Wednesday, August 5, 2009

Ном дор мөргөмү. /үргэлжлэл/

1. Насаар эгчмэд нэгэн танил маань ажлаасаа халагдсан тухайгаа хуучилсан юм. Хувийн компанид оффисийн ажил хийдэг танилыг маань дарга нь түнш компани руугаа хүсэлт бичээд илгээгээтэх гэж л дээ. Хариуцлагатай албан бичиг бичих даалгавар авсан мань хүн ч хичээнгүйлэн бичиж дээ.
"...... компанийн захирал ...........-д хүсэлт гаргах нь. Сайн байна уу та? Ажил, амьдрал тань сайн биз дээ? Манай компанид тоног төхөөрөмж хэрэг болсон болохоор..."
Ийм "албархаг" үгтэй зурвас авсан түнш захирал ч уурандаа шатсан амьтан дарга руу нь утасдаж гэнэ. "Ямар мал шиг ажилтнуудтай юм бэ, танай байгууллага! Наашаа явуулсан бичгийг нь чи өөрөө нэг хар даа!"
Ингээд л ажлаасаа хусагдчихаж. Харин танил маань өөрийг нь халсан шалтгааныг ойлгоогүй хэвээр л байв.
"Би уг нь сайхан сэтгэгдэл төрүүлэх гэж л тэгээд бичцийн. Ажлаас халж малаал аймар сүртэй байгааз?"

2. Нилээн хэдэн сарын өмнө ажлын шаардлагаар UBS телевиз рүү орсон юм. "Universe Best Songs" тв нэвтрүүлгийн бүртгэл явагдаад телевиз хөл хөдөлгөөн ихтэй. Бүртгүүлэгсэд анкет бөглөж байнаа. Миний л үеийн бололтой нэг хүүхэн үүдний жижүүр өвгөжөөр эр дээр очоод,
- Ах аа, энэ анкетийг бөглөхөд минь туслаач. Ойлгогдохгүй зүйл их байх юм.
- За наана чинь ойлгогдохооргүй юу байдаг билээ?
- "Нийгмийн гарал" гэдэг дээр нь юу гэх вэ?
- Эцэг эхийнхээ нийгмийн байдлыг бичихгүй юу даа охин минь.
- Тэр чинь юу билээ?
- Танай аав ээж 2 чинь ямар ажил мэргэжилтэй юм бэ, хүүхээ?
- Аав цагдаагийн оффицер, ээж хувиараа.
- Тэгвэл ажилчин л гэж бичнэ дээ.
- Аа ойлголоо. Ах аа, энэ "нийгмийн байдал" гэдэг дээр нь юу гэж бичхэв?
- Өөрийнхөө нийгмийн бай... заза чи оюутан уу?
- Оюутан.
- Тэгвэл сэхээтэн л гэж бичихээс дээ. Ингэж хэлээд жижүүр ах хажууханд нь суух над руу харан ёжтойхон инээмсэглэж билээ.

3. Найзын минь найз гэх нэг нөхөр үгээр дайрч байнаа. Багаасаа гадаадад амьдарсан гэх тэр этгээд англи хэл зэрэг хэд хэдэн харь хэл зэгсэн сайн мэддэг нь анзаарагдав. Харилцах явцдаа би тэсгэлгүй "Чи яасан зусарч баагий вэ" гээд хэлчихлээ.
- Зусарч гэж юу гэсэн үг вэ?
- За болио! Харь хэлээр сайрхаад л байсан даг, эх хэлээ мэддэггүйм шив дээ.
- Хэхэ, гадаадад олон жил амьдарсийм чинь аргагүйшд. Өдий зэрэгтэй ярьж бичиж байгаа минь их юм.

