Monday, August 24, 2009

"Шүлэг минь, хүлэг минь..."


Бага ангид байхад багш нар бүтэн дэвтрийг дундуур нь хайчлуулж, "гэрийн даалгаврын дэвтэр" ч гэх шиг хачин дэмий юм болгох талаар лүндэнддэг байлаа. Тэд, гэрийн даалгаврыг хуваагаагүй бүтэн дэвтэр дээр хийж болдог талаар мэддэггүй байсан уу яасан, ямартай ч гаргасан мөнөөх шийдвэрийн нь үр дүнд бидний хэдэн сурагчид юунд ч ашиглаж болохооргүй тал дэвтрүүдтэй хоцордог байсан юм. Гуравдугаар ангид л байсан юмдаг уу, нэг тийм тал дэвтэр надад байлаа. Хэрхэн ашиглахаа мэдэхгүй бодлогоширч байснаа шүлэг бичихээр болвоо өнөөх дээрээ /мэдээж хэрэг тал дэвтэр дээрээ шүү/. Тэгээд өөрт минь л шүлэг шиг санагдаж байсан зүйлсийг дэвтэр дүүрэн дармалдаж орхив. Яг юу юуны талаар тэгж их бичсэнийгээ сайн санахгүй байна, юутай ч ээждээ зориулсан, найздаа зориулсан, эх орныхоо сайхан байгалийг дүрсэлж бичсэн шүлгэнцрүүд бол байсан. Тэгээд л (тал) дэвтэр дүүрэн шүлэг бичсэн нөхөр өөрийгөө их юм хийсэн шиг санаад л, шүлгийнхээ талаарх санаа оноог хэн нэгнээс сонсмоор санагдаад хамаатныхаа нэг том хүн дээр очсон юм. Томчууд хэзээ л хүүхдүүдийг ойлгодог байлаа даа. Сайхь том хүн ч хэлж байна: "Өө чи чинь Монголын хэдэн найрагчдын шүлэг зохиолыг л хуулаад биччихсэн байна шүү дээ. Балчир насанд ийм юм байдгымаа, эгч нь ч гэсэн багадаа хүний шүлгийг дуурайж палийлгаснаа өөрөө зохиосон аятай бодож л явлаа".
Урмын үг хүссэн намайг унтрааж орхисон, түүний үг. Тэгээд би өөрийгөө шүлэг зохиодог тийм нэг тусгай төрлийн авъяасгүй болохыг ухаараад, өнөө муу тал дэвтрээ жижиг хэсэг болтол нь урж хаяад, ахиж шүлэг бичихгүй гэж өөртөө ам өгсийм даа. Амласандаа ч хүрч ахиж шүлэг бичээгүй, харин өнөөх том хүнд би одоо хүртэл талархаж явдаг юм. Чухам тэр л хоосон магтаалаар худлаа хөөргөлгүй шүлэг туурвих ямар ч авъяасгүйг минь шударгаар нүүрэн дээр минь хэлээгүй бол, нүцгэн үнэнийг хэлж намайг хазаарлаагүй бол би гэдэг хүн өдийг хүртэл хичнээн их цаг хугацааг чадал минь хүрэхгүй зүйлийн араас хөөцөлдөж өнгөрөөх байсан бол?

0 сэтгэгдэлтэй:

Сэтгэгдлээ бичих