"-далцдаг байжээ. монголчууд угаас их яруу шүлгийн зон олон юм :D
Чухмаа чухам, буянаа нэм гэж.
hehe ooriinhoo huselteer ooriinhoo amaar uusiimaa yu... ene oor ued sonswol law shan sonsogdohguee gesss...
nere ooriinh n huuhed buruugui yum shig l dairah uy ch bnaa bna, ooriinh n huuhed aldrai jaahan orooliin huuhed arhaij tarhaisan tom haragddag biz te? /huuhedte bj uzsen bish yaj medhew gesss / hehehe....
Донгийн шувууд: Ингэхэд чи хүүхэдтэй юм биш бээз? Айхтар сайн мэдэж байх чинь вээ (-_^)
Бас нэг зүйл: "hehe ooriinhoo huselteer ooriinhoo amaar uusiimaa yu... ene oor ued sonswol law shan sonsogdohguee gesss..." - Өчсөн үгийг минь өөр ямар үед сонсвол "лав сайхан санагдахгүй" гэж?
Сэтгэгдлээ бичих