Өгүүлэх нь: "Үндэсний тв, шугамын радио 2-оос өөр үзэж сонсох зүйлгүй байхад мэдээ мэдээллийг ном сэтгүүлээс л олж авдаг байлаа" гэж ах эгч нар минь ярьдаг сан. Үүнийг бичигч миний бие ч мөн номноос л өрнөдийн ковбойчууд, эрэлхэг индианчууд, эртний түүх хийгээд дайчин баатруудын тухай мэдэж авсан санагдана. Төдөлгүй кабелийн телевиз, фм радио, интернет компьютер - сатаарч шохоорхох зүйлс ихэссэн. Үүнтэй зэрэгцэн нэг үгийг хөгшчүүл болон хижээл насныхан байнга давтан хэлэх болсон: "Одооны залуус ном уншихаа байжээ". Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа хүүхдүүд 300, 400 хуудастай зузаан ном уншихаас Counter Strike тоглож, солонгос савангийн дуурь үзэж, хоорондоо мессэжээр харилцахыг илүүд үзэх нь аргагүй мэт. Гэхдээ л ном хэмээх хүн төрөлхтний аугаа ололтоос хөндий өсч, утга зохиолын "амт"-ыг төсөөлөх ч үгүй өнгөрч байгаад нь тэдний өмнөөс харамсах сэтгэл төрөх юм. Уул нь их уншдаг хүн бол өөрөө ч мэдэлгүйгээр боловсрон хөгжиж байдаг шиг санагддаг. Үр дүн нь алдаагүй зөв бичиж, уран сайхан ярьж буйгаар илэрнэ. Хэлний дүрэм эзэмшиж, үгийн баялагтай болж буй хэрэг л дээ. Гэтэл "одоогийн залуус"-ыг хараарай. Бичсэнийг нь харахаар 4-р ангиа ч төгсөөгүй болвуу гэмээр. "Биелсэн" гэхийг "бийлсэн" гэж бичдэг бакалаврын зэрэгтэй хүн байна цаана чинь. Тэгсэн хэрнээ гадаад дотоод үг хольж ярьж чамирхаад л. Монгол хэлээ дөмөгхөн сураагүй бол харь хэл хичнээн сайн сурсан байлаа гээд, гадаадаар гайхалтай сайхан дуулдаг байлаа гээд ямар хэрэгтэй юм бэ? Бичлэгийн эхэнд дурдаад өнгөрсөн залуус хэрвээ номтой нөхөрлөдөг сөн бол албан бичгийн болон захидал бичгийн найруулгыг ялгаж салгаж дөнгөх байсан юм. Анкетын асуултыг ойлголгүй маанагтаж бусдаас тусламж гуйх дээрээ тулахгүй байх байсан юм.

8 сэтгэгдэлтэй:

dream said...

Яг үнэн. Наад жишээнүүд чинь бас л "арай л" юмаа. Нийгмийн гарал гэж юу байдгийг мэдэхгүй хаагуур юугаа хийж явж байсан юм бол? За тэр баримт бичгийн тухайд бүр ярилтгүй хаха. Халаад сүртэй байгаа биз? байхдаа яахав дээ хаха. Халахаас өөр яах юм болж байна?
Арван жилд уг нь өргөдөл, хүсэлт хэрхэн бичих тухай монгол хэлний хичээл дээр их л заадаг байсан санагдах юм? Гэрийн даалгаварт өргөдөл бичиж ир гээд л хэлдэгсэн...

Ном унших тухайд миний эргэн тойрны хүмүүс лав их ном уншдаг хүмүүс байдаг. Их сургуулийнхан бол уншихгүй шүү хэхэ. Манай хэдэн найзууд, танилууд их уншдаг юм... Сайхан шүү дээ.

PUZL said...

