Monday, March 29, 2010

Үргэлжлэл.

-За үндэсний телевизийн хөтөлбөр дуусчихлаа. Миний дүү сувгаа солиорой.
-Ёоё, дахиад л би солих юм уу?
-Шувууны бага нь жиргэдэг юм аа. Босч очоод зурагтын чих мушгиад л болчих юманд юун ч сүртэй юм бэ дээ.
-Тэгээд ямар суваг дээр тавих юм бэ?
-Оросын хоёр сувгийн аль нэгэн дээр нь л тавихгүй юу. Угаасаа гуравхан сувагтай юм байж...
Гэр оронд маань ийм яриа үнэхээр өрнөдөг байсан гэвэл одооны хүүхдүүдийн нүд нь орой дээрээ гарах байх даа. "Одооны хүүхдүүд" гэж надаас насаар дүү, мөн үе тэнгийн чацуутнуудаа ч хамруулж хэлээд байгаа юм. Хэхэ, өөрийнхөө хаалганд бөмбөг оруулчихдаг маанаг хөлбөмбөгчин шиг зан гаргасан уу би? За яамай яамай, гол юмандаа оръё. Энэ бичлэг маань ихээ дурсамжийн шинжтэй, түүхэн баримттай эд байх юм. Гэрэл зураг хүртэл түүх өгүүлдэг гээд байхад би юугаараа дутах билээ?

Тэгэхээр, намайг ухаан орох үед зурагт хэмээх шидэт хайрцаг хойморт маань хэдүйн залраастай байсан учраас өвөөгийнхөө танил шиг "жижигхэн л хайрцаг харагдах юм даа хүүхээ, дотор нь яасан олон хүн багтах юм бэ?" гэж гайхаж балмагдаж байсангүй. Түүнчлэн өсч өндийх насанд минь өнгөт зурагт өргөн хэрэглээ болчихоод байсан тул "хар-цагаанаар зүүдэлдэг минь хар зурагт үздэг байсантай л холбоотой байх" гээд Г.Аюурзана шиг барим тавим юм ярих үндэслэл байхгүй ээ, надад. Гэхдээ хар зурагт үзэж байсан уу гэвэл байсан. Түүгээрээ мэдээ үзэхээр хөтлөгчийнх нь толгой тархи яйжийж жайжийгаад, дуу нь жирэлзээ паргиа болж хувираад, жавтий хүртээхээс өөр замгүй болдогсон. Тэгээд л дээрээс нь хэд сайн түншээд өгөхөөр овоо хэдэн өдөр "томоотой" байна. Заавал зодуулж нүдүүлж байж ухаардаг нээрэн. Илжиг модон хударгандаа гэгч энэ буюу. Сүүлдээ бүр хичнээн балбаад ч заслыг олохоо больсон юм даг. Чихгүй толгой болсон! Гэхдээ ах маань энүүнээс арай шинжлэх ухаанчаар тайлбарлаж, моралийн элэгдэл ч билүү нэг юм яриад байсан, сайн санадаггүй ээ. Элэгдэж унагаах талаар бол яриагүй байх гэж таагаад байгаа.
Аа бас хэнээсээ ч сонслоо доо, зурагтын дэлгэцийг чийгтэй алчуураар арчих юм бол шатаж, тэсэрч дэлбэрдэг гэх ярианаас болж би зурагтынхаа тоосыг арчих явдлыг ихээ аз сорьсон, амь эрссэн ажил гэж боддог байж билээ. Өнөө хэр нь элдэв дэлгэцнээс дөлж явдаг минь үүнтэй холбоотой.
1998 онд билүү дээ, Монголд кабелийн телевиз байгуулагддаг чинь. Тэр цагаас эхлэн зурагтын урд уяатай юм шиг л суудаг болсонсон. Онигоон дээр гардаг шиг "орон тооны телевизор үзэгч" гэсэн мэргэжилтэй болохоо шахсан. Дөрвөлжин хайрцгийг дотны найз шигээ санах болсон. Хариуд нь тэр харааг минь муутгасан. Ханилгаагүй найз!
Одоо бол цаг ондоо болжээ. Арав хүрэхгүй жилийн өмнө би гээч хүн байрныхаа Батуухайгийнд /яагаав нөгөө дорой дуутай, бас приставктай/ байдаг шиг өнгөт, тэгээд бас алсаас удирддаг тусгай удирдлага бүхий зурагтын мөрөөсөл болж, "Том Жерри 2"-г өнгөтөөр нь үзэх гэнэхэн хүсэлд автан байв аа. Гэтэл өнөөдөр өнгөт мөн эсэх нь, удирлагатай юу үгүй юу гэдэг нь зурагтын гол үзүүлэлт биш болоод өчнөөн удаж байдаг. Саяхан л хавтгай дэлгэцтэй зурагт хуйлруулж байна гээд байсан. Гэтэл дараа нь бүр хавтгай дэлгэцэн зурагт бүтээгдээд, ханандаа зураг шиг хадчихдаг юм яригдсан. Юм хөгжинө өө гэж...
Үзэх юм ч өдрөөс өдөрт нэмэгдэж спортын тойм, мэдээллийн нэвтрүүлгүүд, солонгос савангийн дуурь, "Юниверс бэст сонгс" энэ тэрээс сонгож үзэх боломж бүрджээ.
"Юниверс бэст сонгс" гэснээс, саяхан хальт харлаа тэрийг чинь. Оролцогч залуу Япон хэлээр хангинуулна:
"Булшны минь өмнө чи битгий уйлаарай..."
Гэтэл ерөнхий шүүгч тэндээс "Чи наад дуугаа илүү цоглог дуул л даа" гэх нь тэр ээ.

4 сэтгэгдэлтэй:

gz said...

зурагтынхаа тоосыг арчих явдлыг ихээ аз сорьсон, амь эрссэн ажил гэж боддог байж билээ. and "Булшны минь өмнө чи битгий уйлаарай..."
Гэтэл ерөнхий шүүгч тэндээс "Чи наад дуугаа илүү цоглог дуул л даа" гэх нь тэр ээ. - хахахахахаха
би бас одоо хүртэл зурагтын дэлгэцийг ажиллаж байхад нь чийгтэй зүйлээр арчдаггүй

WRa!†H said...

kkkkkkkkkkkkk
универс бэст сонгс нь яасан инээдтэй ий
WAhAAhHHAHHAW

Бүсгүй said...

Хахаха, Унивэрс бэст сонг ёстой тас. Шилдэг онигоо болохоор болчиж. Бүүзал урьдаа данх цай тавьж байгаад хуучилж өгч дээ.

PUZL said...

ГЗ-д: Зүйтэй зүйтэй.

WRa!†H-д: Чухам аа чухам.

Бүс үгүйд: Ёстой ёстой.

Сэтгэгдлээ бичих