Зүүд ээ, энэ жишээнүүд бол нэмэр хачиргүй яг болсон явдлууд байгаамаа. Залуус маань харин ийм л болчихоод байна шүү дээ. Ном унших сайхан байлгүй яахав. Уншиж буй зохиолдоо өөрөө яваад орчихсон юм шиг орчноосоо тасраад л хэхэ. Орчноосоо тасрах гэснээс намайг бага байхад, В.И.Ленин жоохон байхдаа бараан захын хажууд сууж ном уншдаг байсан гэдэг яриа байсаншд. Хажууд нь наймаачид хашхиралдаж, түмэн хүн хөлхөлдөж байхад Улъянов хүү анхаарлаа гойд сайн төвлөрүүлчихээд номоо уншаад л суугаад байдаг гэж. Үнэн юмуу үгүй юмуу бүү мэд, үлгэр дуурайл аваг гэсэндээ л ингэж ярьцгаадаг байсан байх. Харин хэн энэ тухай хэлдэг байсныг нь санахгүй байна. Багш нар маань ч тэгж ярьдаг байлуу, бага ангийн номон дээр ч бичээстэй байлуу.

domgiin shuwuu said...

ter anketen deer zaawal niigmiin garal gj bhaar "etseg eh chini yu hiidiin" ene ter geel asuuchihwal hen tegj ewgui baidald ordiin te hehehe

PUZL said...

Хэхэ. Харин тэгж баймааж нь арайхийж нэг юм ойлгох гээд байх шиг байгаам.

Anonymous said...

Үнэн зүйл бичжээ. Саяхан ажилд орох өргөдөл бичихдээ ээжээрээ алдаагаа хянуулаад сууж байлаа. Биднийг бага байхад Англи Хэлний хэрэгцээний талаар ярьж анхааруулсаар байгаад нээрээ л Англи Хэлгүй хүн хүн биш болох нь гээд... Тэгээд Монгол Хэлээ бол яахав дээ төрөлх хэл минь юм чинь гэж таахалзаад нэг мэдэхнээ эх сайхан хэлээ сайн мэддэггүй болчихсон байх юм даа. Монгол хэл маань ч гэсэн ялгаагүй хэл юм болохоор хичээл зүтгэл гарган байнга дасгал хийж байж л илүү мэргэшинэ гэдгийг хааяадаа орхигдуулаад байх шиг. Би ч л гэсэн тэр хүмүүсийн нэг болохоор инээх үү уйлах уу хоёрын дунд л энэхүү сэтгэгдлээ бичиж сууна даа.

PUZL said...

Анон-д: За наадах чинь суурь боловсрол тааруугийнх шүү дээ. Анх үзэж байхдаа л сайхан тогтоогоод авбал хичнээн амар байхав. Мэдлэг боловсрол ер нь хүнд гай болно гэж байхгүй. Үгүй ээ яахав, ихэнх тохиолдолд шүү дээ. Америкийн кинон дээрх дайсны талын баагий өрсөлдөгчөө шалавхан буудчихын оронд учиргүй урт яриа өрнүүлээд, булуу нь халж өөрөө яриандаа автаж байгаад наад хүндээ алуулчих тохиолдол бол гардаг. Энийг би хар багаас нь илтгэх урлаг энээ тэрээ заасны сөрөг нөлөө болов уу гэж харж байгаа гэссс хахаха.

Unknown said...

монголд нийгмийн гарал гээчийг 1920-д онд устгасан. угсаа залгамжилсан тохиолдолд нийгмийн гарал гэж байдаг.Энэ бол бургуутгаад байх асуудал биш. монголчууд аав ээж нь дээд сургууль төгссөн бол сэхээтэн гээд бдг. энэ бол нийгмийн гарал биш.нийгмийн гарал бол язгууртан ба харц гаралтай гэж бна.Гол нь удам дамжина тэр нь. дээд сургууль төгссөн малчин ямар нийгмийн гаралтай вэ гэхэд л ойлгомжгүй шүү дээ. Нийгмийн байдал ч гэсэн ойлгомжгүй дээ

koko said...

Энэ нийгмийн байдал гэдэг хэсгээ хасмаар юм. төгссөн сургууль ажлаа биччихсэн байхад л СССР гэдэг шиг байж л байх юм. Төрийн албан хаагчийн анкет гэдгийн анкетыг монголчилмоор юм

Сэтгэгдлээ бичих